О.Баасанхүү: Энэ УИХ-д Н.Энхбаяр даргын 47 дүү нь байна. Яахыг нь харъя
УИХ-ын гишүүн О.Баасанхүү
2016.11.08

О.Баасанхүү: Энэ УИХ-д Н.Энхбаяр даргын 47 дүү нь байна. Яахыг нь харъя

УИХ-ын гишүүн О.Баасанхүүтэй ярилцлаа.

-“Эрдэнэт” үйлдвэрийн 49 хувийг “Монголын зэс корпораци” авсан асуудал зөв, буруу гэсэн хэл ам дагуулж байна. Таны хувьд ямар байр суурьтай байгаа вэ?

“Эрдэнэт” үйлдвэр Монгол Улсын мэдэлд ирснээр манай орон гадаадын улсад ногдол ашиг өгөхөө больж байгаа нь их сайн. Миний харж байгаагаар тухайн үедээ энэ нөхцөл байдлыг ард түмэн огт мэдээгүйдээ шоконд орсон. Хэрвээ санаж байгаа бол зургадугаар сарын 28-нд хэвлэл мэдээлэл, сошиалаар ".Эрдэнэт"-ийг Хятадууд авлаа гэж шуугиж байсан.

Өөрөөр хэлбэл Хятад 98 хувийг нь эзэмшдэг Люксенбургт байдаг оффшор компани авчихлаа гэсэн фото зурагтай мэдээлэл фэйсбүүк, твиттерээр гарч байсан санагдаж байна. Тэгж шуугиулаад зарим нэгэн нөхөд албан тушаалд оччихоод байна шүү дээ. Одоо протоколыг харахад Монголын нэг компанид авсан байна. Худалдаа хөгжлийн банкны охин компани “Монголын зэс корпораци” гэдэг компани авчээ. Харин тэр компанид өгсөн нь буруу юу гэвэл буруу.

-Яагаад?

Монголын ард түмэн авмаар байна шүү дээ. Гэтэл одоо нэгэнт өгч, авалцаад дуусчихсан юм    чинь яах юм. 49 хувийг эд нар авсан нь буруу орж  болохгүй. Компанигай хүн хамгийн хямд, ашигтай, хялбар аргаар өмч олж авахын төлөө л явна биз дээ. Хамгийн том буруу нь тэр үед эрх барьж байсан  нөхдүүд, Засгийн газар, сайдууд, одоо УИХ-д сууж байгаа Д.Эрдэнэбат гэдэг нөхөрт байгаа.

Ч.Сайханбилэг, Л.Пүрэвсүрэн, Б.Болор гэдэг нөхдүүд ингэж болохгүй. Энгийнээр хэлэхэд та миний өмчийг харж байгаа гэж бодьё. Гэтэл та миний өмчийг өөр танихгүй хүнд аваачаад хамгийн хямдаар өгчихвөл яах вэ. Авсан хүнийг нь буруутгадаг юм уу. Зарсан хүнийг нь буруутгадаг юм уу. Өөрөөр хэлбэл Монгол Улс авах боломж байсан.

Би Хуульзүйн байнгын хорооны хурал дээр ‘Та нарт улс төрийн хариуцлага үүрүүлсэн. Одоо та нар хууль зүйн хариуцлага үүрэх ёстой” гэж хэлсэн. Эрдэнэтийн 49 хувийг хувийн компани авчихлаа гээд юм яриад байна. Авахгүй яах юм, тийм Ерөнхий сайдтай байсан юм чинь.

Буруу нь Ерөнхий сайдад байгаа. Жишээлбэл, хаалгаа түгжихгүй байвал хулгайч орж ирээд юм авчихаар хулгайчийг буруутгаад яах юм. Хулгайч биш чиний буруу ш дээ. Тэгэхээр түгжих үүргээ биелүүлээгүй хүнтэй эхлээд хариуцлага тооцно биз дээ. Тооцсоныхоо дараа цаашаа яв л даа. Тэгэхгүй бол эю чинь олон улсын гэрээ.

Өөр хэн нэгэн авах гэвэл 100 сая долларын торгуультай юм байна. Дээрээс нь дэлхий биднийг харж байна шүү дээ. Худалдаа хөгжлийн банк чинь “Блүүмбэрг” гэдэг телевизтэй. “Блүүмбэрг” чинь хувьцаа, хөрөнгийн зах зээлийн мэдээллийг гаргадаг топ телевиз. Тэгэхээр бид бүх юмыг хууль журмаар нь яваад шийдэх ёстой юм.

-Монгол Улс авах ямар боломж байсан гхк. Засгийн газар биш “Монголын зэс корпораци” компани хөөцөлдөөд авчихсан юм биш үү?

Хөөцөлдсөн үү, үгүй юу гэдэг хамаагүй. Асуудлын гол нь монголчуудаас асуусан байна шүү дээ. Танар үүнийг авах уу. Авахгүй бол бид өөр хүнд өгье. Биднээс авья гээд казакстанууд ч гуйж байна. Танай монгол ч гуйж байгаа. Алинд нь ч өгсөн болно, та нар өөрсдөө шийд л гэсэн байна шүү дээ. Тэгэхэд нь ямар хариу өгөх ёстой байсан бэ гэвэл “Бид УИХ-аасаа асуугаад төсөвт нь мөнгө төгрөг оруулбал оруулаад бонд босгоод эсвэл Монголын ард түмэндээ зарлаад авна” гэж хэлэх ёстой шүү дээ.

Цаг хугацаа байгаагүй гээд байх юм. Монголын төр мөнх биз дээ. Ардын нам, Ардчилсан нам гэдэг бол хэлбэр шүү дээ. Үндсэн хуулиараа төр нь байгаа бол цаг хугацаагаар хэмжигдэхгүй шүү дээ. Зургадугаар сард парламентийн сонгууль дуусч байна. Дараагийн парламент нь бүрдэнэ гэдэг чинь явдаг процесс үргэлжлээд явах ёстой шүү дээ. Тэгэхээр тийм буруу алдаатай юм хийсэн нь утгагүй байгаа.

Би парламентийн гишүүний хувьд ямар байр суурьтай байгаа вэ гэхээр одоо ингэж маргаад яах вэ. Буруу үйлдэл хийсэн хүмүүс хуулийн хариуцлага хүлээх ёстой. Хуйвалдсан бол хуулийн дагуу шалгаж тогтоогоод хувийн компанид хэт давуу эрх олгосон, Монголын төрд биш хувийн компанийн талд ажилласан гэдэг бол хууль хяналтын байгууллага шалгаж тогтоох ёстой.

Эцсийн эцэст Монголын ард түмэнд, ялангуяа Эрдэнэтийн иргэдэд ажлын байр нь баталгаатай байх ёстой. Монгол Улсад татвараа хууль ёсны дагуу өгдөг байх ёстой. Энэ компани өөрөө өр ширгүй байх хэрэгтэй. Хамгийн гол нь хэрвээ энэ үйлдвэр хаагдах юм бол хэн хариуцах юм. Үүргээ хүлээх ёстой ингэхийн тулд одоо хоёр асуудал байгаа.

Нэгдүгээрт, тухайн үед төр засгийн 51 хувийг хариуцаж байсан нөхдүүдэд хуулийн хариуцлага үүрүүл. Хоёрдугаарт нь одоо 51:49 байгааг хуулиар хамгаалж өгсөн УИХ-ын тогтоол гарах ёстой. УИХ- аас тогтоолыг нь би аравдугаар сарын 4-ний өдөр өргөн  барьчихсан.

Өөрөөр хэлбэл миний тогтоолыг батлах ёстой гээд байгаа юм. Ийм л байр суурьтай байна. Ардын нам ард түмэндээ хайртай бол миний хуулийг батлаад өгөөч ээ гээд л байгаа юм. УИХ-ын гишүүн өөр юу хийх юм бэ. Бид шүүх, прокурор, авлигатай тэмцэх газар биш. Тэгэхээр мафи уу, биш үү гэдгийг бид шүүдэг байгууллага биш. Үнэхээр нотолгоо байдаг бол цагдаа, тагнуулд нь өг.

УИХ-ын гишүүн бол ард түмнээ хамгаалахын төлөө эцэст нь тултал хуулиа батлаад энэ хуулийг хэрэгжүүлээч гэж шаардаад шахаад явах ёстой биз дээ. Тэгэхээр би хуулиа биччихсэн. Биччихсэн зүйлээ УИХ-ын Тамгын газарт хүргүүлсэн.

-51:49 хувийг хамгаална гэхээр яана гэсэн үг вэ?

51:49 хоёр нь нийлээд 100 хувь биз дээ. Тэгэхээр энэ компани монголын иргэдтэй, эрдэнэтчүүдтэй яаж ажиллах юм. Үүнийг хуульчилж өгье гээд байна шүү дээ. Эрдэнэтийн иргэдийн өмнө ямар үүрэг хүлээх юм. Энэ бол зүгээр нэг компани биш Эрдэнэт хотыг авч явах үүрэгтэй компани шүү. Монголын төрд татвар өгөх үүрэгтэйгээсээ илүү Эрдэнэт хотыг тэжээх үүрэгтэй компани юм.

Тэгэхээр үүнийг яах аргагүй хуульчлах хэрэгтэй гээд байгаа. Сонгуулийн өмнө Хятадын компанид “Эрдэнэт”-ийг өгөх гэж байна шуугиулаа биз дээ. Тэгээд ард түмэн Ардын намд л өгье гээд шийдсэн ш дээ. Бор халзан хонь дэвшүүлсэн ч гарна гэдэг шиг юм болоо биз дээ. Одоо 65 гишүүнтэй болсон ажлаа хий.

Юу хийх вэ гээд гайхаад байгаа байж магадгүй гээд би хуулийн төслийг нь өргөн бариад М.Энхболд даргад бичиг хүргүүлчихсэн байгаа шүү дээ. Миний хуулийг батлаад өг л дөө. Би Эрдэнэтийнхний төлөө хууль санаачлах ёстой. Одоо энэ хуулийг нь л батлаад өгчих. Ерөөсөө эцсийн эцэст асуудал нь эзэн нь хэн бэ гэдэгтээ биш ашиг нь ард түмэнд л байх ёстой.

-“Эрдэнэт”-ийг Монголдоо авчирсан нь гавьяа. Хулгай үүрэлсэн, шахааны бизнес ихтэй ямар байлаа. Хувьд очсон нь зөв гэсэн байр суурь ч илэрхийлж байгаа хүмүүс бий?

Уучлаарай. 1990 оноос хойш өнөөдрийг хүртэл “Эрдэнэт”-ийн өмчийг хулгайлсан хэргээр нэг ч хүн ял аваагүй. Улсын прокурорын газраас би лавлагаа авсан чинь 13 удаа хавтаст хэрэг нээгээд нэгэнд нь ч шүүхээр ял өгөөгүй. Тэгэхээр би хуульч хүний хувьд юу гэж ойлгох вэ гэхээр “Эрдэнэт”-д ямар ч хулгай зэлгий байгаагүй юм байна гэж ойлгоод байна шүү дээ. Яагаад гэвэл хуулинд шүүхээр гэм буруутай нь тогтоогдвол л гэмт хэрэг хийсэн гэж үздэг.

Миний нүдэн дээр хулгай хийж байна уу, үгүй юу хамаагүй. Шүүхээр ял авч байгаагүй гэхээр хуулийн байгууллага ажиллаагүй эсвэл ерөөсөө тэнд хулгай байхгүй гэсэн эхний дүгнэлт гарна. Тэр 49 хувийг ямар нэгэн арга хэрэглээд авчихаж. Түүнийг нь буруутгахаас илүүтэй тэр үед 51-ийн эзэн нь хэн байсан. Тэр эзэн нь яагаад юмаа алдсан юм бэ.

Түүнд ямар хариуцлага үүрүүлэх ёстой вэ гэдгээ ярьж шийдэж явах хэрэгтэй биз дээ. Алдааг нь хууль хяналтын байгууллагаар тогтоовол хоёр дахь яриа үүснэ. Ард түмэн Оросоос юмаа авсныг буруу гэхгүй байгаа. Гэхдээ бид хамт авья гэж байна. Та нар ганцхан компанид өгөөд байхдаа яадаг юм бусад компаниуд ч авья гээд байгаа юм.

-Аваад бусад компаниудад ч гэсэн хувь эзэмших эрхийг нь нээнэ гэвэл 100 сая долларын торгуультай биз дээ?

Асуудлын гол нь гэрээ хийх эрхийг хэн өгсөн юм.

-Засгийн газар уу?

Тэгэхээр тэд л буруутай биз дээ. Гэрээ хийхдээ өөрийнхөө өмчийг хамгаалсан нь тэр компанийн буруу гэж хэлэхэд хэцүү.

-Буруутай хүмүүсийг шийтгэлээ ч гэсэн “Эрдэнэт” үйлдвэр тэр компанидаа л үлдэх юм биш үү?

Улс төрийн шийдэл гэдэг чинь ийм аюултай байдаг. Бид хэнийг сонгох вэ гэдгээ хүмүүс ерөөсөө тоодоггүй. Жишээлбэл, буруу хүнийг сонгоод нөгөөх нь давхиж очоод Монгол Улсыг Хятад ч юм уу аль нэг оронд зарчихвал яах вэ. Тийм учраас бидний тэр сонголт хийнэ гэдэг хариуцлага байдаг юм аа.

Манайхан сонголтондоо хариуцлагагүй ханддагын бас нэг лай л даа. Би маш олон удаа хэлж байсан. Ч.Сайханбилэгээ чи огцрох ёстой. С.Баярцоггоо чи болих ёстой. Х.Тэмүүжин чи болохгүй байна. Хоёулаа сайхан мэтгэлцэе гэж байлаа. Би Оюутолгойн асуудлаар С.Ганбаатар явдаг шиг болох гээгүй шүү дээ. Зарим хүмүүс “С.Ганбаатар Оюутолгойгоор мэтгэлцээн хийсэн.

Сэдэв дууссан учраас О.Баасанхүү одоо Эрдэнэтээр мэтгэлцээн хийнэ гэж байна” гэж байсан. Гэхдээ үнэн байгаа биз дээ. Та нар хар л даа. Би УИХ-д орсон ч, ороогүй ч үүнийгээ л хэлэх байсан. Би 34 хууль санаачилсан. Найман хууль батлуулсан. 26 хууль үлдсэн. Тэр дотор миний яриад байгаа 51:49 хувийг хамгаалах хууль байгаа. Тэр хууль маань одоо энд бэлэн байна.

Миний хуулийг явуулаад өгөөч гэж гуйгаад байгаа юм. Би санаачлагчаасаа ч больж болно. О.Баасанхүү гэдэг хүний санаачлагаар эрдэнэтчүүд аврагдлаа гэхэд ичмээр байгаа бол яахав би больё. Тэр О.Содбилэг, Д.Дамба-Очир гээд Ардын намд нь өгчихье.

Тэд санаачлаг. Хамгийн гол нь УИХ- аас Эрдэнэтийнхнийг хамгаалсан хуулиа санаачлаад батлаад өгөөч ээ гээд байгаа юм. Хардах, сэрдэх биш үр дүн чухал. Нэг нөхөр өвчин тусчихвал яагаад тусчихсан юм, ямар учраас ийм болчихов гээд байх биш бушуухан эмчлэх хэрэгтэй байдагтай адил.

-Таны сонгогдсон тойргийн иргэд С.Зориг агсны амиа алдсан хэрэгт сэжиглэгдээд байгаа. Энэ асуудалд хэр анхаарал хандуулж байна?

Би Эрдэнэтийн 47 дугаар тойргоос гарсан. Энэ тойрогт Их залуу гэж баг байдаг. Их залуу багийн тодорхой иргэд маань үүнд нэр холбогдсон байна. Надад өргөдөл өгсөн. Өргөдөл өгөхөөр нь би албан ёсоор холбогдох газруудаар нь явсан. Улсын ерөнхий прокурортой очиж уулзсан. Уулзаад би байр сууриа хэлсэн. Мэдээж хуулийн байгууллага тодорхой асуудлаар хуулийн хүрээнд шалгах ёстой.

Хүн гүтгэж, хэлмэгдүүлж болохгүй. Янз бүрийн байдлаар эрүүдэн шүүж болохгүй. Хоёрдугаарт, манай тойргийн иргэдээс санал ирэх юм бол би тойргоос сонгогдсон гишүүн, өмгөөлөгч байсан хүний хувьд хөндлөнгийн байдлаар шүүх хуралд ормоор байна гэсэн. Ерөнхий прокурорын зүгээс прокурорын талаас бол боломжтой гэж хэлэхэд хэцүү байна. Яагаад гэвэл та байцаан шийтгэх хуулийн оролцогч биш.

Та өөрөө өмгөөлөгч байсан хүн ямар дэг, журмаар явдагыг нь мэднэ шүү дээ. Нууцын зэрэгтэй учраас хаалттай хуралдаан л болох байх. Гэхдээ би шүүгчдийн өмнөөс ямар шийдвэр өгөх биш. Та тэр үед нь шүүх рүү хандаарай л гэсэн. Хэрэгт сэжиглэгдсэн хүний ээж нь надад өргөдөл өгсөн. Манай хүү өмнө нь тодорхой мөнгөөр өмгөөлөгч авсан.

Одоо өмгөөлөгч нь ажиллаж чадахгүй байна, өөр өмгөөлөгч өгөөч гэсэн. Би цаазаар авах ялтай гэж хэлж болохоор хүнд бөгөөд онц хүнд хэрэгт сэжиглэгдэж байвал заавал өмгөөлөгчөөр хангах үүрэгтэй шүү. Нэг удаа өмгөөлөгчгүй байцаасан ямар нэгэн үйлдэл гаргуулж болохгүй шүү л гэсэн.

-Улс төрийн аллагыг сүүлдээ малчин, тогооч энгийн хүмүүст тохоод өнгөрөх нь ээ гэсэн яриа гараад байгаа. Хувь хүнийхээ зүгээс хэрхэн харж байна вэ?

Эмч хүн дээр очоод толгой өвдөөд байна надад нэг эм өгөөч гээд хэлдэг байх. Тэгэхээр нөгөөх нь биеийг нь үзээгүй мөртлөө тэр эмийг аваад уучих гэдэг. Түүн шиг манайхан та УИХ-ын гишүүн юм чинь. үүн дээр дүгнэлт гарга гэдэгтэй адилхан яриад байгаа юм. Би өмгөөлөгч, хуульч байсан хүн. Одоо би төрийн хууль тогтоох байгууллагын хүн.

Хавтаст хэргийг нь үзээгүй байж анализ дүгнэлт хийх ямар ч боломж байхгүй. Ядаж хавтаст хэргийг нь үзсэн бол ярьж болно. Гэтэл би зүгээр л нэг хууль тогтоогч хүн шүү дээ. Би юу бодож байна гэхээр миний сонгогч бол миний иргэн гэсэн үг. Тэд өөрсдийнхөө оронд намайг энд суулгасан. Тэнд хоригдож байгаа хүн намайг энд суулгаж байгаа.

Тэдний аав, ээж, танил найз нөхөд, таних танихгүй бүх хүмүүс намайг энд суулгаж байгаа. Тийм учраас би яг өөрийнхөө хүүхдийг ийм юманд орчихвол яах уу гэдэг шиг санаа үнэхээр зовж байна. Гэхдээ миний эрх өөрөө хязгаарлагдмал. Тиймээс аргаа бараад ерөнхий прокурор дээр очоод шүүх хуралд нь сууя гэж яриад байгаа юм. Ийм л байна.

-МАХН-ын дарга Н.Энхбаярын асуудал одоо юу болж байна вэ?

Тэртэй, тэргүй МАН-ын 65 гишүүний 47 нь Н.Энхбаяр даргын дүү нар. Нөгөө З.Баянсэлэнгэ, О.Баасанхүү, Б.Тулга, Э.Эрдэнэжамьян гэдэг шиг дүү нар нь энд сууж байгаа. Та нар сайн танихгүй байх л даа. Туслах нь байсан Архангайгаас дэвшсэн Ё.Баатарбилэг энд байж байна.

Хуулийн зөвлөх нь байсан Хууль зүйн байнгын хорооны Ш.Раднаасэд гээд байна. Энэ мэтчилэн 47 хүн даргыгаа яахаа одоо өөрсдөө шийдэг. Би ганцаараа байна. Надаас асуугаад байх юм. Цайг нь зөөгөөд явж байсан, хамтдаа компани байгуулаад явж байсан энэ хүмүүсээс та нар яагаад асуудаггүй юм бэ.

-Намд нь байгаа хүн нь та шүү дээ?

Тэд нар ч намдаа л байж байгаа. Яг нарийндаа ярих юм бол бид чинь нэг угшилтай шүү дээ. Манай дэд дарга байсан Д.Тэрбишдагва Их хуралд байна. Манай намаас томилогдож Сангийн сайд байсан Ч.Улаан энд байж байна.

Хамтдаа улс төр, бизнес хийж зовохдоо зовж, баярлахдаа баярлаж өвдөхөд нь хамт байсан улсууд маань Монгол Улсын Ерөнхийлөгч байсан хүнээ хоёр дахь удаагаа шорон руу илгээх эр зориг байна уу, үгүй юу би мэдэхгүй. Хэрвээ тийм байвал энэ 65 гишүүн их хүн муутай. Н.Энхбаяр даргыг өмгөөлж хамгаалья гэвэл би юу ч хийж чадахгүй. Энэ 65 бол бүх юмыг хийж чадна. Тэр дотроо энэ 47 бүгдийг хийж чадна.

-Холбоотой 47 хүн байгаа гэхээр их нарийн тоолсон юм шиг санагдаж байна?

Би нэг, хоёр, гурав гээд 47 хүнийг бүгдийг нь нэрлэлтэй биш дээ. Холбоотой байтугай ах дүү шиг нь байсан хүмүүс. Хуучин бол АН- ынхан эрх барьчихаад манангийн бүлэглэлтэй нийлээд хэлмэгдүүлэх гээд зовоогоод байсан бол одоо бүх эрх мэдэл Ардын нам дээр ирсэн. Ард түмэн чинь Н.Энхбаяр даргад хайртай.

Тийм учраас эрх мэдлийг Ардын нам, Хувьсгалт намын нэгэнд л өгье гэсэн байхгүй юу. Тэгсэн чинь манай намын ихэнх лидерүүд нь “Ардын намд өг бид ийшээ орлоо” гээд орчихсон юм. Тэгэхээр бас ард түмэн Н.Энхбаяр даргыг бодоод Ардын намыг ялуулсан. Энэ муу АН- ынхан, Ерөнхийлөгч хэн байдаг юм Н.Энхбаяр даргыг хэлмэгдүүлчих вий гэж айгаад хөөрхий зайлуулыг нэгмөсөн аварья гэсэн шүү дээ. Одоо дүү нарыг нь харья.

-Ерөнхийлөгчийн сонгуульд танай намаас өрсөлдөх хүн хэн байх бол?

Зургаан хүн байгаа. Одоо яригдаад байгаа АН, МАН-ын хэдэн хүнээс хамаагүй илүү. Би тэр хүн гэж байгаа юм биш. Зөндөө л хүн байна шүү дээ. Жишээлбэл, Лувсангийн Эрдэнэчулуун гээд миний нэг хуурай ах байна. Гадаад хэргийн сайд байсан. НҮБ-д сууж байлаа. Энэ хэдтэй өрсөлдвөл бөхөөр ярих юм бол нам унагаана даа. Лувсан гуай гэж хэн бэ. Монгол Улсын тусгаар тоггоол энэ бүхнийг хийсэн Юмжаагийн Цэдэнбалаас дутахааргүй том эрх мэдэлтэй дипломатч хүн.

Гурван үеэрээ дипломатч байсан төр нийгмийн зүтгэлтэн Л.Эрдэнэчулуун гэдэг хүн байна. Хиллари Клинтон хэрвээ АНУ-ын Ерөнхийлөгч болох юм бол хамгийн ойрхон ажиллаж чадах хүн. Гэх мэтчилэн гээд зургаан хүн байна. Би эрт хэлээд, зарлаад яах юм. Хэлчихвэл гүтгэж, харлуулаад манайхан их зовлонтой шүү дээ.

Жишээлбэл, М.Энхболд дарга, Р.Амаржаргал нар Л.Эрдэнэчулуун гуайтай өрсөлдвөл ард түмэн алийг нь сонгох бол. Муу нэргүй, төрд их юм хийсэн, түмэн олонд танигдсан. Энэ хүн дэвшинэ гэж байгаа юм биш шүү. Өөртөө нь ч яриагүй. Монголын хувь заяа бас хазайчихаагүй шүү дээ. МАХН-аас зөндөө хүн байгаа. Ард түмэн нүдтэй, ухаантай шүү.