Д.Эрдэнэбат: Энэ бол зөвхөн төмөр зам, эдийн засаг, Н.Батбаяр сайдыг огцруулах тухай асуудал биш
УИХ-ын гишүүн, Ардчилсан намын бүлгийн дарга Д.Эрдэнэбат
2014.07.01

Д.Эрдэнэбат: Энэ бол зөвхөн төмөр зам, эдийн засаг, Н.Батбаяр сайдыг огцруулах тухай асуудал биш

УИХ-ын гишүүн, Ардчилсан намын бүлгийн дарга Д.Эрдэнэбаттай цаг үеийн асуудлаар ярилцав.

-Улсын их хурал Төмөр замын тээвэрлэлтийн тогтоолын төслийг хэлэлцэж байна. Ардчилсан намын бүлэг ямар байр суурьтай байгаа вэ?

Монгол улс төмөр замын талаар баримтлах бодлогыг баталчихсан. Ардчидлсан нам өөрийхөө шийдвэрийг гаргасан. Үүнтэй нийцүүлж их хуралд тээвэрлэлтийн тогтоолын төслийг оруулж ирсэн гэж ойлгож байгаа.

Гэхдээ бид сүүлийн үед явж байгаа мэдээллүүд үндэсний эрх ашиг, үндэсний аюулгүй байдал, ард түмний эв нэгдэлд хэр зэрэг нөлөөлөл үзүүлж байна гэдгийг заавал бодолцож үзэх учиртай.

Хоёрдугаарт уул уурхайгаас 90 хувийн хараат улс болсон учраас бүх экспортоо урд хөрш рүү гаргаж байгаа урдаас валют орж ирж байна. Борлуулалт хийхийн тулд худалдан авагч талтайгаа харилцан ойлголцох нь зайлшгүй.

-Гэхдээ таны хэлснээр хараат байгаад байх уу. Гуравдагч зах зээлийг хайх хэрэгтэй биш гэж үү?

Нөгөө өнцгөөс харахад зөвхөн нэг талтай харилцаад байх уу, гуравдагч зах зээл дээр борлуулах нөхцөл бололцоогоо хайх уу гэдэгт заавал төрийн бодлого явах ёстой. Тийм учраас далайд гарцгүй манай орны хувьд бусад зах зээл рүү яаж харьцах вэ гэдэг нь хоёр хөршөөс хамаарч байгаа юм. Тэдний л нутгаар дайрна шүү дээ.

Солонгос, Япон зэрэг улс маш том нүүрсний хэрэгцээтэй. Тэд боловсруулсан нүүрс худалдаж авах сонирхолтой. Тэгэхээр тэдэнтэй худалдаа хийе гэхээр Орос, хятадын боомтоор дамжуулах нь зайлшгүй учир төмөр замын тээвэрлэлтийн тогтоолыг оруулж ирсэн.

-Энэ нь юу гэсэн үг вэ?

Гуравдагч оронд борлуулахын тулд төмөр зам тавих асуудлыг яаж гаргах вэ гэдэг асуудлыг тавьж байна. Мөн хөршүүдийн талаас санал тавьж байгаа учраас аль алийг нь харгалзаж үзэх ёстой. Бид нар шийдэгдэх ёстой гээд ард түмэндээ зөв ойлголт өгөхгүй бол болохгүй. Гэхдээ хэт нэг талыг барьсан, ард түмний эв нэгдлийг хагалсан биш нухацтай байх ёстой.

Энэ хаврын чуулганаар хэлэлцэх ёстой байсан чухал хуулиуд бүгд хойшиллоо. Үндэсний эв нэгдлийн асуудал нэн тэргүүнийх байх ёстой. Ардчилсан нам төрийн эрх барьж байгаагийн хувьд маш олон зүйл дээр нухацтай хандах ёстой.

Асуудлыг багцаар нь авч шийдэх ёстой. Энэ бол зөвхөн төмөр замын асуудал биш, эдийн засгийн асуудал биш, Н.Батбаяр сайдыг огцруулах тухай асуудал биш.

Ярилцсанд баярлалаа