Хар энергитэй хүнтэй хэрүүл хийх сонирхол алга
Хүн амын хөгжил нийгмийн хамгааллын сайд С.Эрдэнэ С1 телевизийн “Цензургүй яриа” нэвтрүүлэгт оролцох үеэрээ нийтлэлч Б.Баабар ажилласан жилээ нэмэгдүүлж улсын мөнгийг шамшигдуулсан гэсэн баримт, фактуудыг дэлгэсэн. Үүний хариуд нийтлэлч Б.Батбаяр буюу Баабар өөрийн байр сууриа илэрхийлсэн юм. АН-аар “овоглосон” эрхмүүдийн маргаан олон нийтийн дунд дуулиан болж байна. Б.Баабар саяхан хэвлэлд өгсөн ярилцлагадаа ”Орцны үүдэнд зогсож байгаад их л сайндаа хутгална биз. Би хангалттай урт насалсан” гэж мэдэгдсэн. Тиймээс энэ асуудлаар Хүн амын хөгжил нийгмийн хамгааллын сайд С.Эрдэнээс тодрууллаа.
-Нийтлэлч Баабар гуай та хоёрын харилцаа тийм ч таатай биш байгаа нь олон нийтийн мэдээллийн хэрэгслээс харагдаж байна. Саяхан нийтлэлч Б.Баабар ”Орцны үүдэнд зогсож байгаад хутгална биз. Би хангалттай урт насалсан” гэж мэдэгдлээ. Та яагаад Б.Баабар нийтлэлчтэй дайсагнаад байгаа юм бэ?
- Б.Баабар бол хууль бус үйлдэл хийчихээд түүнийгээ цайруулах гэж ядаж байна. Надад хэн нэгэн Баабар байна уу ,Батбаяр байна уу хүнтэй маргалдаад, хэрүүл хийгээд байх сонирхол алга. Баабарын оролцсон нэвтрүүлгийг би үзсэн. ТҮЦ машинаас мэдээлэл гаргаад “ТҮЦ машин дээр мэдээлэл байхгүй байна. Ингээд хуурамчаар хийдэг байхгүй юу” гэх мэтийн юм ярьж байна лээ. Гэтэл түүний хууль бус үйлдлийг баталсан баримт мэдээллийн сан, архивт бүртгэлтэй байгаа. Энэ хүн өөрөө мэддэггүй юм уу, эсвэл мэдсэн ч ийм тэнэг үйлдэл хиймээргүй л юм. Их л ухаантай гэж өөрийгөө ярьдаг хүн шүү дээ. Үүнээс гадна Бат-Эрдэнийн Батбаяр гэдэг 1981 онд төрсөн хүн дээр өөрийнхөө регистрийг давхардуулаад хуурамчаар бичилт хийлгэсэн нь үнэн. Тэр бичилт нь хасагдаагүй, ТҮЦ машин дотор хэвээрээ байна лээ. Мөн “Эрдэс Колдинг” компанийн Пунцаг гэдэг хүний нэр дээр давхардуулж бичүүлээд, хуурамчаар тэтгэвэр тогтоолгосон.
-Наад мэдээллийг чинь өөрөө үгүйсгээд байгаа шүү дээ?
-Энэ ажлыг хийж өгсөн н.Уранцэцэг гэдэг байцаагч өөр хүний код ашиглаж ороод, холбогдох мэдээллийг арилгасан байна лээ. Уранцэцэгийн нөхрийнх нь дансаар мөнгө шилжүүлсэн, мөнгийг нь авч хувааж идсэн, уусан бүх баримтууд нь байгаа. Хоёрдугаарт, Баабар гэдэг хүн намайг хаана, хэнийг хутгалж байхыг харсан юм. Хэнийг зодож байхыг харсан юм. Би тийм хүн биш шүү дээ. Намайг олон түмэн мэднэ. Би хэлэх гэсэн үгээ хэнд ч хэлнэ. Надад хэн нэгнээс айгаад эмээгээд байх зүйл алга. Харин хэн дуртай амтай болгонд нь доромжлуулж чадахгүй. Увайгүй хонзогнуур тийм хүнтэй би зууралдаад яах вэ дээ.
-Б.Баабар гуай та хоёрт хувийн ямар нэгэн өс хонзон байхгүй биз дээ?
-Би олон нялх нойтон хүүхэдтэй хүн. Монгол хүн хэрүүл уруул, заваан хэл амнаас хол байхыг хичээдэг. Тиймээс миний хувьд бол заваан, хар энергитэй хүнтэй хэрүүл хийх сонирхол алга. Хэн нэгэн хүнийг улс төрийн зорилгоор гутаах гээд дайраад довтлоод байгаа асуудал бол явууртай зүйл биш. Сонгууль дөхөж байгаа гээд хорлож байгаа юм байлгүй. Би хэн нэгний мууг үзэх гэж явдаг хүн биш.
Гэхдээ нэгэнт улсын байцаагч шалгаад тогтоогоод гаргаад ирчихсэн асуудал учраас хуурамч тэтгэвэр тогтоолгосон, авлига өгсөн асуудлуудыг холбогдох байгууллагаар шалгуулна. Би Баабарыг тэг ингэ гэж тусгай үүрэг өгөөгүй. Угаасаа манай дотоодын хяналт, шалгалтаар гараад ирчихсэн асуудал. Миний хувьд энэ хэл ам, хэрүүл тэмцэлд оролцох сонирхол алга. Хоёрдугаарт Баабарын яриад байгаа шиг Нийгмийн даатгалын сангаас идсэн, уусан асуудал байвал Баабар нотлоно биз. Нотолж чадахгүй бол хүн гүтгэсэн хариуцлагаа хүлээнэ биз.