Албан журмын даатгалын төлбөрийг нэмэх санал гаргав
2016.09.21

Албан журмын даатгалын төлбөрийг нэмэх санал гаргав

Өчигдөр Төрийн ордонд болсон уулзалтын үеэр даатгалын салбарынхан Ерөнхий сайдад хүсэлт тавив. Тэд даатгалын салбарыг бодлогоор дэмжихийг хүссэн юм.

Даатгалын тухай хуулийг шинэчлэх шаардлагатайг ч онцлов. Олон улсад даатгалын салбар ердийн, амьдралын гэсэн хоёр төрлөөр хөгжиж байна. Гэтэл манай улсад амьдралын даатгал сул хөгжилтэй байна. Ялангуяа ахмадуудад энэ даатгал ихээхэн үр ашигтай боловч манай улсад амь насаа даатгадаг соёл хэвшээгүй. Зөвхөн алдартнууд л амь насаа даатгуулдаг, амиа даатгах нь муу ёр гэх мэт буруу ойлголттой байдаг аж.

Бусад орнуудад амьдралын даатгалын санг хөрөнгө оруулалтын чиглэлээр  ашиглаж байна.

Албан журмын даатгал даатгалаас бүрддэг нийт орлогын 25 хувийг бүрдүүлдэг. Энэ даатгалын төлбөрийг нэмэх нь зөв гэж Даатгагчдын холбоо үзэж байна.

2015 онд Албан журмын даатгалын холбооны гишүүн 15 компани нийт 524 мянган жолоочтой гэрээ байгуулжээ.

Хураамжийн нийт орлого нь 22.4 тэрбум төгрөгт хүрч, 14.4 тэрбум төгрөгийг нөхөн төлбөрт төлсөн байна. Албан журмын даатгалыг төлөхдөө жолооч өөрийн туршлагыг харгалзан, жилд 33 эсвэл 66 мянган төгрөгийн хураамж төлдөг. Даатгалын хэмжээг нэмэх бол заавал хуульд өөрчлөлт оруулах шаардлагатай.      

Даатгалын салбар өндөр хөгжсөн орнуудад энэ салбар ДНБ-ий 5 хувийг эзэлж байгаа бол манай улсад энэ үзүүлэлт 0.54 хувь байна.

Харин Ерөнхий сайд өнгөрсөн онд ашигтай ажилласан хоёр л салбар байгаа нь банк, даатгал байгааг онцолсон юм.