Дунд хэмжээний банк дампуурахад 1.1 их наяд төгрөг хэрэгтэй ч одоогоор 205 тэрбум төгрөг төвлөрөөд байна
Банкны салбарыг хямралаас сэргийлж, санхүүгийн зах зээлийн тогтвортой байдлыг хангах үүднээс 2008 онд баталсан “Банкин дахь мөнгөн хадгаламжинд баталгаа гаргах тухай” хуулийн дагуу банкин дахь мөнгөн хадгаламжинд төрөөс гаргасан баталгааны хугацаа 2012 оны арваннэгдүгээр сард дууссан тул банкин дахь хадгаламжийг хамгаалах эрх зүйн зохицуулалт бий болох шаардлага тулгараад байсан.
2013 оны нэгдүгээр сард “Банкин дахь мөнгөн хадгаламжийн даатгалын тухай” хууль батлагдсанаар 2008-2012 оны хооронд төрөөс гаргасан батлагааны үйлчлэл дуусахад гарч болзошгүй банк санхүүгийн салбарын хүндрэлээс сэргийлж, цаашлаад харилцагчдын банкинд итгэх итгэлийг бэхжүүлэхэд эерэгээр нөлөөлсөн.
Мөн хадгаламжийн даатгалын тогтолцоо нь банкин дахь харилцах хадгаламжийн 20 хүртэлх сая төгрөгийг даатгадаг, банкуудаас төвлөрүүлсэн хураамжаар сан бүрдүүлдэг тул төрөөс 100 хувь батлан дааж, улсын төсөвт учирч болзошгүй санхүүгийн эрсдлийг бууруулсан.
Энэ хууль хэрэгжиж эхэлснээр Хадгаламжийн даатгалын корпораци нь даатгалын хураамжийг төвлөрүүлэн сан бүрдүүлэх, банк дампуурсан тохиолдолд хадгаламжийн даатгалын сангаас банкны харилцагчдад даатгалын нөхөн олговор олгох, сангийн хөрөнгийг хуульд заасны дагуу удирдах гол чиг үүрэгтэй ажиллаж байна. Тэгвэл тус корпорацийн холбогдох мэргэжилтнүүдээс дараах асуултаар тодруулга авлаа.
Арилжааны банкуудаас жил хэдий хэмжээний хураамж татан төвлөрүүлдэг вэ?
2015 оны эцсийн байдлаар, банкны системийн хэмжээнд нийт 14 арилжааны банк үйл ажиллагаа явуулж байна.
...Хадгаламжийн Даатгалын Корпораци 2013 оноос үйл ажиллагаагаа явуулж эхэлснээс хойш 2015 оны эцсийн байдлаар нийт 79,7 тэрбум төгрөгийн даатгалын хураамжийн орлогыг татан төвлөрүүлсэн байна...
Хадгаламжийн даатгалын Үндэсний хорооноос 2015 оны 2-р улирлын эцэс хүртэл улирлын хураамжийн хувийг системийн нөлөө бүхий банк болон бусад банк гэсэн 2 шатлалтайгаар ялгавартай тооцож байсан бол 2015 оны 3–р улирлаас эхлэн бүх гишүүн банкуудад ижил хувиар тооцдог болсон.
Хадгаламжийн даатгалын санд одоогийн байдлаар хэдий хэмжээний хөрөнгө төвлөрч байна?Хуульд заасан санхүүгийн эх үүсвэрээр сангийн хөрөнгөө нэмэх боломж хэр байна?
Хадгаламжийн даатгалын корпорацийн хөрөнгө оруулалтын бодлогыг 2014 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн Үндэсний хорооны 17 тоот тогтоолоор батлуулсан.
..."Аюулгүй байх" зарчмыг баримтлал болгон Хөрөнгө оруулалтын бодлогод 90-ээс багагүй хувийг Засгийн газрын болон Төв банкны үнэт цаасанд, 5-аас илүүгүй хувийг бусад хэлбэрээр байршуулахаар заасан бөгөөд 2015 оны хөрөнгө оруулалтын багцын 99.8 хувийг ЗГҮЦ болон ТБҮЦ-нд байршуулсан байна...
Санд Засгийн газар, Төв банкнаас эхлэлтийн хөрөнгө болгон нэг удаа тус бүр 50 тэрбум төгрөг өгнө. Харин Сангийн хөрөнгө хүрэлцэхгүй болсон тохиолдолд онцгой хураамж авах, Засгийн газар, Төв банк болон ОУ-ын санхүүгийн байгууллагуудаас зээл, тусламж авах, мөн корпораци бие даан бонд гаргах эрх нь нээлттэй.
Арилжааны банк татан буугдлаа гэхэд харилцагчдад даатгалын нөхөн төлбөр олгоход хэр хүрэлцээтэй байна?Банкууд дампуурах, татан буугдах эрсдэл хэр байна?
Олон улсад сангийн хүрэлцээтэй хэмжээ гэдгийг дунд хэмжээний банк дампуурахад түүний бүх хадгаламж эзэмшигчдэд нөхөн төлбөр олгож чадахуйц хэмжээний хөрөнгөтэй болохыг хэлдэг.
Банкны системийг бүрдүүлж буй арилжааны 14 банкны бүтцээс харахад банкны системийн даатгагдах харилцах, хадгаламжийн 94% нь нөлөө бүхий 6 банкинд төвлөрсөн байна. Тэр дундаа 2 том, 4 дунд хэмжээний банк, үлдсэн банкууд нь хэт жижиг байна. Энэ төвлөрөл нь даатгагдсан харилцах, хадгаламжийн системд эзлэх хувийг өсгөж байна.
Хадгаламжийн даатгалын тухай хуулийн 13.8-д сангийн зорилтот түвшинг нийт даатгагдах хадгаламжийн 10 хувь гэж заасан бөгөөд энэ заалтын дагуу 2015 оны эцсийн байдлаар сангийн зорилтот түвшинг тооцоход 1.1 их наяд төгрөг болохоор байна.
Хадгаламжийн даатгалын сангийн хөрөнгө хүрэлцээтэй хэмжээнд хүрсэн тохиолдолд Үндэсний хорооны шийдвэрээр хадгаламжийн даатгалын хураамж төвлөрүүлэхийг түр зогсоож болох тухай Банкин дахь мөнгөн хадгаламжийн даатгалын тухай хуулиар зохицуулсан байдаг.
Банк, санхүүгийн тогтвортой байдлыг хадгалах, хуулийн хэрэгжилтийг хангах тал дээр танай корпорацийн зүгээс өнгөрсөн хугацаанд ямар арга хэмжээ авч ажиллав?
Манай корпораци нь банк санхүүгийн тогтвортой байдлыг хангах тал дээр өнгөрсөн хугацаанд хэд хэдэн томоохон ажил хийсэн.
Хадгаламж банкыг татан буулгаж, Төрийн банктай нэгтгэхэд оролцсон явдал юм.
Монголбанкны Ерөнхийлөгчийн 2013 оны долдугаар сарын 22-ны өдрийн А153, А157 дугаар тушаалаар санхүүгийн хүндрэлд орсон Хадгаламж банкинд Эрх хүлээн авагч томилон, татан буулгаж, тодорхой актив, пассив хөрөнгийг Төрийн банкинд шилжүүлэх явцад тус банкинд үүссэн санхүүгийн чадварын хүндрэлийг шийдвэрлэхийн тулд актив, пассивын зөрүү хөрөнгийн санхүүгийн дэмжлэг олгон, харилцагч, хадгаламж эзэмшигчдийн эрх ашгийг хамгаалан, Хадгаламж банкнаас иргэдэд үзүүлдэг банкны болон төрийн санхүүгийн үйлчилгээг Төрийн банкинд шилжүүлсэнээр банкны салбарын төдийгүй санхүүгийн тогтвортой байдлыг хэвийн, тасралтгүй, саадгүй явагдах нөхцлийг бүрдүүлж өгсөн юм.
Бид цаашид өөрсдийн үйл ажиллагааг улам сайжруулах зорилгоор банкны салбарын эрсдлийг судалгааны үндсэн дээр хянаж, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээг зааварчлахаас гадна, Санхүүгийн тогтвортой байдлын зөвлөлтэй улам нягт хамтран ажиллах зорилготой ажиллаж байна.