ОСОЛ, ГАМШГИЙН ХОХИРЛЫГ ТӨСВИЙН МӨНГӨӨР БАРАГДУУЛДАГ БАЙДЛЫГ БАГАСГАНА
Хүн бүр амь нас, эрүүл мэнд, өмч хөрөнгөө хамгаалахын тулд учирч болох эрсдэлээс сэргийлдэг хэдий ч “Гай газар дороос” гэдэг шиг аливаа өвчин зовлон, аюул осол хэлж ирдэггүй хийсэж ирдэг. Энэ үед хүн сэтгэл санааны, бие махбодийн, эд хөрөнгийн хохирол амсаж, түүнийг барагдуулах, даван туулахад тодорхой хэмжээний санхүүгийн дарамт үүсдэг.
Иймээс аливаа хувь хүн, албан байгууллагын хэвийн байдлыг алдагдуулах, санамсаргүй, эрсдэл дагуулсан үйл явцаас үүсэх хохирлыг бууруулах, нөхөх санхүүгийн үр дүнтэй арга хэрэгсэл бол ДААТГАЛ юм.
Даатгалын тухай ойлголт монголчуудын хувьд албан журмаар хийгддэг эрүүл мэнд, нийгмийн даатгал болон жолоочийн хариуцлагын даатгалаар л хязгаарлагдаж байна. Үүн дээр нэмэх нь сүүлийн жилүүдэд ипотекийн зээл авахын тулд болон автомашинаа ББСБ-д барьцаалан зээл авах үед эд хөрөнгөө даатгуулах ёстой тухай ойлголт нэмэгдсэн. Гэвч өнгөрөгч зуны үер, газын машины дэлбэрэлт зэрэг нь даатгалын тогтолцоог сайжруулж, иргэд эрсдэл сөрж эрүүл мэнд, эд хөрөнгө, амь насаа даатгуулдаг болох шаардлагатайг бидэнд тодорхой харууллаа.
ДААТГАЛЫН ТУХАЙ ХУУЛИЙН ТӨСЛИЙГ ШИНЭЧИЛЖ, ОСОЛ ГАМШГИЙН ҮЕД ТӨСВИЙН МӨНГӨӨР ХОХИРОЛ БАРАГДУУЛДАГ БАЙДЛЫГ БАГАСГАНА
Б.Жавхлан Сангийн сайд
Санхүүгийн тогтвортой байдлын гурван тулгуур багана бол банк, даатгал, хөрөнгийн зах зээл. Энэ гурван салбар 100% үүргээ гүйцэтгэвэл санхүүгийн зах зээл тогтвортой байдаг.
Аль нэгэн салбар доголдоход санхүүгийн салбар бүхэлдээ дордох нөхцөл үүсдэг. Тэгвэл өнөөдрийн байдлаар энэ гурван салбараас хамгийн сул явж байгаа нь даатгалын салбар болоод буй. Үүнийг баталдаг хоёр үзүүлэлт байдаг. Эхнийх нь нийт даатгалын хураамжийг дотоодын нийт бүтээгдэхүүнд эзэлж байгаа хувь хэмжээ. Олон улсад энэ нь найман хувь байдаг бол манайд нэг хувь ч хүрдэггүй буюу 0.6 хувь эзэлж байна.
Нөгөө үзүүлэлт нь даатгалын хураамжийг нэг хүнд ногдохоор хэмждэг. Манайд одоогоор 87.8 мянган төгрөг байдаг нь бусад улстай харьцуулахад 7-8 дахин бага тоо юм.
Энэ хоёр үзүүлэлт ийм сул байгаа нь санхүүгийн тогтвортой байдалд даатгалын зүгээс үзүүлэх нөлөө тун бага байгааг харуулж байна. Даатгалын энэ сул талыг нөхөх ачаалал төрд ирж байдаг. Тодруулбал осол гамшгийн үед төсөв буюу татвар төлөгчдийн мөнгөөр хохирлыг нөхөх нь нэмэгддэг.
Цаашид даатгалын сангийн эрсдэлийг бууруулах, аж ахуйн нэгж, иргэдэд даатгалын тухай мэдлэгийг нь тэлэх, даатгалын компаниуд хариуцлагатай байх шаардлага тулгарч байгаа тул Даатгалын тухай хуулийн төслийг шинэчлэх шаардлагатай байна.
Сангийн Яам болон Санхүүгийн зохицуулах хороо (СЗХ) хамтарч, даатгалын тухай хуулийн шинэчилсэн найруулгыг хэлэлцээд ирэх намрын чуулганаар хэлэлцүүлэхээр төлөвлөж байгаа аж.
Түүнчлэн хуулийн шинэчлэгдсэн найруулгаар технологийн шийдлийг санхүүгийн салбарт оруулж ирэх таатай нөхцөл үүснэ. Ингэснээр иргэдийн бухимдлыг төрүүлдэг даатгалын нөхөн төлбөр олгох явцыг илүү хурдтай болгохоор төлөвлөсөн байна.
Сэтгүүлч
Редактор Ц.Соёлмаа soko@vip76.mn