Цэвэр бизнесийн өнцгөөс харвал энэ даатгал ашиггүй даатгал. Гэхдээ...
“Миг даатгал” ХХК-ийн Дэд захирал Г. Батбаяртай Жолоочийн даатгалын хуулийн хэрэгжилт, нөхөн төлбөрийн хэмжээ, энэ даатгалтай холбоотой компаниудад тулгамдаад буй асуудлын талаар дэлгэрэнгүй ярилцлаа.
“Миг даатгал” компанийн даатгалын бүтээгдэхүүн дотор жолоочийн хариуцлагын даатгал хэдэн хувийг эзэлдэг вэ?
Жолоочийн хариуцлагын даатгал нь 2012 оны 1 дүгээр сарын 1-нээс эхлэн даатгалын зах зээлийн нилээн том бүрдүүлэгч хэсэг болж орж ирсэн. Урьд нь жолооч нар энэ төрлийн даатгалын ач холбогдлыг тодорхой түвшинд мэддэг хэдий ч албан журмын даатгал биш байсан учраас хамрагдах хүрээ болон идэвх сул байлаа. Ингээд албан журмынх нэрийн дор хуульчлангуут байдал мэдээж өөр болсон.
Энэ хуулийг УИХ-аар батлагдсаны дараа багагүй шуугиан дэгдсэнийг олон нийт сайн санаж байгаа байх. Даатгалын компаниудын лоббины хууль боллоо гэсэн яриа ч гарч байлаа. Даатгалын компаниуд ийм хууль боловсруулж, шахалт үзүүлсэн мэтээр ойлгох хэсэг ч байсан. Үнэндээ бол даатгалын салбарынхан бодлого, шийдвэр гаргагчдад нөлөөлсөн зүйл миний бодлоор байгаагүй. Албан журмын даатгал нь төрийн бодлогоор зохицуулагддаг нийгмийн шинж чанартай даатгал юм.
Ингэж 2012 онд жолоочийн хариуцлагын даатгалд хамрагдах жолооч нарын тоо өмнөх жилүүдээсээ нэмэгдэж даатгалын компаниудын ачаалал ч мөн ихэссэн.
.... 2013 оны хоёрдугаар хагасаас олгогддог нөхөн төлбөрийн хэмжээ маш ихээр нэмэгдэж ирсэн....
Тухайн үедээ даатгалын компаниуд бүгд жолоочийн хариуцлагын даатгалыг зах зээлд маш эрчимтэй танилцуулж, идэвхтэй борлуулж байсан.
Одоо бол хуулийн дагуу хэрэгжиж буй даатгалын бүтээгдэхүүн боловч бизнесийн үр дүнгийн хувьд даатгалын компанидаа ашиггүй, бүр алдагдалтай даатгалын бүтээгдэхүүн болж хувирсан. Тиймээс хуулиа эргэж харж, сайтар хийгдсэн тооцоо үндэслэлд тулгуурлан тодорхой шинэчлэх шаардлагатай болж байна.
Даатгалын жилийн хураамжийн орлого, нөхөн төлбөрийн хоорондын харьцаа ямар байна?
Даатгалын компаниуд хохирлын түвшин буюу нөхөн төлбөрийн түвшин гэж ярьдаг л даа. Даатгалын нөхөн төлбөрийг даатгалын хураамжийн орлогод харьцуулснаар энэ түвшинг тодорхойлдог. Энэ нь 100 төгрөгийн хураамжийн орлого олсон бол түүнээс хэд нь нөхөн төлбөрт олгогдож байгааг харуулдаг. Даатгалын компанийн хувьд нөөцийн сан байгуулна, үйл ажиллагааны зардал гаргана, үйл ажиллагаа явуулж буй аж ахуйн нэгжийн хувьд тодорхой ашиг олох хэрэгтэй болдог.
Одоогийн байдлаар ашгийн түвшин гэж бараг яригдахааргүй болж байна. Гэхдээ манай компанийн зүгээс үүсээд буй нөхцөл байдлыг цаг зуурын хүндрэл гэж харж байгаа. Олон улсад даатгалын суурь хураамжийг уян хатан буюу хамааралтай байдлаар тогтоосон байдаг. Харьцангуй тайван, аваар осол багатай замын хөдөлгөөнтэй үед нөхөн төлбөрийн хэмжээ дагаад багасана. Энэ тохиолдолд даатгалын хураамжийн хэмжээ дагаад буурах жишээтэй. Эсрэгээрээ зам тээврийн осол, аваарын тоо ихэссэн үед даатгуулагчийн төлөх даатгалын хураамжийн хэмжээ гарах хохирлуудаа дагаад нэмэгдэх хандлагатай байдаг.
Жолоочийн хариуцлагын албан журмын даатгалын тухай хуулийн нэг сул тал нь хуулиндаа даатгалын суурь хураамжийг хатуу заасан байдаг.
.... Хуульд ойр ойрхон өөрчлөлт оруулаад байх боломж хязгаарлагдмал тул анх батлагдсан хуулийн хэрэгжилтийг хангах тал дээр асуудал үүсээд байна ....
Үнийн түвшин улс орон даяар сүүлийн хэдэн жилд хэрхэн өөрчлөгдсөнийг та бид сайн мэдэж байгаа. Зам тээврийн ослын улмаас гарах нөхөн төлбөрийн зардал мөн үүнийг дагаад өсөөд байгааг ч бид сайн мэдэж байна.
Хэрэв энэ хуулийг засч, сайжруулахгүйгээр цааш явсаар байвал энэ даатгал нь жолоочийг хариуцлагажуулах биш хариуцлагагүйжүүлдэг даатгал болж хувираад байна. Зарим жолооч даатгалын компанид жилд 33 000 төгрөгийн хураамж төлж, осол, зөрчил гаргасан үедээ бидэнд 5 сая төгрөг авчраад хадгалуулчихсан юм шиг аашлах нь бий. Нийтийн тээвэр, таксины үйлчилгээ эрхлэгч компаниудад даатгалын тохиолдол хамгийн их гарсанаар хохирлын түвшин өндөр болоод байна.
.... Нийт зах зээлийн хэмжээнд 2015 онд 22 тэрбум төгрөгийн хураамжийн орлогоос 15 тэрбум төгрөг нөхөн олговорт зарцуулагдаад байна. Эндээс үзэхэд жилийн хураамжийн орлого болон нөхөн төлбөрийн харьцаа 68 хувьд хүрээд байна ....
Үүнд нэг талаасаа борлуулалттай холбоотой маркетингийн зардал, компанийн үйл ажиллагааны зардал зэргийг оруулж тооцвол хэцүүхэн тооцоо гарна.
...500 гаруй мянган даатгуулагчийн төлсөн хураамжаас бүрдсэн сан нь 30 орчим мянган хариуцлагагүй жолоочийн нөхөн төлбөрт зарцуулагдсан байгаа юм ....
Манай компанийн хувьд даатгалын бүтээгдэхүүнүүд дотроос нийт хураамжийн орлогын 37 хувь нь жолоочийн хариуцлагын даатгалаас бүрддэг. Гэвч нийт даатгалын бүтээгдэхүүнд эзлэх нөхөн төлбөрийн 58 хувийг энэ даатгал эзэлж байна. Даатгалын нөхөн төлбөрийн түвшин жил бүр нэмэгдээд байна.
Хот, хөдөөд энэ харьцаа ямар байдаг бол?
Өнгөрсөн 2015 онд нийт 22 тэрбум төгрөгийн орлогоос 15 тэрбум төгрөгийг Улаанбаатар хотоос төвлөрүүлсэн байдаг. Гэвч тэр ондоо хотод бараг 13 тэрбум төгрөгийн нөхөн төлбөр олгогдсон байна. Энэ нь 2015 оны нийт нөхөн төлбөрийн 87 хувь болж байна.
Суурь хураамжийн хэмжээ бага, нөхөн төлбөрт их хэмжээний мөнгө гаргаж байгаа гэдэг утгаараа жолоочийн хариуцлагын даатгалаа зогсоовол яах вэ?
Цэвэр бизнесийн үр дүнгийн өнцгөөс хандвал, эсвэл бүр хураамжийн орлого нөхөн төлбөрийн харьцаанаас авч үзвэл жолоочийн хариуцлагын даатгалыг хийх компани олон биш гэж бодож байна. Миний яриа даатгуулагчийг бага хэмжээний хураамж төлөөд байгаа мэт санагдуулж магадгүй ч нэг хэсэг даатгуулагч нарыг илүү хариуцлагатай байгаасай л гэж хүсээд байгаа юм. Бид даатгалын компани, иргэдтэй байнга тулж ажилладаг. Ийм нөхцөлд жолоочийн хариуцлагын даатгалаа зогсоох биш, алдагдалтай хэсэгт нь арга хэмжээ авч ажиллах бодлого баримталж байна. Сайн даатгуулагчаа даатгаад, эрсдэлтэйд тооцогдож буй даатгуулагчиддаа компанийн зүгээс зохих ёсны шаардлага тавьж ажиллаж байна. Бидэнд нийгмийн хариуцлага гэж зүйл бий.
Хариуцлагын даатгал, тэр дундаа жолоочийн хариуцлагын даатгалд албан журмаар хамрагдана гэж хуульчилж өгсөн нь төр өөрийн нуруун дээрх ачааг хувийн хэвшилтэй хуваалцаж, эрсдлийг тараан байршуулж байгаа нэг хэлбэр. Олон нийтийн эрх ашгийн хөнддөг, эрсдлийн түвшин өндөр, даатгалын хураамжийг хамааралтай тогтоох боломжтой даатгалын бүтээгдэхүүн бол бүх төрлийн мэргэжлийн хариуцлагын даатгал байдаг. Тэр дундаа жолоочийн хариуцлагын даатгалыг нэрлэж болох юм. Хүн бүр машинаа унаж, замын хөдөлгөөнд оролцож байна. Жолооч хүн өөрийн болон бусдын амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгийг хариуцаж байгаа учраас заавал даатгуулсан байх шаардлагатай. Эрсдэл учирлаа гэхэд өөрөөс хамаарахгүйгээр бусдад учруулсан хохирлоо даатгалын компаниар нөхөн төлүүлдэг зарчимтай.
Даатгуулсан хүн бүр нөхөн төлбөр авдаггүй. Жолооч нар ч хариуцлагын даатгалд даатгуулахдаа заавал нөхөн төлбөр авъя гэж даатгуулдаггүй. Жолооч аль болох осол, зөрчил гаргахгүй бол замын хөдөлгөөнд оролцогч бүх талуудад тустай. Даатгалтай жолооч яагаад заавал осол, зөрчил гаргах ёстой гэж. Харин ч даатгуулсан гэдэг утгаараа илүү хариуцлагатай баймаар. Энэ талын хууль эрх зүйн зохицуулалт сайн байвал зам тээврийн осол, зөрчил буурч, нийгэмд эерэг хандлага бий болно.
Даатгуулсан цагаасаа эхлэн жил бүр тогтмол даатгалын хураамжаа төлж, нөхөн төлбөр гаргуулаагүй жолооч байхад жилд хэд хэдэн удаа нөхөн төлбөр авдаг тохиолдол бий байх. Энэ хоёр тохиолдолд даатгалын үйлчилгээ ижил байх уу?
Жишээ болгон хоёр тохиолдлыг А ба Б гэж нэрлэе л дээ. Хоёулаа даатгуулах гээд ирсэн тохиолдолд хоёуланг нь даатгана. Гэхдээ ижил хэмжээний хураамж төлөн даатгагдах боломжгүй. Энэ хоёр даатгуулагчийн төлсөн хураамж даатгалын нөөц сан гэсэн сагсанд ордог. Нөөц сандаа оруулахын тулд тодорхой шалгууртай. А гээд нямбай хариуцлагатай жолооч нь магадгүй осол, зөрчил гаргахгүй байвал арай бага хураамж төлсөнөөр цаашид даатгуулах боломжтой. Б жолооч нь А шигээ биш, осол гаргасан түүхтэй бол өөр ангилал руу орж илүү хэмжээний хураамж төлж байж даатгуулна. Ингэж тэнцвэржүүлдэг.
“Аюултай жолооч” жилд хичнээн төгрөгийн даатгалын хураамж төлдөг вэ?
... Бид одоогоор “аюултай жолооч”-ийн хар жагсаалт гаргахаар ажиллаж байна....
Байн байн даатгалын тохиолдол үүсгээд, нөхөн төлбөр гаргуулж, даатгалын компаниа солиод явдаг жолооч нарыг аль болох даатгахгүй байх тал дээр анхаарч байна.
Даатгалын тохиолдол дээр ажиллаж байхад ихэвчлэн ямар төрлийн осол, зөрчил гарсан байдаг бол?
Замын хөдөлгөөний осол, зөрчлийг гарсан шалтгаанаар нь ангилж болно л доо. Хариуцлага алдаад анхаарал болгоомжгүйгээсээ зам тээврийн осолд орж байна. Гэтэл зам дээр бас танхайрлын шинжтэй явдлууд ч мөн болж байна. Урсгал сөрж гэрэл дохио зөрчиж осол гаргасан, эгнээ байр эзлэхдээ болон хөдөлгөөнд оролцож буй тээврийн хэрэгсэлд зам тавьж өгөөгүй, эргэх хөдөлгөөн хийхдээ тэмдэглэгээ зураасыг анхаараагүйн улмаас мөргөлдсөн гэх зэрэг жолоочийн баримтлах энгийн дүрмүүдийг зөрчсөн тохиолдол их байна.
Зам тээврийн осол, зөрчил гарлаа гэхэд хоёр тал даатгалын компаниудаа дуудна. Манай шуурхай албанд дуудлага ирсэн тохиолдолд хэрэг болсон газар руу шууд хөдөлдөг. Дуудлагууд давхацсан тохиолдол байж болох ч аль болох хурдан, шуурхай үйлчлэхийг зорьдог. Ослын газар ирж, зураг авч баримтжуулаад, манай компани өөрийн дүгнэлтээ гаргах ч замын цагдаагийн гаргасан акт дүгнэлтийн дагуу нөхөн төлбөрийг олгодог. Даатгалын компани зөвхөн санхүүгийн үйлчилгээ үзүүлэх үүрэгтэй. Буруутай, буруугүйг тогтоохгүй, хохирлыг үнэлэхгүй. Эдгээр нь замын цагдаа, хохирол үнэлгээчдийн байгууллагын мэргэжлийн түвшинд хийгддэг ажил.
Зам тээврийн осол, зөрчлийг бууруулахад авч буй арга хэмжээ хэр үр дүнтэй байна гэж дүгнэх вэ?
Даатгалын салбарт ажилладаг хамтрагчидтайгаа салбарынхаа өмнөх болоод одоогийн нөхцөл байдлын талаар тодорхой хэмжээнд санал хуваалцдаг. Жолоочийн хариуцлагын даатгалд эхлээд албан журмаар биш сайн дураар хамрагддаг байсан бол хуультай боллоо. Жолооч хариуцлага алдсан тохиолдолд оноо хасдаг болоод байна. Жолоочийн нэгдсэн мэдээллийн сантай боллоо. Оноо хасдаг болсноос хойш жолооч нар хариуцлагатай болох ёстой. Энэ бүхэн дэвшил, эерэг өөрчлөлт гэж хараад байна.
Цөөхөн хүн амтай манай улсын хувьд зам, тээврийн ослын улмаас гарч буй гарз хохирол маш их байна. Тиймээс сахилга баттай, эмх замбараатай байдал тогтоох үүднээс авч хэрэгжүүлж буй арга хэмжээг зөв, зүйтэй явдал гэж бодож байна. Тиймээс жолооч нараа замын хөдөлгөөндөө соёлтой, хариуцлагатай оролцохыг уриалж байна.