Жолоочийг хариуцлагажуулах биш хариуцлагагүй байдлыг өөгшүүлсэн хууль болж хувирсан
“Монгол даатгал” ХХК-ийн Эрх зүй, нөхөн төлбөр эрхэлсэн Дэд захирал Я.Энхбаярmай Жолоочийн хариуцлагын албан журмын даатгалын хуулийн талаар ярилцлаа.
Жолоочийн даатгалын тухай хууль ямар нөхцөл, шаардлагын үүднээс гарсан хууль гэж үздэг вэ?
Жолоочийн даатгалын тухай хууль батлагдах хүртэл манай улс олон улсад энэ төрлийн хуульгүй цорын ганц улс байсан гэж хэлж болно. Энэ хууль нийгмийн зайлшгүй захиалга, шаардлагын үндсэн дээр гарсан гэж үздэг. Жолооч нь өөрийн буруутай үйлдлээс болж, бусдын амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгөд хохирол учруулсан тохиолдолд нөхөн төлөх, жолоочийг хариуцлагажуулах зорилгоор “Жолоочийн даатгалын тухай” хууль батлагдсан.
Тэгвэл энэ хууль анх гарсан зорилгоо хэр хангаж байна?
Хууль хэрэгжээд 4 жил орчим болж байна. Агуулгынхаа хувьд зөв зүйтэй, үндэслэл сайтай, даатгалын мөн чанар, ерөнхий чиг баримжааг хангасан гэж үздэг. Гэхдээ энэ хуулийг засч сайжруулах, боловсронгуй болгох шаардлага үүсээд байна.
.... Даатгалын компани уг хуулийг хэрэгжүүлэх явцад зохицуулж чадахгүй харилцаа, дутуу дулимаг зүйл байгаа гэдэг нь өдрөөс өдөрт улам тодорхой болж байна ....
Жишээлбэл ямар харилцааг зохицуулж чадахгүй байна, ямар зүйл заалт тусгах нь зүйтэй вэ?
Маш олон жишээ дурдаж болно. Жолоочийг хариуцлагажуулна гэсэн хуулийн үндсэн санаа нь алдагдсан. Тодруулбал, согтуу жолооч тээврийн хэрэгсэл жолоодож яваад осол, зөрчил гаргаж, хүний амь нас, эд хөрөнгөд хохирол учруулсан тохиолдолд нөхөн төлбөр олгодог. Даатгалгүй эсвэл тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй, жолооны үнэмлэхгүй этгээд жолоо барьж яваад осол, зөрчил гаргасан тохиолдолд даатгал үйлчлүүлдэг байх хуулийн зохицуулалттай байх жишээтэй. Энэ нь тээврийн хэрэгсэл эзэмшигч жолоочийг хариуцлагажуулах биш хариуцлага алдсан ч нөхөн төлбөр олгох юм чинь гэсэн хандлагатай болгосон.
Даатгалын бизнес эрхэлдгийн хувьд бусад орны энэ төрлийн даатгалын хуулийн үзэл санаа, үндсэн чиглэлийг харж анхаарч судалж байхад манай улс шиг “Жолоочийн даатгалын тухай” хуульдаа даатгалын жилийн суурь хураамж 33 000 төгрөг байна гэж мөнгөн дүнг хатуу заасан хууль тааралдаж байсангүй.
2011 онд хууль боловсруулж, баталж байх үед 33 000 төгрөг гэдэг тухайн үеийн хэрэгцээ, шаардлагатай уялдаж байсан байж болох.
... Өнөөдрийн тухайд 4 жилийн өмнөх хураамжийн орлогоороо даатгалын компаниуд санхүүжүүлнэ гэвэл маш хүндрэлтэй нөхцөл байдал үүсээд байна ....
Хуульд мөнгөн дүнгийн хэмжээг хатуу зааж өгсөн нь нэг талаар болхи, нөгөө талаар тухайн үедээ ирээдүйн эдийн засаг, даатгалын салбарын зах зээлийн хөгжил, нөхцөл байдлыг тооцоолоогүйтэй холбоотой гэж бодож байна. Тиймээс хуульд нэмэлт өөрчлөлт оруулж, даатгалын жилийн суурь хураамжийн хэмжээг хатуу заах биш, хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний, инфляцийн өөрчлөлт, эдийн засаг нөхцөлтэй байдалтай уялдуулан уян хатан тогтоох боломжийг хангах хэрэгтэй байна.
Хууль боловсруулах явцад даатгалын компаниудын байр суурийг сонсож, түүнийг хуульд тусгаагүй гэж үү?
Миний санахын энэ хууль батлагдах хүртлээ 5 жил яригдсан. Хууль боловсруулах явцад даатгалын компаниудын төлөөллийг оролцуулсан маш олон уулзалт, хэлэлцүүлэг өрнүүлж байлаа. Энэ чиглэлийн төрийн бус байгууллагууд ч олон санал, шүүмжийг холбогдох шатанд уламжилж байсан. Гэвч харамсалтай нь УИХ-аар хэлэлцэж, батлагдах үедээ бидний хэлэлцүүлгийн үр дүнд гаргасан саналуудаас маш бага хувь нь туссан. ОХУ-ын жолоочийн даатгалын хуулийг шууд хуулбарласан шинжтэй хууль гарсан. Энэ нь манай улсын хууль эрх зүй, эдийн засгийн орчинд тохирохгүй байна гэдгийг өнөөдрийн зам, тээврийн осол, зөрчлийн тоо илтгэнэ.
Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай шинэчилсэн хууль, “Жолоочийн даатгалын тухай” хуультай хэр уялдсан бэ?
Харилцан уялдаагүй гэж хэлж болно. Уялдах шаардлагатай байсан уу байсан. Уялдаагүйгээс одоо осол, зөрчил гарсан тохиолдолд замын цагдаа дуудах ёстой, ёсгүй гэх мэт маргах тохиолдол гарах боллоо.
Хуулиараа тухайн жолоочийг хариуцлага алдсан, гэм буруутай этгээд гэдгийг тогтоох эрх бүхий субьект нь замын цагдаа. Тэгвэл замын цагдаагийнхан дуудлагад гарахгүй, замын цагдаагийн акт гарахаас татгалзаж байгаа нь хуулийг хэлбэрлэлтгүй мөрдөх зарчмыг зөрчөөд байх шиг санагддаг.
Хэрэв боломжтой бол Албан журмын даатгагчдын холбооны дэргэдэх шуурхай алба эсвэл даатгалын компанийн шуурхай алба нь өөрсдөө жолоочийг гэм буруутай эсэхийг тодорхойлох тодорхой хэмжээний эрх мэдэлтэй байсан бол даатгалын тохиолдлоос үүдэлтэй сөрөг үр дагаврыг богино хугацаанд арилгах боломжтой. Гэтэл даатгалын компани, холбоо очоод жолоочийн буруу гэж хэлэх эрхгүй.
Даатгалын бизнесийн зарчмаар бол хэрэв та даатгуулсан бол гуравдагч этгээдийн өмнө буруугаа хүлээхгүй байх эрхтэй гэсэн зарчим үйлчилдэг. Тухайн жолоочийг буруутай эсэхийг тогтоодог замын цагдаагийн гаргасан актад үндэслэж, даатгалын компани үйлчилгээгээ даатгуулагчдаа үйлчилгээгээ хүргэдэг.
... Хариуцлагын даатгалын бизнест өөрийн хүлээх хариуцлага гэсэн ойлголт бий. Тиймээс “Жолоочийн даатгалын тухай” хуульд өөрийн хүлээх хариуцлагыг хуульчлах хэрэгтэй ...
Одоогийн хууль бол жолоочийг хариуцлагатай байлгах биш хариуцлагагүй байдлыг улам өөгшүүлсэн хууль болж хувирсан.
Өөрийн хүлээх хариуцлага гэдэг нь би хэн нэгэн этгээдийн амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгөд хохирол учрууллаа гэхэд жолоочийн хариуцлага алдсаныхаа төлөө нөхөн төлбөрийн тодорхой хувийг жолооч өөрөөсөө гаргах тухай асуудал юм.
33000 төгрөгөөр даатгууллаа гэхэд жилд хэдэн удаа, хичнээн хэмжээний нөхөн төлбөр авдаг вэ?
Зам, тээврийн осол, зөрчлийн шалтгаан, нөхцөл, хохирлын хэмжээ зэргээс шалтгаалдаг. 2012, 2013 оны 1 дүгээр сар хүртэл хугацаанд бол 33000 төгрөгөөр В ангиллын жолооч бол 5 сая хүртэл төгрөгийн нөхөн төлбөр авч болно. 5 сая төгрөг бол тухайн үедээ осол, зөрчлөөс үүдэлтэй хохирлыг нөхөн төлөхөд хангалттай мөнгө байж болох. Өнөөдөр, ахиад 1, 2 жилийн дараа бол энэ мөнгө хүрэхгүй. Манай улс өөрсдөө үйлдвэрлэгч улс биш, эдийн засаг хүндрэлтэй байна, автомашины техник, сэлбэг хэрэгслийг гадны улсаас импортолж байна.
... Валютын ханшийн хэлбэлзлээс шалтгаалж, 2012 онд 100-150 мянган төгрөгийн үнэтэй байсан сэлбэг өнөөдөр 300-350 мянган төгрөгийн үнэтэй болсон байх жишээтэй. Гэтэл даатгалын жилийн суурь хураамж хөдөлдөггүй ....
Санхүүгийн зохицуулах хорооноос 2015 онд итгэлцүүрт өөрчлөлт оруулсан. Ингэснээр хураамж бага зэрэг нэмэгдсэн гэж байгаа боловч суурь үнэ 33000 төгрөг байгаа тохиолдолд хүндрэл үүсгэж байна. Зохицуулах хэрэгтэй байна.
Одоо мөрдөгдөж буй хуулиар 33000 төгрөг төлсөн тохиолдолд 5 сая хүртэл төгрөгийн нөхөн төлбөрийг жилд хэд, хэдэн удаа авч болдог. Тиймээс даатгалын тохиолдол гаргаж, нөхөн төлбөр авсан иргэн дахин нөхөн төлбөр авах бол нэмэлт хураамж төлөх зэргээр зохицуулах хэрэгтэй гэж үздэг. Даатгалын бизнестээ сөрөг нөлөөтэй.
Жолоочийн хариуцлагын даатгал манай компанийн хувьд хэр жин дарсан бүтээгдэхүүн бэ?
Даатгалын компаниуд тэр дундаа “Монгол даатгал” компанийн хувьд энэ төрлийн даатгалын бүтээгдэхүүн 40 орчим хувийг эзэлж байна. Жил ирэх хураамжийн орлого хумигдаж, нөхөн төлбөрийн хэмжээ нэмэгдэж, зохист харьцаа алдагдахад хүрээд байна. Одоогийн байдлаар 100 төгрөгийн хураамжийн орлого тутамд 70 төгрөгийн нөхөн төлбөр гаргаж байна. 70 гэдэг бол зөвхөн нөхөн төлбөрийн хэмжээ. Үүн дээр даатгалын компанийн урсгал болон маркетинг, борлуулалтын зардлыг нэмбэл жолоочийн хариуцлагын даатгалаас маш бага хэмжээний ашиг хүртдэг гэж ойлгож болно. Өдрөөс өдөрт даатгалын компаниудын тогтвортой, ашигтай ажиллах орон зай хумигдсаар байна. Тиймээс хуульд нэмэлт өөрчлөлт оруулж, шинэчлэх хэрэгтэй гэдгийг би дахин, дахин хэлээд байгаа юм.
Жолоочийн хариуцлагын даатгалын бүтээгдэхүүнээ бусад даатгалын компаниудаас ялгарах давуу тал, онцлогтойгоор танилцуулах, борлуулах боломж байдаг уу?
Манай улсад арилжааны 16 даатгалын компани үйл ажиллагаагаа явуулж байна. Мэдээж бүгд албан журмын даатгалын бүтээгдэхүүнийг борлуулдаг. Эдгээр компани бүгд нэг загварын гэрээтэй жолоочийн хариуцлагын даатгалаар иргэдэд үйлчилж байна. Компанийн лого, эмблем нь л өөр болохоос биш яг адилхан загвар, заалттай гэрээнүүд. Энэ нэг стандартын бүтээгдэхүүнийг бүх жолооч нарт зардаг гэсэн үг. Тэгэхээр бусад даатгалын компаниуд хоорондоо юугаар өрсөлдөж, борлуултаа яаж өсгөх юм бэ?
Миний бодлоор даатгалын компаниуд үйлчилгээгээрээ өрсөлддөг байх ёстой. Мэдээж эхлээд даатгалын компанид даатгуулагчаар гэрээ хийх үеийн үйлчилгээ, даатгалын тохиолдол бий болсны дараах нөхөн төлбөрийн гэсэн үндсэн үйлчилгээнүүдээ хэр сайн үзүүлж байна гэдгээрээ ялгарч байна. Мөн зайлшгүй шийдвэрлэх ёстой асуудал гэвэл “Жолоочийн даатгалын тухай” хуулийн шинэчлэлийн хүрээнд даатгалын компанид тодорхой эрх олгож, даатгалын бүтээгдэхүүн, үйлчилгээгээ борлуулахдаа компанийн бодлогоо шингээж, үйл ажиллагаагаа харилцан ялгаатай явуулах боломж олговол даатгалын салбар зөв голдриолдоо орж, үйлчлүүлэгчид сэтгэл ханамжтай байх болно.
Даатгалын тохиолдол гарахад яаж ажилладаг вэ?
Манай компани даатгалын шуурхай албатай. Манай шуурхай албанд 8 мэргэжилтэн, 2 оператор ажилладаг. Дуудлагад гардаг 8 машинтай. Долоо хоногийн 24 цагаар ажилладаг. Манай даатгалын компанийн даатгуулагч мөн л байвал бид даатгалын тохиолдол гарахад шуурхай ажиллаж, нөхөн төлбөрийг цаг хугацаанд нь олгодог. Манай шуурхай албанд хамгийн ихдээ өдөрт 80 гаруй дуудлага авч байлаа. Өдөрт дунджаар 60 орчим дуудлага гарч, 40 гаруй даатгуулагчид өдөр бүр даатгалын нөхөн төлбөр олгож байдаг тасралтгүй процесс юм.
Шуурхай албаны хүчин чадлаа нэмэгдүүлэх шаардлага хэр тулгарч байна уу?
Уламжлалт хэв маягаар буюу хүний хүчийг ашиглах бус техник, технологийн шийдлийг ашиглан орчин үеийн дэвшилтэт үйлчилгээ нэвтрүүлж, шуурхай албаны үйл ажиллагаагаа илүү боловсронгуй, түргэн шуурхай хүргэхээр ажиллаж байна. Энэ хүрээнд 2015 оны дөрөвдүгээр улирлаас эхлэн судалгаа, туршилтын ажил явагдаж байгаад одоо хэрэгжих шатандаа орж байна.
Ер нь зам тээврийн осол, даатгалын тохиолдол ямар шалтгааны улмаас ихэвчлэн гарч байна? Энэ нь та бүхэнд сонин уу, сонин биш үү?
Замын цагдаагийн газрын актаас харахад үндсэн гурван шалтгаанаар зам тээврийн ослын дийлэнх хувь нь гарч, даатгалын тохиолдол бүртгэгддэг. Замын хөдөлгөөний дүрмийн 8,11 буюу зай барьж яваагүй, 9,2 буюу шаардлагатай тохиолдолд зогсоох арга хэмжээ аваагүй, 7,17 буюу ухрах үйлдэл хийж байхдаа гэсэн шалтгаанаар зам тээврийн осол, зөрчлийн 90 хувь нь гарч байна.
Замын цагдаагийн газрын дүгнэлт буруу байх тохиолдол байх уу? Буруу акт гаргалаа гэхэд гомдол гаргаж болох уу?
Буруу дүгнэлт гаргах тохиолдол байдаг уу гэвэл байдаг. Хуулиараа тухайн замын цагдаагийн шийдвэрийг эс зөвшөөрвөл даатгуулагчтайгаа хамтраад гомдол гаргаж болно. Замын цагдаагийн газрын дээд удирдлага, Захиргааны хэргийн шүүхэд гомдол гаргаж болно. Гэхдээ бодит байдалд даатгуулагчтайгаа нийлж, замын цагдаатай муудалцаж, гомдол гаргаад, шүүхдэнэ гэвэл цаг хугацаа алдаж, мөнгө их зарцуулна. Тийм учраас энэ бол хэрэгжихэд хэцүү. Монгол Улсад зөвхөн замын цагдаа л зам тээврийн олсол, зөрчил гаргасан тохиолдолд дүгнэлт гаргаж, акт тогтоодог.