Манай улсын даатгалын салбар эрчээ авсан, ирээдүйтэй салбар


4 минут уншина
Манай улсын даатгалын салбар эрчээ авсан, ирээдүйтэй салбар
"Албан журмын даатгагчдын холбоо"-ны гүйцэтгэх захирал Б.Нямдорж

1995 онд ХААИС-ийг малын эмчээр төгсөөд удаагүй байсан түүнд орон нутагтаа ирж ажиллаач гэсэн урилга ирсэн байна. Ингэж 1996 онд 26 настайдаа өөрийн төрсөн нутаг Завхан аймгийн Сантмаргац сумын Засаг даргаар томилогдон, 8 жил энэ албыг хашсан. Түүний ажлын замнал нэн сонирхолтой.

Туршлагагүй залуу боловсон хүчин удирдах албан тушаалаас ажлын гараагаа эхлэхэд хэр байв? 

Улс орны эдийн засаг хүнд байх үед ажлаа авч байлаа. Сүүлийн гурван сарын цалингаа авч чадаагүй сумын иргэд бухимдалтай байсан үе. Энэ л үед ажилчиддаа урам өгч, төрийн албыг цалгардуулалгүй ажиллаж ирсэн. 1999 оны өвөл манай сумын тал хувь нь зуданд нэрвэгдэж, санхүүгийн өөр эх үүсвэргүй тэд нийгмийн ядуу бүлэгт шилжиж байлаа. Гэхдээ туршлагаас харахад ажилтай хүн зуданд малаа үхүүлдэггүй юм билээ.

Сумын Засаг даргаар олон жил ажилласан туршлагатай ах надад хандан, "Сайн удирдагч уйлаад орж ирсэн нэгнийг инээлгээд гаргадаг чадвартай байх ёстой. Хүний юу хүсч байгааг урьдаар сонсож сур." гэж хэлсэн. "Хүн хэлээрээ, мал хөлөөрөө" гэдэгчлэн энэ алт шиг сургаалийг ажил, амьдралдаа баримталсаар ирсэн.

Хүнд нөхцөлд ямар шийдэл гарган ажиллаж байв?

Сумын ард иргэддээ улс орны эдийн засаг, нийгмийн бодит байдлыг сайтар тайлбарлаж өгнө. Ажлаа сайн хийж л байвал цалин аяндаа бууна гэх зэргээр учирладаг байлаа. Манайх говийн сум болохоор хадлан тэжээл харьцангуй бага. Увс аймгийн Баруунтуруун сумаас өвс хадлангаа базаадаг байсан. Тиймээс өөрсдийн хүчээр бага гэлтгүй малын тэжээлээ бэлдэж, багийн фонд бий болгосон. Өвлийг өнтэй давж, мал аж ахуйг эдийн засгийн эргэлтэд оруулах талаар бодлого баримталж ажилласан.  

    Намайг Засаг даргаар ажиллаж байхад манай сумаас 76 мянгат малчин тодорч, улсын хэмжээнд хамгийн олон мянгат малчинтай сум болж байлаа.

Мал сүрэг өсөж, сумын ажил дэвжихийн хэрээр ард иргэдийн сэтгэл өег, тааламжтай сайхан.

Би малчиддаа малын тоо толгойг өсгөхөд биш чанаржуулахад анхаарахыг зөвлөнө. Энэ ч үүднээс мянгат малчдаа Хөх хот, Бээжин хотоор аялуулж, фермерийн аж ахуйг яаж хөгжүүлж болдгийг хамт үзэж, харсан.

Энэ бүхэн аймагт дэвшин ажиллахад нөлөөлөв үү?

Би мал эмнэлэгт ажиллах хүсэлдээ хөтлөгдөн малын эмч болсон. Дараа нь СЭЗДС-ийг бизнесийн удирдлагаар магистр хамгаалсан юм.

"Ажлын гараагаа сумын 3000 гаруй хүнийг удирдан чиглүүлж эхэлсэн нь надад асар их туршлага болсон."

Сумын иргэдийн хүсэлтээр найман жил сумын Засаг даргаар ажилласны дараа аймгийнхаа хөгжлийн бодлогын хэлтсийн даргаар томилогдсон. Энэ албыг гурван жил гаруй хашиж байхад, Баруун бүсийн төрийн өмчит худалдааны төв байгуулагдаж, төвийн захирлаар нэг жил ажилласан. Ингээд аймгийн Засаг даргын орлогч болж, 2 жил гаруй ажилласан юм. Анх ажлын гараагаа даргаас эхэлж, тэр чигээрээ л удирдах албан тушаал эрхлээд явж байна.

Орон нутагт удирдах албан тушаал хашиж байгаад яаж холбооны гүйцэтгэх захирлаар ажиллах болов?

Аймгийн засаг даргын орлогч байхдаа даатгалын асуудал хариуцдаг байсан. Даатгалын чиглэлийн орон нутгийн байгууллагуудтай нягт хамтран ажиллаж байсан хүний хувьд энэ салбарыг мэднэ. Ирээдүйтэй салбар гэж үзээд ажиллахаар шийдсэн.

Манай даатгалын салбар, компаниуд одоо л хөл дээрээ босож байна. Сайн дурын даатгалын тогтолцоо хэрэгжиж байх үед даатгуулна уу, үгүй юу гэдэг нь жолоочийн сонголт байсан. Тэд даатгалын ач холбогдлыг сайн мэддэггүй, идэвхгүй байлаа.

"Жолоочийн хариуцлагын албан журмын даатгал гарснаар даатгалын систем тодорхой түвшинд ахисан."

Даатгалын компаниуд ч хамтарч ажиллах нь зүйтэй гэдэг дээр санал нэгдсэн. Даатгалын салбарын хууль, эрх зүйн орчин бэхжиж, "Жолоочийн даатгалын тухай" хууль батлагдсан.

Энэ хууль батлагдсанаар холбоо байгуулагдав уу?

Хууль хэрэгжүүлэх гол субьект нь манай холбоо. Даатгагчид, хохирогчдын эрх ашгийг хамгаалах зорилготой. Хууль цаг үеэ олж, нийгмийн захиалгаар гарсан учраас хэрэгжилт сайн байна. Энэ жилийн хувьд 450 мянга орчим жолооч албан журмын даатгалд хамрагдаж, хураамжийн хэмжээ 18 тэрбум төгрөгт хүрсэн. Одоогоор 16 мянга гаруй даатгалын тохиолдол бүртгэгдэж, 8 тэрбум төгрөгийг нөхөн олгоод байна.  

Холбоо 54 хүний бүрэлдэхүүнтэй. Аймаг бүрт салбартай.

Салбар бүрт 1-2 хүн ажиллаж байна. Мэдээллийн сан, шуурхай алба, даатгалын сантай. Шуурхай албаныхан 24 цагаар ажиллаж, даатгалын тохиолдол болгонд очиж зураг авалт, хэмжилт хийдэг. Албан журмын даатгал, даатгалын тохиолдлуудын тухай бүх төрлийн мэдээлэл манайд  хадгалагддаг. 

Хүн бүр даатгалын үр шимийг ойлговол цаашид хөгжинө. Даатгуулснаар жолооч санхүүгийн эрсдэлд орохгүй, хохирогчид нөхөн төлбөр авах боломж бүрдэнэ. Мөн даатгалтай ч хугацаа хэтэрсэн, огт даатгалгүй тохиолдолд жолооч бусдад учруулсан хохирлоо манай даатгалын сангаас буцаан төлөх нөхцөлтэй зээл авч, барагдуулж болно.

"Жолооч жилд 33000-51000 төгрөгөөр даатгуулаад 5-10 сая төгрөгийн нөхөн төлбөр гаргуулах боломжтой."

Гэхдээ нэг жолооч жилд 2-3 удаа нөхөн төлбөр гаргуулж буй тохиолдол гарч байна.

Холбоо түргэн шуурхай ажиллаж чаддаг уу?

Дуудлагын шуурхай албаныхан хэргийн газарт маш хурдан хугацаанд очдог. Даатгалын компани, холбооны үйл ажиллагаанаас болж, замын хөдөлгөөнд саад, хүндрэл учрах ёсгүй. Бид даатгагч болон хохирогчид тулгарсан асуудлыг 100 хувь шийдвэрлэхээр ажиллаж байна.

"Ажилчиддаа хүний төлөө гэсэн чин сэтгэлтэй байж, ажилдаа хариуцлагатай хандахыг шаарддаг."

Өөртөө болон гэр бүлийнхэндээ ийм шаардлага тавьдаг уу?

Би ажил, амьдралаа өнгөтэй, өөдтэй авч яван, хүнлэг байхыг эрхэмлэдэг. Хоёр охиноо сайн хүн болж, эзэмшсэн мэдлэг боловсролоо өөрт байгаа хамгийн том хөрөнгө гэж ойлгон, зөв амьдраасай гэж хүсдэг. Манай гэр бүлийн хүн үргэлж надтай хамт байж, миний хамгийн том түшиг тулгуур болдог.

 Ярилцахад таатай байлаа. Таны ажилд амжилт хүсье.