Ослоос үүдэлтэй сэтгэл санааны хохирлыг үнэлдэг, барагдуулдаг байх хэрэгтэй
Монголын хохирол үнэлгээчдийн холбооны ерөнхийлөгч М.Бизаагундаатай хохирлын үнэлгээний эрх зүйн орчин, хохирол үнэлгээнд тулгамдаж буй асуудлууд, авто машины хохирлын үнэлгээний талаар ярилцлаа.
Хохирол үнэлэгч компаниуд зөвхөн авто машины хохирлын үнэлгээ үзүүлдэг үү?
Хохирол үнэлгээчдийн холбоо гэхээр хүмүүс явцуу утгаар ойлгодог. Манайх бол Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 25.1 д заасан мэргэжлийн байгууллага. Өөрөөр хэлбэл хохирол үнэлэгч компаниуд үл хөдлөх болон хөдлөх хөрөнгийн үнэлгээ, хүний эрүүл мэнд, амь нас, нэр төр, сэтгэл санаанд учирсан хохирлын үнэлгээ, байгаль орчны үнэлгээ, гамшгийн үнэлгээ зэрэг олон төрлийн үйлчилгээ үзүүлдэг. Зам тээврийн ослоор учирсан хохирлын үнэлгээ бол манай гишүүн компаниудын ажлын зөвхөн нэг төрөл.
Монгол улсад өрнөсөн өмч хувьчлалын үйл явцыг дагаад мэргэжлийн үнэлгээчдийн хөрөнгө үнэлэх үйлчилгээ нэвтэрсэн. Сангийн яамнаас хөрөнгийн үнэлгээ хийх тусгай зөвшөөрөл олгодог болсон. Ингэснээр үнэлгээний мэргэжлийн байгууллагууд бий болсон. Үнэлгээний зах зээлийн хувьд эрх зүйн суурь тавигдсан гэж үздэг. Хуульч, инженер, эдийн засагч мэргэжилтэй, мэргэжлээрээ таваас доошгүй жил, үнэлгээний чиглэлээр гурваас доошгүй жил ажилласан хүнээс тусгай шалгалт авсны үндсэн дээр үнэлгээ хийх эрх өгдөг. Одоогоор 20 гаруй компаний 80 гаруй үнэлгээчин ажиллаж байна. Харин хохирол үнэлэх тусгай зөвшөөрлийг Санхүүгийн зохицуулах хорооноос олгодог. Одоогоор 29 компани энэ зөвшөөрлийг авсан.
Монголын хохирол үнэлгээчдийн холбоо хохирол үнэлгээчдийнхээ мэдлэг, чадварыг дээшлүүлэх тогтмол сургалтуудыг зохион байгуулдаг. Түүнээс гадна мэргэжлийн болон ёс зүйн алдаа гаргахаас сэргийлж, үйлчлүүлэгчдээс ирсэн гомдлыг барагдуулах зорилготой мэргэжлийн Зөвлөл, Ёс зүйн хороо, Хяналтын хороо ажиллуулдаг.
... Хэрэв үйчлүүлэгч үнэлгээний компаний гаргасан үнэлгээтэй санал нийлэхгүй бол манай холбооноос гурваас дээш хүний бүрэлдэхүүнтэй шинжээчийн баг томилж асуудлыг эцэслэн шийдвэрлэдэг ...
Өнөөгийн байдлаар Авлигатай тамцэх газар, Тагнуулын Ерөнхий Газар, Шүүхийн байгууллагууд, мөрдөн байцаагчид, иргэд, даатгалын компаниуд гээд олон төрлийн субъектууд гомдол гаргаж асуудлаа шийдүүлээд байна.
Хохирол үнэлэгч компаниуд тээврийн хэрэгслийн хохирлыг үнэлэхдээ нэгдсэн аргачлалаар үнэлээд байна уу, эсвэл өөр өөрийн аргаар үнэлдэг үү?
Тээврийн хэрэгслийн хохирлын үнэлгээний зөрүүтэй байдал, үнэлгээний давхардал, үнэлгээчийн хараат бус бие даасан үйл ажиллагаанд гарсан доголдол зэрэг асуудлаар гомдлууд манай холбоонд багагүй ирдэг байсан учир саяхнаас манай гишүүн компаниуд тээврийн хэрэгслийн хохирлыг үнэлэх нэгдсэн "Эстиматор" хэмээх программд шилжсэн. Энэ программ Албан журмын даатгагчдын холбооны мэдээллийн сантай нэгдэн ажиллах техникийн шийдлийг өнгөрсөн онд хийсэн.
Одоо зөвхөн нээх ажил үлдсэн. Энэ сантай холбогдсоноор Албан журмын даатгагчдын холбоонд байгаа 380 мянга гаруй тээврийн хэрэгслийн мэдээлэл, манай холбоонд байгаа 90 гаруй мянган тээврийн хэрэгслийн зах зээлийн үнэлгээний мэдээллийн сангууд нэгдмэл болно. Мэдээллийн нэгдсэн сан дээр ажиллаад ирэхээр үнэлгээг бодитой тогтоох боломж бүрдэнэ. Түүнээс гадна нэг компаний хийсэн үнэлгээг өөр компани давхардуулан хийхгүй болж, үнэлгээний зөрүү гарахаа болино. Машины улсын дугаарыг оруулахад даатгал, үнэлгээтэй холбоотой бүх мэдээлэл гарч ирнэ.
Монголд өнөөдөр хохирлын үнэлгээний эрх зүйн орчин бүрэн төлөвшиж чадсан уу?
Монголд одоогоор зөвхөн хөрөнгийн хохирлын үнэлгээний эрх зүйн орчин бүрдээд байна. Харин хүний амь нас, эрүүл мэнд, сэтгэл санаа, алдар хүндэд учирсан хохирлыг үнэлэх талаар хуулинд тусгасан байдаг ч тогтолцоо нь төлөвшөөгүй.
... Аливаа хэргийг шүүн таслахад их хугацаа орж, зардал гардаг. Энэ хооронд хохирогч тал эрүүл мэнд, сэтгэл санаа, алдар хүндээрээ хохироод л явж байдаг. Хэрэг дууссан ч тэдгээр хохирлыг бүрэн барагдуулдаггүй ...
Хүний бие, эрхтэн, сэтгэл санаанд учирсан хохирлыг арилгах талаар Эрүүгийн хуулийн заалтууд, Цагдаагийн Ерөнхий газрын боловсруулсан аргачлал байдаг ч харамсалтай нь бүрэн хэрэгждэггүй. Монголын хувьд бие, эрхтэн, сэтгэл санаанд учирсан хохирлыг шүүхийн шийдвэр гарсаны дараа хагас дутуу барагдуулдаг. Угтаа олон улсын жишгээр эхлээд мэргэжлийн байгууллагаар хохирлыг нь тогтоолгоод Хохирлын сангаас мөнгийг нь өгчихөөд дараа нь шүүхийн асуудал яригдах ёстой.
... Нөгөө талаар манай улсад хүний эрүүл мэнд, амь нас, сэтгэл санаатай холбоотой даатгалын үйлчилгээг хөгжүүлэх хэрэгтэй байна ...
Жолоочийн албан журмын даатгалын хуульд жижиг оврын тээврийн хэрэгсэлд учирсан хохиролд таван сая, том оврын тээврийн хэрэгслийн хохиролд 10 сая хүртэл төгрөгийг нөхөн олгоно гэж заасан байдаг. Энэ мөнгөний 80 хувийг хүний эрүүл мэндэд зарцуулж болно. Гэхдээ таван сая, арван сая гээд заачихсан учраас тэр мөнгө нь эрүүл мэндийн зардалд хүрэхгүй байх тохиолдол олон. Өнөөдөр нөхөн сэргээх зардал маш өндөр гардаг. Хэрэв хүн осолд ороод насан туршдаа эрэмдэг болж, хүний асаргаанд орвол яах вэ? Уг нь тэр асаргааны зардлыг хүртэл олгох ёстой.
... Солонгост гэхэд сэтгэл санааны хохирлын суурь үнэлгээ 80 сая вон байдаг. Ингэхдээ зөвхөн осолд орсон хүн биш, тэр хүний ойр дотныхны сэтгэл санааны хохирлыг тооцдог. Үүнийг л бодит хохирол гээд байгаа юм ...
2015 онд Монголын хохирол үнэлгээний түүхэнд нэг чухал үйл явдал болсон нь манай улсад анх удаа хүний амь нас, сэтгэл санаа, алдар хүндэд учирсан хохирлыг үнэлэх асуудал бодитой тавигдаж, ийм хохирлыг тооцох арга, аргачлалын чиглэлээр Эрүүл мэндийн яаман дээр таван өдрийн сургалт явагдсан. Засаглалын индекс өндөр гэгддэг БНСУ-ын таван профессор ирж даатгалын байгууллага, шүүх болон шүүхийн шинжилгээний байгууллагууд, тээврийн прокурор, хохирол үнэлгээний компаниудын төлөөлөл бүхий 80 гаруй хүнийг хамарсан том сургалт зохион байгуулсан.
2015 оноос хойш Хохирол үнэлгээчдийн холбоо ийм хохирлыг үнэлэх бололцоотой болсон. Хүний эрхийн комисс ч бас үнэлж баршгүй гэсээр байгаад үнэгүй болчихсон монгол хүнийхээ амь нас, эрүүл мэндийг үнэлдэг болъё гэсэн уриалга гаргасан. Манай холбоо Солонгосын Хохирол үнэлгээчдийн холбоотой хамтарч ажиллах санамж бичигт гарын үсэг зурсан. Цаашдаа энэ чиглэлд боловсон хүчнээ бэлдэх, мэргэшил дээшлүүлэх ажлуудыг хийнэ.
Та ийм хохирлыг үнэлэх бололцоотой болсон гэж хэллээ. Үнэлгээний компани авто машины хохиролтой хамт тэр ослоос үүдэлтэй хүний эрүүл мэнд, сэтгэл санааны хохирлыг үнэлсэн тохиолдол Монголд байна уу?
Байна. Тухайлбал саяхан Монголын нэг үнэлгээний компани ийм үнэлгээ хийсэн. Солонгос улсын иргэн машин жолоодож яваад ахмад хүнийг бэртээсэн. Үнэлгээний дагуу тэр солонгос 90 орчим сая төгрөгийг нөхөн төлөх ёстой болсон. Төлсөн эсэхийг нь баттай мэдэхгүй байна. Мөн хэд хэдэн оюуны өмч эзэмшдэг, гадаадын хөрөнгө оруулалттай компанид ажилладаг хүн зам тээврийн ослоор нас барж хохирол нь 200 сая төгрөг болсон.
Даатгалын болон үнэлгээний аргаар жолооч нарын хариуцлагыг дээшлүүлэх боломж бий юу?
Байгаа гэж үздэг. Хэрвээ нэг талаас даатгалын систем хөгжиж, зөвхөн тээврийн хэрэгсэл бус, түүнийг дагалдах хохирлуудыг бодитоор үнэлээд ирвэл жолооч нар замын хөдөлгөөнд хариуцлагагүй оролцох нь багасна. Өөрөөр хэлбэл хүн осолд ороход зөвхөн машиныг нь засаад зогсохгүй, тэр ослоос үүдэж бий болсон алдагдсан боломж, хэрэв тэр хүн компаний захирал байсан бол компанийх нь алдсан боломжийн хохирол, хэрэв эрэмдэг болсон бол нөхөн сэргээх болон асаргааны зардал, шүүхийн зардал гээд бүгдийг төлөх хэрэгтэй болно. Хариуцлагагүй байдлаасаа болж ийм их мөнгө төлөх дуртай хүн мэдээж байхгүй.