Монголд хөрөнгийн зах зээлийг хөгжүүлэх хууль
2016.06.02

Монголд хөрөнгийн зах зээлийг хөгжүүлэх хууль

Хуулийн нэр: Үнэт цаасны тухай

Өргөн барьсан: 2013 - 01 - 07

Баталсан: 2013 – 05 – 24

Яагаад шинэчлэх болов?

Үнэт цаасны тухай хуулийг 1996 онд баталж, 2002 онд уг хуулийг шинэчлэн найруулж баталсан. Энэ хугацаанд үндэсний хэмжээнд санхүүгийн хуримтлал хангалттай бүрдээгүй, хөрөнгийн зах зээлийн хөгжил нь олон улсын нийтлэг жишигт хүрээгүй зэрэг шалтгааны улмаас уг хуулийн хэрэгжилт хангалтгүй байснаас гадна хөрөнгийн зах зээлийн хөгжил бүтцэд гарч буй өөрчлөлттэй нийцэхгүй болж ирсэн.

Тиймээс үнэт цаасны зах зээлийг орчин үеийн хөгжлийн чиг хандлагад нийцүүлэх, тус зах зээлд оролцогчдын үйл ажиллагааг нарийвчлан зохицуулах, ил тод болгох, олон нийт, хөрөнгө оруулагчдын эрх ашгийг хамгаалах, төрийн зохицуулалт, хяналт, шалгалтын үр нөлөөг дээшлүүлэх шаардлага тулгарсны улмаас 2013 онд шинэчлэн найруулсан юм.

Ямар өөрчлөлт гарч байна?

... Үнэт цаасны зах зээлийн тухай хууль шинэчлэн батлагдсанаар хөрөнгийн зах зээлийн үйл ажиллагаа олон улсын стандартад нийцэхэд нэг алхам ойртлоо ...

Мөн тус зах зээлд шинэ төрлийн бүтээгдэхүүн, үйлчилгээ нэвтрүүлэх, мэргэжлийн байгууллагууд төдийгүй хөрөнгө оруулагчдад санхүүгийн сахилга бат суулгаж, хариуцлагыг өндөржүүлэх, эрсдлийг бууруулах чиглэлд тодорхой ахицууд гараад байна.

Түүнчлэн зах зээл дэх тоглогчдын үүрэг, эрх хэмжээг тодорхой болгож, шинэ дэг журам тогтоож, зах зээлийн мэдээллийг ил тод, нээлттэй болгосон нь үнэт цаасны зах зээлд итгэх олон нийт, хувьцаа эзэмшигчдийн итгэлийг дээшлүүлэхэд сайнаар нөлөөлж байна.

... Хууль шинэчлэгдсэнээр үндэсний болон гадаадын хөрөнгө оруулагчдын хөрөнгийн зах зээлд оролцох сонирхол нэмэгдэж, тус зах зээлийн нийгэм, эдийн засагт эзлэх байр суурь тодорхой хэмжээгээр тэлж байгаа нь яваандаа банкны салбараас хэт хамааралтай санхүүгийн зах зээлийн өнөөгийн тогтолцоог өөрчилнө гэж харж байна ...

Үнэт цаасны зах зээлийн тухай шинэчилсэн найруулгын хүрээнд Санхүүгийн зохицуулах хорооны эрх зүйн байдлын тухай, Эрүүгийн хууль зэрэг шаардлагатай бусад хуульд нэмэлт өөрчлөлт оруулж, өмнөх хууль хүчингүй болсон юм.