Хөрөнгө оруулагчдад ашигтай,хөрөнгийн зах зээлийг хөгжүүлэх хууль
Мөнгөө үржүүл, гэхдээ мэдээж мэргэшсэн хүнд даатга...
2016.02.04

Хөрөнгө оруулагчдад ашигтай,хөрөнгийн зах зээлийг хөгжүүлэх хууль

Хөрөнгө оруулалтын сангийн тухай товчхон:

Иргэн хөрөнгө оруулалтын санд хөрөнгө оруулалт хийнэ.

Сан хөрөнгө оруулалтаар мэргэшсэн удирдлагатай байна.

Сан хөрөнгө оруулагчдын өмнөөс шийдвэр гаргаж, тэдний эрх ашгийг хувьцаа, хөрөнгө оруулалтын хэрэгсэл гаргасан компаниуд дээр төлөөлнө.

Хувьцаа, хөрөнгө оруулалтын багц хэрэгсэлд хөрөнгө оруулдаг учраас эрсдэл харьцангуй бага.

Ашигтай юм биш үү гэж хошуурахаасаа өмнө

Хүмүүс харьцангуй урт насалдаг. Таны хөрөнгө энэ урт хугацааны амьдралын туршид хангалттай хүрэлцэж, үймээнтэй зах зээлд хөл алдахгүй байж чадах уу?

Олон улсын маш туршлагатай баг, тэр дундаа 300 ба түүнээс дээш жилийн хөрөнгө оруулалтын туршлагатай, 27 мэргэжлийн өндөр түвшинд бэлтгэгдэж мэргэшсэн санхүүгийн шинжээчид, 8 хэлээр яригч хөрөнгө оруулалтын ажилтнууд. Энэ бол АНУ-ын Нью-Йорк хотод төвтэй АНУ-ын олон үндэсний хөрөнгө оруулалтын менежментийн корпораци “Blackrock”-ийн нэгэн биеэ даасан сан болох Global Allocation Fund-ын үйлчилгээний чанарын баталгаа юм.

1774 он буюу 250 орчим жилийн тэртээ анхны хамтын хөрөнгө оруулалтын сангийн суурийг Голланд худалдаачид тавьж, цаашлаад 1890 онд АНУ-д орчин үеийн анхны энэ төрлийн сан байгуулагдсанаар дэлхийн санхүү, хөрөнгө зах зээлийнхэн хөрөнгө оруулалтын энэ хэлбэрийн амтанд орсон гэж болно. 

Яагаад эрсдэл бага байдаг гэж, хувьцаа, бондод хөрөнгө оруулахаас ялгаа нь юундаа байна гэж асууж болох юм.

Ямар ч зах зээлд уналт, сэргэлт ээлжилдэгийн адилаар унаж, босож явсан ч бусад савлагаатай хөрөнгө оруулалтын зах зээлийг бодвол эрсдэл харьцангуй бага байлаа.

Тэгвэл Хөрөнгө оруулалтын сангийн мэргэжилтнүүд нь хөрөнгө оруулагчаас татан төвлөрүүлсэн хөрөнгөө хэд хэдэн төрлийн үнэт цаас, хөрөнгө оруулалтын хэрэгсэлд тараан байршуулдаг. Ингэснээр нэг компанийн хувьцаа уналттай байлаа гэхэд нөгөө компанийн хувьцаа өсөж байдаг тул хөрөнгө оруулагчдад тун таатай нөхцөл болж байдаг.

Банк, санхүүгийн зах зээлд олон жил ажилласан, одоогийн зах зээлд өрсөлдөж буй мэргэжилтнүүдээс ахисан түвшний хүмүүс Хөрөнгө оруулалтын санд ажилладаг, ажиллах ёстой учраас тэд бодлого, судалгаагүй, хөнгөн хийсвэр шийдвэр гаргана гэж үгүй.

Тэгээд ч Хөрөнгө оруулалтын сангийн үйлчилгээний шимтгэл харьцангуй бага байдаг нь нэгэн давуу тал болдог.

Тэгвэл Монгол Улсад Хөрөнгө оруулалтын сан гэдэг ойлголт шинэ үү? Үгүй гэж хэлнэ. Учир нь судлаач миний мэдэхээр 2004, 2005 онуудад Нээлттэй нийгэм форумын судлаачид Хөрөнгө оруулалтын сан байгуулах боломж бий эсэхийг эрэлхийлж, судалгаа хийж байжээ.

Тухайн үеийн нийгэм, эдийн засгийн нөхцөл байдал, зах зээлийн багтаамж, компаниудын чадавхи зэрэг олон хүчин зүйлээс шалтгаалж, судалгааны дүгнэлт тааруу гарсан юм. Тэгвэл үүнээс даруй 10 гаруй жилийн дараа буюу өнөөдөр Монголд Хөрөнгө оруулалтын сан байгуулах боломж харьцангуй нээлттэй байна.

Энэ төрлийн үйл ажиллагаа явуулах эхний алхмуудыг банк, даатгалын салбарт тогтвортой үйл ажиллагаа явуулдаг санхүүгийн байгууллагууд хийгээд эхэлжээ. Энд Голомт банк болоод Мандал даатгал зэргийг дурдаж болно. Хувийн тэтгэврийн сан байгуулна гэж яригдаж байгаа нь ч хөрөнгө оруулалтын сангийн нэгэн төрлийг хөгжүүлэх гээд байна гэсэн үг. 

Би дээр нээлттэй байна гэж хэлсний учир нь “Хөрөнгө оруулалтын сангийн тухай” хуулийг 2013 онд баталж, сангийн үйл ажиллагаа явуулах журам гаргаад байна.

Харин 1930-аад оны эхээр олон улсад сангийн үйл ажиллагааг хуульчилж байсныг дурдах хэрэгтэй болов уу. Хэрэв та Хөрөнгө оруулалтын сан байгуулахаар шийдсэн бол хангалттай мэргэшсэн, туршлагатай, итгэл даахуйц багтай байх ёстой. Хэрэв байгуулагдсан санд хөрөнгө оруулахаар шийдсэн бол тэд үнэхээр таны мөнгийг найдвартай өсгөж чадах хүчирхэг баг мөн үү гэдгийг судлаарай.

Яагаад хөгжүүлэх шаардлагатай гэж?

Шаардлага 1:

Хөрөнгийн зах зээлийн хөрөнгө оруулалтын үндсэн дэд бүтцэд, даатгалын компаниуд, хувийн тэтгэврийн сан, хөрөнгө оруулалтын сангууд хамгийн чухал институциуд болж оролцдог. Манай улсад эдгээр институци бүрдээгүй байгаа нь хөрөнгийн зах зээлийн хөгжлийн түвшинг харуулж байна.

Шаардлага 2:

Иргэд хувьцаа эзэмших хүсэлтэй. Эзэмшиж буй хувьцаагаа эргэлдүүлж, үр ашгийг нь хүртэх сонирхолтой. Гэтэл иргэдийн ашиг сонирхлыг хангасан хөрөнгийн зах зээлийн институци одоо хэр нь байгуулагдаагүй. Банкны хадгаламж эрсдэл багатай боловч үр ашиг  их биш. Хөрөнгийн бирж, хувьцаа гаргасан компани бүр хувьцаа эзэмшигчтэй тулж харьцдаггүй.

Шаардлага 3:

Иргэдийн хөрөнгө оруулалтын төлөөлөл болсон даатгалын компаниуд, хөрөнгө оруулалтын сан, тэтгэврийн сангууд нь дэлхийн ДНБ-ээс давах хэмжээний хөрөнгийг удирдаж байна. Энэ нь тус зах зээлд асар их мөнгө эргэлдэж байгааг илтгэнэ.

2010 оны байдлаар эдгээр хөрөнгийн зах зээлийн институциуд 80 орчим триллион ам.долларын хөрөнгөтэй байна.

Дүгнэлтийн оронд...

“Хөрөнгө оруулалтын сан”-г Монголд байгуулах, хөгжүүлэх шаардлага ойрын ирээдүйд тулгараад байна.

Тус санг байгуулах эрх зүйн боломж, орчин бүрдсэн.

“Хөрөнгө оруулалтын сан”-г байгуулах хүний нөөцийн боломж байгаа гэдэг нь банк, санхүүгийн салбарт ажиллаж буй 50 хүнээс авсан судалгаагаар харагдаж байна. Банк, санхүүгийн салбарт ажиллаж буй 50 хүн тутмын 17 нь ажиллах сонирхолтой гэдгээс авч үзвэл зах зээлийн хүлээлт байгааг харуулж байна. Хэдий тийм боловч хөрөнгө оруулалт тэр дундаа “Хөрөнгө оруулалтын сан”-гийн талаар мэргэшсэн боловсон хүчин зах зээлд дутагдалтай байгаа нь судалгааны явцад ажиглагдаж байсан юм.

“Хөрөнгө оруулалтын сан”-г Монголд байгуулах, хөгжүүлэх боломжтой гэж үзэж байгаа нэг хэсэг байхад, боломжгүй гэж байгаа нөгөө хэсэг байна.

Энэ нь хөрөнгө зах зээлийн бат хөрс одоо хүртэл тавигдаагүй, сонгодог утгаараа хөгжүүлээгүй байгаатай холбон тайлбарлаж болох боловч хэрвээ байгуулж, хөгжүүлж эхэлбэл тус зах зээлээс туршлага хуримтлуулж, хөгжүүлэх боломж байгаа нь харагдаж байна.

“Хөрөнгө оруулалтын сан”-г Монголд байгуулах, хөгжүүлэх боломжийн талаар хэрэглэгчдийн судалгааг авах шаардлагатай гэдгийг судалгааны явцад ойлгосон юм. 

“Мандал даатгал”-ын Ерөнхийлөгч асан, Голомт банкны Ерөнхийлөгч Ө.Ганзориг

"Энэ хуульд санхүүгийн олон шинэлэг, өвөрмөц харилцаа оруулж ирсэн. Гэхдээ хууль гарснаар сангууд цэцэглэж, банкин дээр тогтсон өнөөгийн санхүүгийн зах өөрчлөгдөнө гэвэл хэцүү. Нэлээд хугацаа орно.  Би хувьдаа тийм олон сан байгуулагдана гэж бодохгүй байна. 10-аад нээлттэй сан, нилээдгүй хаалттай сан бий болох болов уу. Учир нь хэрэглэгчид хашир, банкны хадгаламжиндаа үнэнч, нөгөө талаас санг ажилуулах хөрөнгө оруулалтаар дагнасан хүн харьцангуй цөөн байна."

Санхүүгийн зохицуулах хорооны дарга асан Д.Баярсайхан

"Үнэт цаасны хуулийг шинэчлэх, энэ зах зээлийн үндсэн тоглогч болсон Хөрөнгө оруулалтын сангийн хууль эрх зүйн орчныг бүрдүүлэх зайлшгүй шаардлага тулгарч учраас энэ хууль гарсан. Хөрөнгө оруулалтын сангууд байгуулагдаж, үнэт цаасны зах зээлээр дамжуулан хөрөнгө оруулагчид  урт хугацааны хөрөнгө оруулалт хийж, урт хугацаанд ашиг олох боломж бүрдэнэ. Энэ хуулийн үндсэн зохицуулалт нь хувийн хөрөнгө оруулалтын сангийн тухайд тусгай зөвшөөрөл олгох гэхээсээ бүртгэх талд түлхүү анхаарсан. Хөрөнгө оруулалтын сангууд өөрсдөө дүрмээ баталж, дүрмийнхээ дагуу хөрөнгө оруулах салбараа сонгож, татан буугдах хугацаа тогтоох ёстой. Үнэт цаасны тухай болон энэ хуульд Кастодианы үйл ажиллагаа эрхлэх асуудлыг зохицуулж өгсөн." 

Хөрөнгө оруулагчдад ашигтай, хөрөнгийн зах зээлийг хөгжүүлэх хууль

Хуулийг энгийн хэлээр тайлбарлахыг оролдов.

Хуулийн нэр: Хөрөнгө оруулалтын сангийн тухай

 Баталсан он.сар.өдөр: 2013.10.03

Хүчин төгөлдөр мөрдөж эхэлсэн он.сар.өдөр: 2014.01.01

Хөрөнгө оруулалтын сан нь хуулийн этгээдийн эрхтэй тусгай зориулалтын компани байна. Хоёр ба түүнээс дээш тооны энэ төрлийн мэргэжлийн үйлчилгээ үзүүлдэг компаниуд хамтран байгуулж болно. Энэхүү компани нь хөрөнгө оруулагчдын хөрөнгийг удирдана гэсэн үг. Ингэхдээ хөрөнгө оруулагчдын тогтмол, үнэн зөв мэдээллээр хангаж, мэргэжлийн тооцоо, судалгаанд үндэслэн тэдний хөрөнгийг удирдах үүрэгтэй.

Гэхдээ санд хөрөнгө шууд төвлөрч, байршихгүй. Сангийн хөрөнгийн бүртгэл, хадгалалтыг Кастодианы үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл бүхий хуулийн этгээд хариуцна.

Энэ нь хөрөнгө оруулагчийн эрсдэлийг тараан байршуулж буй хэрэг. Тухайлбал, сангийн удирдлагын буруутай үйл ажиллагаанаас үүдэлтэй эдийн засгийн хохирлыг хөрөнгө оруулагчдын хөрөнгөд гар хүрэхгүйгээр сан өөрөө бүрэн хариуцна.  

Мэргэжлийн хүний нөөцөөр багаа бүрдүүлсэн Кастодиан нь зөвхөн хөрөнгө бүртгэх, хадгалах чиг үүрэгтэй бөгөөд хөрөнгө оруулалтын менежменттэй холбоотой бусад үйлчилгээ үзүүлэхийг хуулиар хориглосон заалттай. Иргэн, хуулийн этгээдийн хөрөнгийг бүртгэж, хадгална гэдэг утгаараа тодорхой шаардлагуудыг хангасан байх бөгөөд үүний дотор удирдлага нь санхүүгийн сахилга, бат сайтай байхыг заажээ. Хуульд сангийн үйл ажиллагааг найдвартай явуулахад чухал үүрэгтэй Кастодианы үйл ажиллагаа, эрх үүрэг, хөрөнгө хадгалах гэрээ зэрэг зүйл заалтыг нарийн тусгасан байна.

Хамтын болон хувийн гэсэн хоёр хэлбэр, төрөлтэй байна. Хамтын санд зөвхөн мөнгөн хөрөнгөөр, хувийн хөрөнгө оруулалтын санд мөнгөн хөрөнгөөс гадна санхүүгийн бусад хэрэгслээр хөрөнгө оруулж болно. Хувийн хөрөнгө оруулалтын сан нь нээлттэй эсвэл хаалттай хэлбэрээр үйл ажиллагаа явуулна.

Иргэн, хуулийн этгээд санд хөрөнгө оруулж болно. Тэдний оруулсан хөрөнгийг удирдахдаа эрсдлийг хэт төвлөрүүлэхгүй үүднээс хөрвөх чадвартай тодорхой хэрэгслүүдэд тараан байршуулна. Ногдол ашиг тараахгүй байж болно. 

Хөрөнгө оруулалтын санг үүсгэн байгуулах, татан буулгах, үйл ажиллагаанд хяналт тавих чиг үүргийг Санхүү, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага байх бөгөөд тэр нь Санхүүгийн зохицуулах хороо юм. Тус хороо хамтын хөрөнгө оруулалтын санд төвлөрүүлэх хөрөнгийн доод хэмжээг зааж өгнө. Харин хувийн хөрөнгө оруулалтын сан нь онцлогоосоо хамаарч тусгайлсан зохицуулалттай учраас Хороо оролцохгүй юм байна. Хувийн гэдгээрээ олон нийтээс хөрөнгө татан төвлөрүүлэхгүй, олон нийтэд энэ тухай мэдээлэх албагүй.

Санхүүгийн зохицуулах хорооноос баталсан журмаар сангийн хувь нийлүүлсэн хөрөнгийн хэмжээ 100 сая төгрөгөөс доошгүй байна гэж заасан. Хамтын хөрөнгө оруулалтын сан нь хөрөнгө оруулагчдын хамрах хүрээ өргөн, олон хөрөнгө оруулагчдын ашиг сонирхол хөндөгддөг гэдэг утгаараа олон нийтээс хэрхэн, яаж хөрөнгө татах зэргийн нарийвчлан заасан. Тодруулбал, хамтын сан нь Санхүүгийн зохицуулах хороонд бүртгүүлснээс хойш зургаан сар олон нийтэд үйл ажиллагаагаа танилцуулж, хөрөнгө татах ажлаа явуулна.

Сангийн зүгээс нэгж эрхээ анхдагч зах зээлд худалдах боломжтой. Мөн сангийнхаа дүрэмд заасан хөрөнгийг төвлөрүүлж чадаагүй бол сангийн үйл ажиллагааг зогсоож, тусгай зөвшөөрөл олгохгүй. Эсрэгээрээ дүрэмд заасан хэмжээний хөрөнгө татан төвлөрүүлж чадсан тохиолдолд Хорооны зүгээс 14 хоногт багтаан үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг 10 хүртэл жилээр олгох юм байна.

Хөрөнгө оруулалтын сангийн хөрөнгө оруулах хэрэгслүүд 
  1. Засгийн газрын бонд
  2. Нээлттэй ХК-ийн хувьцаа
  3. Хаалттай ХК болон ХХК-ийн хувьцаа
  4.  Зохицуулалттай зах зээлд нээлттэй арилжаалагддаг компанийн бонд
  5. Хөрөнгө оруулалтын  сангийн активт даарах хөрөнгө оруулалтын хэрэгсэл багтана.
  6. Зохицуулалттай зах зээлд нээлттэй арилжаалагддаггүй компанийн бонд
  7. Гадаад улсын Засгийн газраас гаргасан бонд
  8. Хөрөнгөөр баталгаажсан үнэт цаас
  9. Үүсмэл санхүүгийн хэрэгсэл
  10. Гадаад болон дотоодын валют
  11. Алт болон бусад арилжаалах боломжтой уул уурхайн бүтээгдэхүүн
  12. Үл хөдлөх эд хөрөнгө болон үл хөдлөх эд хөрөнгийг эзэмших эрх 
0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.