Бичил санхүүгийн зах зээлийн эрсдлийн удирдлага
Энэхүү материалаар дамжуулан бичил санхүүгийн зах зээлийн зээлийн эрсдэлийн өнөөгийн байдал, цаашдын хандлагыг тодорхойлж, зээлийн эрсдлээс хамгаалах олон улсын удирдлагын арга ажиллагааг ББСБ-ын бизнес эрхлэгч нарт санал болгосон болно.
Санхүүгийн эрсдлийн дотроос хамгийн их анхаарал татаж байгаа эрсдэл нь зээлийн эрсдэл юм. Зээлийн харилцаанд оролцогч талууд зээлийн гэрээний тодорхой нэг хэсэг буюу гэрээг бүхэлд нь биелүүлэхгүй байх, харилцагч зээлийн үндсэн төлбөр болон зээлийн хүүний төлбөрөөс санаатай буюу санамсаргүй зайлсхийх нь зээлийн эрсдлийг илэрхийлдэг.
Зээлийн байгууллагын тогтвортой ажиллагааг хангахын тулд эрсдлийг бууруулах арга хэмжээг зорилготой, зохион байгуулалттайгаар хэрэгжүүлэх явдлыг удирдлагын зүгээс шаарддаг. Зээлийн эрсдлийг удирдах ажиллагаа нь эрсдлийн хүчин зүйлсийг тодорхойлох, үнэлэх, түүнийг бууруулах арга замыг тодорхойлох замаар хэрэгждэг.
Зээлийн эрсдлийн удирдлага нь дараах үе шаттай байх шаардлагатай. Үүнд:
-Эрсдлийг тодорхойлох
-Эрсдлийн тоон болон чанарын үнэлгээ хийх
-Эрсдлийн стратегийг сонгох
-Эрсдлийн түвшинг бууруулах аргуудыг сонгож хэрэгжүүлэх
-Зээлийн эрсдлийн түвшингийн өөрчлөлтийг хянах зэрэг юм.
Зээлийн эрсдэлд нөлөөлөгч хүчин зүйлс:
Зээлийн харилцаанд оролцогч талуудын бизнесийн орчинд эдийн засаг, улс төрийн болоод бусад тодорхойлох боломжгүй гадны хүчин зүйлийн таагүй нөлөөллөөс үүссэн зээлийн төлбөрийг хангах мөнгөн урсгалыг саатуулах
Олгосон зээлийн барьцааны чанарын үнэлгээний эрсдэл
Харилцагчийн бизнесийн нэр хүндийн эрсдэл зэрэг юм.
Харин бичил санхүүгийн зах зээл гэдэгт манай улсад ББСБ, ХЗХ-ны үйл ажиллагааг ойлгож байна. Энэ зах зээлийн онцлог нь бага, дунд орлоготой, орлого нь тогтворгүй байдаг бөгөөд эдийн засгийн нөхцөл байдлаас ихээхэн хамааралтай эмзэг мэдрэмтгий харилцагчид байдаг. Иймд энэ зах зээлд үйл ажиллагаа явуулахдаа нарийн судалгаа шинжилгээ хийж байх хэрэгтэй юм.
... Манай улсын бичил санхүүгийн зах зээлийн эрсдэлийн түвшин өндөр бөгөөд цаашид өсөх хандлагатай байна ...
2015 оны эцсийн байдлаар 450 ББСБ 623,1 тэрбум төгрөгний, 253 ХЗХ 97,7 тэрбум төгрөгний активтайгаар үйл ажиллагаагаа явуулж байна. Бичил санхүүгийн зах зээл жил ирэх тусам цар хүрээгээ тэлж 2014-2015 онд актив 22,4%-р, санхүүгийн байгууллагын тоо 166–н нэгж байгууллагаар тус тус өсжээ.
Бичил санхүүгийн зах зээлийн активыг банкны салбартай харьцуулан үзвэл 2015 оны эцсийн байдлаар 3,51% байгаа нь санхүүгийн зах зээлд бага байр суурийг эзэлж байна. Гэсэн хэдий ч бичил санхүүгийн зах зээлийн харилцагчид, гишүүдийн тоо, активын хэмжээ хурдацтай өсөж байгаа юм.
ББСБ, ХЗХ-ын үйл ажиллагааны гол чиглэл нь зээлийн үйл ажиллагаа бөгөөд ББСБ-ын нийт активын 62,7%, ХЗХ-ны 77,1%-ийг зээл эзэлж байна. Бичил санхүүгийн зах зээлийн зээлийн өрийн үлдэгдлийг банкны зээлийн өрийн үлдэгдэлтэй харьцуулахад 2015 оны сүүлийн байдлаар 466,5 тэрбум төгрөг буюу 3,8%-тай тэнцэж байна.
ББСБ, ХЗХ-дын үндсэн бизнес болсон зээл, түүний эрсдэлийн түвшинг тус бүрд нь авч үзэхэд ББСБ-ын нийт зээлийн 84% нь хэвийн, 6% нь хугацаа хэтэрсэн, 3% эргэлзээтэй, 4% нь муу зээл байгаа бол ХЗХ-ны нийт зээлийн 92% нь хэвийн 4% нь хугацаа хэтэрсэн, 2% нь хэвийн бус, 1% эргэлзээтэй, 1 % нь муу зээл тус эзэлж байна. Үүнээс үзэхэд бичил санхүүгийн зах зээлийн томоохон төлөөлөгч болох ББСБ-ын зээлийн багц ХЗХ-ны багцаас зээлийн эрсдэл өндөртэй болохыг харуулж байна.
Санхүүгийн зах зээлийн 2009-2015 оны хугацаан дахь чанаргүй зээлийн түвшин эдийн засгийн нөхцөл байдлаас хамааран нилээд өөрчлөлттэй бөгөөд өндөр байгаа нь дараах зураг 1-с харагдаж байна. Тухайлбал 2009 онд банк, санхүүгийн салбарын зээлийн эрсдэл нилээд өндөр байсан бол 2010-2012 онуудад буурч улмаар 2013 оноос хойш өсч, цаашид ч энэ үзүүлэлт нэмэгдэх хандлагатай байгаа нь харагдаж байна.
.... 2015 оны эцэст ББСБ-ын нийт зээлийн 9,8% нь чанаргүй зээлийн түвшинд шилжсэн нь банк болоод ХЗХ-ны зээлийн эрсдэлээс даруй 2,7-5,3 нэгж үзүүлэлтээр өндөр байна ...
Олон улсад зээлийн багцад эзлэх чанаргүй зээлийн түвшинг 1%-с их тохиолдолд эрсдэлтэй багц гэж үздэг билээ. Үүнтэй харьцуулан үзэхэд бичил санхүүгийн зээлийн эрсдэл маш өндөр байгаа нь анхаарал татсан асуудал юм. Өөрөөр хэлбэл олгосон зээлийн 1 төгрөг тутмын 10% буюу 10 мөнгө нь эргэн төлөгдөх магадлал буурч эрсдэлд өртөж байна гэсэн үг юм.
Зураг 1 Санхүүгийн байгууллагын чанаргүй зээлийн түвшин %
ББСБ-ын 2015 оны 12 сарын зээлийн үзүүлэлтийг өмнөх оны мөн үетэй харьцуулж үзвэл, нийт зээлийн хэмжээ 88.1 тэрбум төгрөгөөр буюу 29.1 хувиар өссөн боловч чанаргүй зээлийн хэмжээ өмнөх оны мөн үетэй харьцуулбал 19.1 тэрбум төгрөгөөр буюу 99.1 хувиар өссөн байна. Нийт зээлд эзлэх чанаргүй зээлийн ангиллын төрөл тус бүрийн хэмжээ нэмэгдэж, түүний дотор муу зээлийн хэмжээ 2 дахин буюу 8.0 тэрбум төгрөгөөр нэмэгдсэнтэй холбоотой зээлийн эрсдэлээс хамгаалах сан өмнөх оны мөн үеэс 11.3 тэрбум төгрөгөөр буюу 75.0 хувиар өссөн байна.
... Нийт 391.2 тэрбум төгрөгийн зээлийн үлдэгдэл байгаагийн 90.0 хувь нь төгрөгийн, 10.0 хувь нь гадаад валютын зээл байна ....
Зээл эрсдэл үүсэхийн хирээр зээлийн эрсдэлийн сангийн хэмжээ нэмэгдэж улмаар зээлийн эрсдэлийн зардлыг өсгөх, барьцаа хөрөнгөөр зээлийн ажиллагааг төлүүлэх шаардлагын үүднээс ӨБҮХХӨ ( Өмчлөх бусад үл хөдлөх хөрөнгө ) тус тус нэмэгдэж байдаг. 2013 оноос ББСБ-ын зээлийн эрсдэлийн сан 3,1 дахин, өмнөх оноос 75%-р өссөн, мөн ӨБҮХХӨ 2013 оноос 27 дахин, өмнөх оноос 16 дахин өссөнөөс зээлийн эрсдэл өндөр байгааг дахин харж болох юм.
ББСБ, ХЗХ-ны зээлийн эрсдэлийн сан чанаргүй зээлийн түвшингөөс бага байгаа нь зээлийн эрсдэлээс хамгаалах хамгаалалт сул, барьцаа хөрөнгөнд найдсан хандлага байгааг илтгэсээр байна. ББСБ-ын нийт активд эзлэх ӨБҮХХӨ 2015 оны эцэст эрс өсч нийт активын 3,65%-ийг эзэлж байгаа нь харилцагчийн зээлийн судалгааг муу хийдэг, барьцаа хөрөнгөнд найдан зээл олгох чиглэл өндөр байгаагийн илрэл юм.
Дээрх судалгаанаас дүгнэхэд манай улсын ББСБ-ийн түвшинд зээлийн эрсдэлийн удирдлагад анхааран сэргийлэх, хамгаалах удирдлагын арга барилаа дээшлүүлэх шаардлагатай байгаа нь харагдаж байна.
... Дэлхийн банкны судалгаагаар манай улсын бичил зах зээлд зээлийн эрсдэл үүсэх үндсэн шалтгаан Төлөх чадвараас нь давсан зээл олгох, Хувь хүний зан чанар, нийгмийн хариуцлагыг сайн судалдаггүй, Гэр бүлийн байдлыг төдийлөн судлахгүй барьцаа хөрөнгөнд найдан олгож байгаа зэрэг нь зээлийн эрсдэлийг нэмэгдүүлж байна гэж үзжээ ....
Харин зээлийн дарамт үүсгэж буй шалтгаан нь Давхар зээл буюу хэд хэдэн зээл давтан олгох, Зээлжих чадварыг буруу тогтоох / барьцаа хөрөнгөнд хэт тулгуурлан олгож байна/ , Зээлийн хэмжээг буруу тогтоох, Харилцагчдаа таньж мэдэхгүй зэргээс тус тус үүдэлтэй байна гэж үзжээ.
Иймд зээлийн эрсдэлээс урьдчилан сэргийлэх, хамгаалахын тулд зээлийн эрсдэлийн удирдлага, зохион байгуулалтын бүтцийг шинэчлэх, нарийн зохион байгуулах хэрэгтэй байна. Олон улсад түгээмэл хэвшсэн зээлийн эрсдэлийн удирдлагын арга барил, эрсдэлийн удирдлага зохион байгуулалт нь дараах хэлбэртэй байдаг байна.
Зээлийн эрсдэлийг үр ашигтай зохион байгуулах үндэс нь түүний эхний шатнаас ихээхэн хамааралтай. Зээлийн эрсдэлийн удирдлагын стратегийг боловсруулах нь ББСБ-ын удирдлага болоод мэргэжлийн боловсон хүчнээс хатуу шалгуур шаардсан ажил байдаг.
Энэ ажлын хүрээнд:
- Зээлийн бодлогод зээлийн харилцааг зохион байгуулах үндсэн чиг шугамыг тодорхойлох
- Зээлийн багцын хэв маяг. хэмжээ хязгаарыг урьдчилан тооцож тодорхойлох
- Зээлийн үнэ бүрдэлтийн зарчмыг тодорхойлох / Зээлийн хүү нь ББСБ-ын төлбөрийн чадвар, орлого зардлын бүтэц, бизнесийн зорилтот стратегид нийцүүлэх ажиллагааг гүйцэтгэдэг. /
Зээлийн бодлого нь зээлийн харилцааг зохицуулахаас гадна зээлийн стратеги, зээлийн эрсдэлийн бодлогыг өөртөө агуулдаг. Энэ үүднээс манай улсын ББСБ-ууд зөв зүйтэй зээлийн бодлого боловсруулан, баримтлан ажиллах шаардлагатай нь харагдаж байна.
Зээлийн бодлого нъ зээлийн үйл ажиллагааны дараах үндсэн заавар аргачлалыг агуулдаг.
- Зээлийн ажиллагааг зохион байгуулж буй ажилтны зээлийн багцыг удирдах хүрээнд хийж гүйцэтгэх үйл ажиллагааны хэм хэмжээ стандартыг тодорхойлж өгөх,
- Зээлийн харилцааны шийдвэр гаргалтын стратеги,
- ББСБ зээлийн ажиллагааны явцад хэрэгжүүлэх дотоод ба гадаад хяналтын тогтолцоог буй болгох зэрэг аргачлалыг агуулдаг байна.
Олон улсын зээлийн байгууллагын туршлагаас харахад зээлийн эрсдэлийг бууруулахад дараах үндсэн аргыг түгээмэл хэрэглэдэг байна.Үүнд:
- Зээлийн шинжилгээ хийх.
- Зээлийн барьцаа. батлан даалт гаргуулах.
- Зээлийн гэрээг зохих журмын дагуу байгуулах,
- Зээлийн хяналт ба зээлдэгчдэд үзүүлэх зөвлөгөө, тусламж үзүүлэх
- Шалгуур үзүүлэлт мөрдүүлэх зэрэг болно.
Эцэст нь дүгнэхэд дээрх судалгаа, шинжилгээнд үндэслэн эрсдэлээс сэргийлэхийн тулд бичил санхүүгийн байгууллагууд дараах зарчмуудыг үйл ажиллагаандаа мөрдөх шаардлагатай байна. Үүнд:
- Зээлийн дарамт үүсгэхээс зайлсхийх
- Ил тод, хариуцлагатай үнэ тогтоолт буюу зээлийн хүүг зөв тогтоох
- Эргэн төлөлтийн зүй зохистой бодлого баримтлах
- Гомдол саналыг шийдвэрлэх механизмыг тодорхой болгох
- Харилцагчийн мэдээллийн нууцлалыг дээшлүүлэх
- Харилцагчиддаа сургалт, семинар тогтмол зохион байгуулах
- Зээлийн шинжилгээнд 6S рейтингийн систем, кредит скорингийн аргыг ашиглах
- Зээлийн эрсдэлд даатгалын тогтолцоог ашиглах зэрэг алхмуудыг нэн тэргүүнд дээшлүүлэх, сайжруулах шаардлагатай гэж судлаачийн зүгээс үзэж байна.
Ашигласан материал:
- ББСБ-ын 2009-2015 оны санхүүгийн тайлангийн нэгтгэлийн танилцуулга
- ХЗХ-ны 2009-2015 оны санхүүгийн тайлангийн нэгтгэлийн танилцуулга
- http://www.ebrd.com/
- http://www.accessholding.com/
- http://www.frc.com/
- http://www.bbsb.mn/
- Л. Оюун “Зээл, зээлийн шинжилгээ” УБ 2005 он