Хашааны банхар барьцаа хөрөнгө мөн үү?
2016.01.22

Хашааны банхар барьцаа хөрөнгө мөн үү?

Орчин үеийн ертөнцөд бүх юм өөрийн гэсэн үнэтэй. Түүний дотор банканд барьцаа болгон зээл авч болдог үнэ бүхий зүйлс гэж бий. Банкинд зөвхөн байр, газар, байшин, хашаа л барьцаалж болдог гэвэл энэ тийм биш. Дэлхийд ер бусын гэмээр барьцаагаар зээл олгодог банкууд байдаг. Тухайлбал Итали улсад бяслаг барьцаалж, зээл олгодог банк ажилладаг. ОХУ-д банкнаас гэрийн тэжээмэл амьтан, тахианы дэгдээхий, шилэн лонхнууд, ёроолыг нь мөнгөлсөн жижигхэн горхи зэргийг барьцаалж, зээл олгосон тохиолдлууд гарчээ. Тэгвэл Монголд яагаад хотны банхар, эрээлсэн, таван ханатай гэр, хурдан морио барьцаалан зээл авч болохгүй гэж?  

Өнөөдөр жижиг, дунд үйлдвэрлэгчид гэсэн ангилалд багтдаг бизнес эрхлэгчдийн толгойны өвчин бол эргэлтийн хөрөнгө, тодруулбал барьцаа хөрөнгийн асуудал. “Зээлийн батлан даалтын сан”- гийн 2013 онд явуулсан судалгаагаар бизнесийн зээл хэрэгтэй аж ахуй нэгжүүдийн 85 хувьд барьцаа хөрөнгө нь хүрэлцдэггүй гэсэн дүн гарчээ.  

Перугийн төдийгүй дэлхийн нэрт эдийн засагч Эрнандо Де Сатогийн хэлсэнчлэн, аливаа хөрөнгийг эрсдэл багатайгаар, албан ёсоор эдийн засгийн эргэлтэд оруулах боломж бүрдэж байж капитал үйлдвэрлэх, хуримтлуулах боломж, хурд нэмэгддэг. Энэ үүднээс аваад үзвэл програмист өөрийн бичсэн программыг, жижиг, дунд үйлдвэрлэгч төслийн санаагаа эсвэл ирээдүйд олох ашгаа, найзаасаа авах 10 сая төгрөгийн авлагаа, үйлдвэрийн эзэн тоног төхөөрөмжөө, тариачин намар хураах ургацаа, хувьцаа эзэмшигч хувьцаагаа, малчин хүн амьдарч буй гэрээ барьцаалж, зээл авахын зэрэгцээ барьцаалсан зүйлээ үргэлжлүүлэн ашиглах боломж бүрдлээ.

Энэ боломжийг бүрдүүлэхэд УИХ нэгэн чухал алхам хийсэн нь 2015 онд баталсан “Хөдлөх эд хөрөнгө болон эдийн бус хөрөнгийн барьцааны тухай” хууль юм.

ХӨРӨНГӨ ЭРГЭЛДЭЖ БАЙЖ ҮР АШГАА ӨГДӨГ                                 

Бүх зүйл хөдөлгөөнд байснаараа өөрчлөгдөж хөгждөг. Үүнтэй адил  хөрөнгө ч бас эргэлдэж хөдөлж байвал эдийн засагт үр ашгаа өгдөг.

... Өнөөгийн байдлаар Монголын эдийн засагт мөнгөний урсгал хумигдаж, бие организмтай зүйрлэвэл цусны эргэлт нь удааширсан. Гэхдээ бид цус багадалт нэрвэгдээгүй. Бидний эргэн тойронд эдийн засгийн эргэлтэд ороогүй, үнэгүйдсэн, үхмэл хөрөнгө олон бий ...

Таны унаж яваа машинаас эхлээд гэрийн тавилга, компьютер, өвөөгөөс өвлөж ирсэн хөөрөг, гаанс гээд олон зүйл өөрийн үндсэн үүргийг гүйцэтгэхээс гадна зээлийн санхүүжилтын хэрэгсэл байх бололцоо бий. Тэр байтугай танай хоолны шүүгээнд байгаа халбага, сэрээ хүртэл эдийн засгийн эргэлтэд өөрийн гүйцэтгэх үүрэгтэй. Гагцхүү энэ бүгдийг эргэлтэд оруулах зохицуулалт хэрэгтэй юм.

Хөдлөх эд хөрөнгөд газраас салгаж болдог бүхий л хөрөнгө хамаардаг. Уг нь Монгол Улсын  “Иргэний хууль”, “Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн” тухай гэсэн хоёр хуульд хөдлөх эд хөрөнгийг бүртгэж болно гэж заасан ч бүртгэснээр эдийн засагт ямар ашигтай вэ гэдэг нь ойлгомжгүй байжээ. 1997 оноос хойш Улсын бүртгэлийн ерөнхий газар 262 754 барьцаа хөрөнгө бүртгэснээс хөдлөх эд хөрөнгө бүртгэсэн нь маш цөөхөн.

2016 оны есдүгээр сарын нэгнээс “Хөдлөх эд хөрөнгө болон эдийн бус хөрөнгийн барьцааны тухай” хууль хэрэгжиж эхэлснээр олон зүйл өөрчлөгдөнө гэж эдийн засагчид хүлээж байна.

... Нэгдүгээрт бидний банкны зээлийн барьцаанд тавьдаг эд хөрөнгийн тоо олширч зээл авахын тулд хамаатан садныхаа байрыг барьцаалж, давхар өр үүсгэдэг байдал багасна.  Ялангуяа жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчдэд санхүүжилтын шинэ үүсвэрүүд бий болж, хөрөнгийн эргэлт сайжирна ...

Шинэ хууль хэрэгжсэнээр иргэн хүн хөдлөх хөрөнгө барьцаалах хүсэлтэй бол түүнийгээ албан ёсоор эзэмших, эсвэл улсад бүртгүүлэхэд хангалттай. Бүртгэл хариуцсан төрийн захиргааны байгууллага таны хөрөнгийг цахим сандаа бүртгэж, бүртгэлийн дугаар олгоно. Ингэснээр хөдлөх хөрөнгө болон эдийн бус барьцааны улсын хэмжээний цахим бүртгэл бий болно. Уг цахим бүртгэл хууль хэрэгжиж эхлэхэд бүртгэхэд бэлэн байх ёстой. Энгийн худалдан авагчид худалдаж авах гэж буй хөдлөх эд хөрөнгө нь барьцаанд байна уу үгүй юу гэдгийг хянаад явах боломж нээгдэнэ. Гэхдээ тухайн барьцааны онцлогоос хамаараад мэдээллийг ил байлгах эсэх, барьцааны мэдэгдлийг бүртгэх, баталгаажуулах, барьцааны эрхийг хэрэгжүүлэх байдал нь тус тусдаа зохицуулалттай. Мэдээж хотны банхар, Ланд Круйзер хоёрыг адилхан нөхцөлтэйгээр барьцаа болгон ашиглаж болохгүй.  

БАРЬЦААНЫ ЗҮЙЛС

Мөн компаниудын хувьд эргэлтийн хөрөнгө, түүхий эдийн нөөц төдийгүй хувьцаагаа барьцаалж зээл авах бололцоо нээгдэнэ.  Банкууд ч гэсэн ойлгомжтой зохицуулалт нь байвал зөвхөн үл хөдлөх хөрөнгө шаардаж өөр сонголтгүй мэт "аашлах"-аа больж хөдлөх хөрөнгө барьцаалдаг болсноор зах зээл дэх зээлийн нийлүүлэлт нэмэгдэх, цаашдаа зээлийн хүү буурахад нөлөөлнө.

Зарим үл итгэгчид “хэрэв бүртгэлээр баталгаажсан барьцаа хөрөнгө өөр хүний эзэмшилд байвал яах вэ” гэж асууж магадгүй. Энэ тохиолдолд эзэмшил нь бүртгэлээс түрүүлж явагдсан гэдгээрээ барьцааны эрхтэй байхаар зохицуулжээ.

Төгсгөлд нь хэлэхэд хөдлөх болон эдийн бус барьцааг бүртгэж баталгаажуулж эхэлснээр далд эдийн засаг дахь хөрөнгийн урсгал ил болгоход том алхам болно гэж хууль санаачлагчид үзэж байна.

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.