СЗХ-ны орон тооны бус гишүүний албан тушаалд нэр дэвшигчийн томилгооны сонсголыг хийлээ
Улсын Их Хурлын Төсвийн байнгын хорооны өнөөдрийн /2025.01.21/ хуралдаан 11 цаг 16 минутад, гишүүдийн 52.6 хувийн ирцтэй эхэлж, Санхүүгийн зохицуулах хорооны орон тооны бус гишүүний албан тушаалд нэр дэвшигчийн томилгооны сонсголыг явуулав.
Нэр дэвшигчтэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүд асуулт асууж, үг хэллээ. Тухайлбал, Улсын Их Хурлын гишүүн Б.Мөнхсоёл санхүүгийн зах зээлийн хяналт тэнцлийг хангахад хэрхэн ажиллах, ашиг сонирхлын ойлголтын талаар тодруулав. Нэр дэвшигч Ц.Бархас, Хувийн хэвшилд ажиллаж байхдаа компани, ажилтнууд, удирдаж буй багийн эрх ашиг гэсэн дарааллаар асуудалд ханддаг итгэл үнэмшилтэй явж ирсэн. Өөрөөр хэлбэл, ашиг сонирхол дээр бус зарчимд тулгуурлаж шийдвэр гаргадаг хэмээн хариулав. Мөн тэрбээр санхүүгийн салбарын үйл ажиллагаа хүмүүсийн итгэл дээр тогтдог эмзэг тул нарийвчилсан олон дүрэм журмаар зохицуулах зайлшгүй шаардлагатай. Гэхдээ амьдралд хэрэгжихгүй дүрэм журам байвал тэр нь зөрчигдөж эхэлдэг. Нэгийг зөрчөөд эхэлбэл дараагийн дүрэм зөрчигдөхөд бэлэн байна гэсэн үг. Иймд бизнесийн орчинд ажиллаж байсан хүний хувьд санхүүгийн салбарын бодит байдал, онол, дүрэм журмын огтлолцол хаана таарч, салаалдгийг мэдэх тул тухайн асуудлыг сайн мэдэрч ажиллана гэж байлаа.
Харин Сонсгол даргалагч, Улсын Их Хурлын гишүүн Г.Дамдинням нэр дэшигчид хандан Санхүүгийн зохицуулах хорооны эрхлэх асуудлын хүрээнд хууль бус бооцоот тоглоом харьяалагддаг тул энэ асуудлын талаарх бодит мэдээллийг нээлттэй, ил тод болгоход санаачилга гаргах, банк бус санхүүгийн байгууллагуудын зарим эдийн засагчид харилцагчдынхаа нэр дээр зээл авч залилан үйлддэг явдал гарч байгаа тул салбарынхаа ёс зүйн асуудалд онцгойлон анхаарч ажиллахыг захиж байлаа.
Үүгээр Санхүүгийн зохицуулах хорооны орон тооны бус гишүүний албан тушаалд нэр дэвшигчийн томилгооны сонсгол өндөрлөв.