ЖДҮ эрхлэгчдэд банкны оролцоогүй санхүүжилтын хэлбэр санал болгоё
Өнөөдөр ЖДҮ-ийг төрөөс санхүүгийн хэд, хэдэн арга хэлбэрээр дэмжиж байгаа ч нээлттэй, хариуцлагатай байж чадахгүй байна. Тэд зах зээлд цэвэр бизнесийн зарчмаар шударга өрсөлдөж, хөрөнгө босгох боломж хомс. Өрсөлдөх чадвар сул, урсгал зардлаа ч санхүүжүүлж чадахгүй, хэрэгцээт шинэ боловсон хүчин ажиллуулахад хүндрэлтэй, бараа бүтээгдэхүүнээ олонд таниулах хөрөнгөгүй, зээлийн дарамтанд орчихсон. Энэ бүхэн нь дампуурах үндсэн шалтгаан болдог.
ЖДҮ-ийн санхүүжилтын нэгэн сонирхолтой суваг бол хөрөнгийн зах зээл. Хөрөнгийн зах зээлээс зөвхөн хувьцаат болон томоохон ХХК л хөрөнгө босгодог гэж ойлгож болохгүй. Хэрвээ ЖДҮ нь хөрөнгийн биржид бүртгэлтэй компани болвол дотоод, гадаадын хөрөнгө оруулагчдад танигдаж, итгэлийг нь олж авахаар бусадтай өрсөлдөхөд нээлттэй. Үүнд төр өөрөөсөө зээл өгөх биш, хөрөнгийн зах зээлд гарах боломжийг нь нээгээд өгчих хэрэгтэй.
Энэ талаар Монголын Хөрөнгийн Биржийн захирал асан, хөрөнгө оруулалтын зах зээлийн шинжээч Д.Ангартай ярилцлаа.
- ЖДҮ-ийг хөрөнгийн зах зээлтэй холбосон энэ механизм яг яаж ажиллах талаар тодорхой ярина уу?
Өнгөрсөн онд Монголын Хөрөнгийн Бирж (МХБ) үйл ажиллагаандаа зарчмын том өөрчлөлт оруулсан. Саяхныг хүртэл зөвхөн том хэмжээний компаниуд ХК-д хандаад хөрөнгө босгох боломжтой. Тэгвэл өнгөрсөн оны наймдугаар сард ЖДҮ-дэд зориулсан тусгай самбарыг ажиллуулж эхэлсэн. Ер нь дэлхийн улс орнуудын хөрөнгийн биржэд жижиг компаниуд, ялангуяа гарааны компаниуд хувьцаагаа гаргаад хөрөнгө оруулагч олдог самбарууд байдаг.
“Эрчим инженеринг” гэдэг компани МХБ дээр ажиллаад 500 сая төгрөгний бонд гаргасан.
Хөрөнгийн зах зээлд ямар нэгэн албан тушаалтан, даргын оролцоо байдаггүй. Санхүүжилт олж чадах эсэх нь тухайн бизнесменийн боловсруулсан төслийн чанараас л хамаарна. Хэрэв хөрөнгө оруулагчийг итгүүлж чадвал нэмэлт хувьцаа эсвэл бонд гаргах замаар мөнгө босгодог. Ийм л боломжийг МХБ өнгөрсөн онд бий болгосон. Хөрөнгө босгосон жишээ ч байна. “Эрчим инженеринг” гэдэг компани МХБ дээр ажиллаад 500 сая төгрөгний бонд гаргасан.
- Тэгвэл ЖДҮ эрхлэгчдэд хөрөнгийн зах зээлд гарах боломж бүрэн нээгдсэн гэж ойлгож болох нээ?
Энэ бол зөвхөн эхлэл. ЖДҮ-дэд зарчмын хувьд давуу тал олгох цаг хараахан болоогүй байна. Ийм нөхцлийг бий болгоход төрөөс шийдвэртэй алхам хийх ёстой. ЖДҮ-ийг дэмжих сан, Хөгжлийн банкны зээл, Батлан даалтын сан зэрэг төрийн санхүүжилтын эх үүсвэрүүдээ хөрөнгийн зах зээлтэй холбож өгөх явдал юм.
Төр өөрөө зээлийн шийдвэр гаргадаг, яамны албан тушаалтан нь зээл олголтод нөлөөлдөг өнөөгийн нөхцөлд аливаа санхүүжилтын шийдвэр эрх тэгш, нээлттэй байж чаддаггүй. Хөгжлийн банк ч гэсэн институцийн хувьд бэхжээгүй, улс төрийн нөлөөлөл орсон газар шүү дээ. Хэрэв ЖДҮ эрхлэгчид хөрөнгийн зах зээлээс санхүүжилт олдог болчихвол яамны албан тушаалтны үүд сахих, эсвэл банк царайчлах хэрэггүй болж зөвхөн хөрөнгө оруулагчтай л уулзана.
Нэг үгээр хэлбэл бид ердөө банкны мөнгийг үржүүлэгч.
- Та Монголын Хөрөнгийн биржийн захирлаар ажиллаж байхдаа дээр дурдсанаас өөр хөрөнгийн зах зээлтэй холбоотой ямар ажлууд эхлүүлсэн бэ?
Аж үйлдвэрийн санхүүжилтыг хөрөнгийн зах зээлтэй хэрхэн уях, санхүүжилтыг яаж ил тод болгох талаар Аж үйлдвэрийн яамтай ярилцаж, зарчмын тохироогоо эхлээд явж байсан. Хэрэв үүнийг зөв эхлүүлэх юм бол зөвхөн яам, хөрөнгийн бирж хоёрын асуудал биш, бүхэл бүтэн улс орны эрх ашгийн асуудал.
“Start up” буюу гарааны компаниудад санхүүжилтын таатай орчин бий болох ёстой. Өнөөдөр гарааны компаниуд банкнаас зээл авах боломжгүй. Яагаад гэвэл санхүүжилтын онцгой нөхцөл шаарддаг, зарлага нь тодорхой ч орлого нь тодорхой биш болохоор банкууд зээл өгдөггүй. Тэгэхээр гарааны компаниудын хувьд санхүүжилт босгох гол арга нь хувьцааны санхүүжилт. Дэлхий нийтийн зарчим нь ийм.
- Шинээр бизнес эрхлэгч хөрөнгийн зах зээлээс хөрөнгө босгосон тохиолдолд санхүүжилтын өөр эх үүсвэр хайх шаардлагагүй юу?
Хэрэв тухайн хүн “Би таны мөнгийг ашиглаад ингэж үржүүлж чадна” гэдгээ хөрөнгө оруулагчдад ойлгуулаад санхүүжилтээ авчихвал эхний 3-5 жилд санхүүжилтэд санаа зовохгүй зөвхөн бизнестээ л санаа тавих учраас бизнес хөл дээрээ босно.
Одоогийнх шиг сар болгон банкнаас утасдаж хүүгээ нэхдэг, төлөхгүй бол барьцааг нь хураана гэдэг, татвараас утасдаж дансыг нь хаана, гадагшаа гарах эрхийг чинь хасна гэж сүрдүүлдэг энэ байдлаар яваад ЖДҮ хөгжихгүй.
- Тэгвэл энэ зарчмаар ажиллахад яг юу саад болоод байна вэ?
Хууль эрх зүйн хувьд саад болоод байгаа зүйл алга. Гол нь санаачлага хэрэгтэй байна. Манайд санхүүгийн боловсрол маш дутмаг байна. Тэр боловсролыг бий болгох санаачлага төрөөс гарах ёстой. Өнөөдөр ЖДҮ эрхлэгчид санхүүжилт олно гэхээр банкин дээр юм уу, Хөгжлийн банк, ЖДҮ-ийг дэмжих сангууд дээр очно гэж ойлгодог. Түүний оронд бизнес эрхлээд хувьцаа гаргаж санхүүжилт олдог тэр орчинг бий болгомоор байна. Барууны орнуудад үйлдвэрлэл ингэж л хөгжиж ирсэн.
- Одоо Монголд хувьцаагаа гаргаад хөрөнгө оруулагч хайвал төсөл, санаа нь хөрөнгө оруулагчдын сонирхлыг татах түвшинд хүрсэн үү?
Бүгдэд нь тэгш боломж бий. Хүний хэрэгцээ байгаа цагт зах зээл хаашаа ч алга болохгүй. Монголын эдийн засагт 15 орчим тэрбум ам.доллар эргэлддэг. Энэ мөнгөний эргэлтийг ашиглаад бизнесийн сайхан санаа хэрэгжүүлж, хувьцаа гаргах боломж хэн бүхэнд бий. Энэ мөнгийг хөрөнгийн зах зээлд төвлөрүүлж, үйлдвэрлэгчдийг санхүүжүүлэхэд 96 хувийг нь банк эзэлдэг Монголын санхүүжилтын гажиг тогтолцоо саад болоод байна. Нэг үгээр хэлбэл бид ердөө банкны мөнгийг үржүүлэгч.
- Хөрөнгийн бирж дээр гаргасан тэр самбарыг ЖДҮ-чид мэдэхгүй байна уу, эсвэл...?
Зах зээлийн нөхцөл нь бүрдээгүй байгаа байх гэж бодож байна. Тиймээс би саяхан ажлаа өгсний дараа хөрөнгө оруулалтын зөвлөгөөний компани байгуулаад явж байна.
- Хөрөнгийн зах зээлээ хөгжүүлээгүйгээс болж бид юуг алдаж байна вэ?
Эдийн засаг өсөхгүй байна. Эдийн засгийн өсөлт бол үйлдвэрлэл гэсэн үг. Харин Монголын эдийн засаг бүтээгч биш хэрэглэгч эдийн засаг. Бүтээгч эдийн засаг болоход ЖДҮ асар их үүрэгтэй. Харин ийм нөхцлийг бий болгохын тулд хөрөнгийн зах зээлийг хөгжүүлэх хэрэгтэй гэсэн нь миний гол санаа юм.