Орон сууцны үнэ 10 -25 хувь буурах боломж бий
Эдийн засгийн байнгын хороо өчигдөр монголчуудын өмнө тулгамдаад буй хамгийн том асуудлуудын нэгийг хэлэлцсэн нь хүмүүсийн анхаарлыг татлаа.
Энэ бол Орон сууцны тухай хуулийн төсөл юм. Уг хуулийн төсөл дотроос Хүн амьдрах боломжгүй орон сууцыг нурааж, оронд нь ш инээр орон сууц барих, түүнийг өмнө нь амьдарч байсан оршин суугч өмчлөн авах тухай асуудал гишүүдийн анхаарлыг их татжээ. Мөн яавал орон сууцны үнэ буурч болох тухай гишүүд хамгийн олон удаа давтан асуусан юм.
Монголд өнөөдөр орон сууцны үнэ бодит ханшаас хэд дахин давсан тухай Байнгын хорооны хурлын үеэр холбогдох хүмүүс нотолсон юм. Өөрөөр хэлбэл, ам метр нь 650 мянган төгрөгөөр зарагдах боломжтой боловч үүнд барилгын компаниуд хэзээ ч бууж өгөхгүйгээр шийдсэн гэж ЗТБХБЯ-ныхан болон бусад мэргэжлийн хүмүүс ярьж байлаа. Ингээд Орон сууцны тухай хуулийн төслөөс гишүүд юуг нь илүү сонирхон асуусныг товч дурдъя.
Р.Буд гишүүн:
-Барилгын гаднах тохижуулсан талбай, шугам, сүлжээ, машины зогсоол, барилга барьсан газрын төлбөрийг орон сууц худалдах үнэд шингээхийг хориглоно гэж заажээ. Ингэж чадвал орон сууцны үнэ буурах уу?
-Одоо бол барилга барих газраа худалдан авсан үнэ, гаднах тохижилт, шугам, сүлжээ гээд олон зүйл орон сууц худалдан авах мөнгөнд шингэдэг учраас байр ийм өндөр үнэтэй байгаа юм. Тэгэхээр тэр бүхэн тухайн орон сууцанд амьдарч буй хүмүүсийн хөрөнгө болчихдог. Ингээд тухайн барилгыг өргөтгөхөд орон сууцны эздээс зөвшөөрөл авах зэргээр Дулаан, цахилгаанаар хангагч байгууллагууд гар хүрэх ямар ч эрхгүй болчихдог. Уг нь шугам, сүлжээ, барилгын гаднах машины зогсоол, хүүхдийн тоглоомын талбай зэргийг барьж, байгуулсныхаа дараа Орон нутгийн удирдлага руу шилжүүлдэг, дараа нь өргөтгөх, засах эрх үүрэг нь орон нутагт хамааралтай байдаг болгохоор хуулийн төсөлд оруулсан байгаа.
Р.Буд гишүүн:
-Дахиад асуучихъя. Ингэж чадвал орон сууцны үнэ буурч чадах уу?
-Бид дээр дурдсан. Одоог орон сууц зарагдаж буй үнэ бол хөөрөгдөл гэж. Мэргэжлийн хүмүүс тооцоолж үзээд өнөөгийн зах зээлд орон сууцны ам метрийн үнэ 650 мянга байх боломжтой гээд тогтоочихсон. Хэрвээ дээрх хуулийн төслийг баталвал орон сууцны 650 мянгаас дахин 10-25 хувь буурах боломжтой.
Ж.Батсуурь гишүүн:
Барилга барих газрыг гүйцэтгэгч компаниудад худалддаг биш зөвхөн зөвшөөрөл олгодог болчихвол орон сууцны үнэ буурах боломжтой юм биш үү Шинэ хуулийн төсөлд үүийг багтааж чадсан уу?
-Газрын тухай хуулиар зохицуулагдах байх л даа. Гэхдээ одоо барилгын компаниуд асар өндөр үнээр газар худалдан авч, түүнийхээ өртгийг байраа худалдах үнэдээ шингээж байгаа шүү дээ. Уг нь, газар худалдан авсан үнэ байрны мөнгөнөөсөө хорогдох л учиртай юм.
Ж.Батсуурь гишүүн:
Барилгын гаднах тохижилт, шугам сүлжээ зэргийг орон нутгийн удирдлагад шилжүүллээ гэж бодъё. Тэгвэл яаж шилжүүлэх тухай энэ хуулийн төсөлд хэрхэн заасан бэ?
-Баригдсан өртгийг бодитоор тооцоолоод, анхны өртгөөр нь орон нутгийн удирдлагад худалддаг байхаар заасан.
Я.Батсуурь гишүүн:
Хүн амьдрах боломжгүй болсон орон сууцыг буулгаж, оронд нь дахин орон сууц барьж, өмнө нь амьдарч байсан иргэдэд өмчлүүлнэ гэсэн заалт буруу юм биш үү. Үүний оронд оффисын барилга барьж яагаад болохгүй гэж. Тэгээд ч өмнөх оршин суугч нь яагаад өөр тийшээ нүүж болохгүй гэж. Үүнийхээ оронд хэрхэн зарж, худалдах тухай нь хуулийн төсөлдөө заах ёстой юм биш үү?
/Энэ асуултад оновчтой хариулах хүн олдсонгүй тул Эдийн засгийн байнгын хорооны дарга Ц.Баярсайханаас зэмлэп хүртээд дахин сайн нягталж, энэ заалтыг сайжруулах даалгавар авлаа/
З.Алтай гишүүн:
Хүн амьдрах боломжгүй болсон 17 барилга бий гэсэн. Түүний нэг нь Төрийн ордон. Гэвч бид энэ байрандаа хуралдсаар л сууна. Үүн шиг ард иргэд ч бас амьдарсаар л байна. Үүнийг яаж зохицуулах вэ?
-Хүн амьдрах боломжгүй болсон 40 орчим барилга бий. Бид 300-гаад түрээсийн байр бий болгоё гэж төлөвлөөд байгаа. Хуучирсан орон сууцыг нь дахин сайжруултал түрээсийн байранд амьдарч болно
З.Алтай гишүүн:
-Барилгын гаднах тохижилт, шугам, сүлжээг орон нутгийн удирдлагад худалддаг болох тухай дээр ярьсан. Тэгвэл энэ бүхнийг худалдан авч, ажиллуулахад төр бэлэн үү. Мөнгө нь бий юу?
-Тэртээ тэргүй одоо ч гэсэн шинээр баригдах хорооллуудыг урьдчилан төлөвлөөд цаг тухайд нь төр мөнгийг нь шийдээд л яваа шүү дээ.