УИХ-ын гишүүд хуулийн төслүүд өргөн барилаа
Өнөөдөр УИХ-ын нэр бүхий гишүүд өөрсдийн санаачилсан хуулийн төслүүдийг УИХ-ын даргад өргөн барилаа. Тухайлбал, УИХ-ын гишүүн Я.Батсуурь “ Орон сууцны тухай” болон “ Газрын тухай” хуулиудад нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүллээ. Газар зохион байгуулалт, хот байгуулалт, төлөвлөлтийн нэгдсэн бодлого хэрэгжээгүйн улмаас дэд бүтцийн хангамж, нийгмийн үйлчилгээний хүртээмж, хот орчмын экологийн доройтол бий болж, хүн амын эрүүл мэндэд хохирол учруулах хэмжээнд хүрсэн. Орон сууцны дэд бүтцийг төлөвлөлтийн дагуу шийдвэрлээгүй нь зах зээлд орон сууцны үнэ өндөр байх нэг шалтгаан болж байна хэмээн хууль санаачлагч гишүүн үзсэн байна.
Түүнчлэн барилгын компаниуд орон сууц барих газраа өндөр үнээр худалдан авч, гарсан зардлаа орон сууцны үнэ дээр нэмж, үнийн хөөрөгдөл бий болгож байгааг дурьдлаа. Тиймээс иргэдийг хямд орон сууцаар хангах зорилгоор уг хуулийн төслийг санаачилжээ.Үүний дараагаар УИХ-ын гишүүн Д.Одхүү “Гаалийн болон нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх тухай” хуулийн төслийг өргөн барьсан. Хотын захын гэр хорооллоос төвийн ерөнхий боловсролын сургуульд суралцдаг хүүхдүүдийн эрх нийтийн тээврээр зорчих үед зөрчигдөж байгаа. Монгол Улсын 2012 оны төсөвт хотын захын гэр хорооллоос төвийн ерөнхий боловсролын сургуулиудад суралцдаг сурагчдыг тээвэрлэхэд зориулагдсан, тусгай зориулалтаар тоноглогдсон автобус худалдан авахад 750 сая төгрөгийг БСШУ-ны сайдын төсвийн багцад баталжээ. Тиймээс тусгай тоноглогдсон автобусыг худалдан авч, хилээр оруулж ирэх иргэн, аж ахуй нэгжийг дэмжих шаардлагатай гэж үзэж уг хуулийн төслийг боловсруулсан байна.
УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагва, Д.Ганхуяг, П.Алтангэрэл, Д.Балдан-Очир, Г.Батхүү нарын нэр бүхий арван гишүүн санаачилсан “Хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлыг хангах тухай” хуулийн төслөө УИХ-ын дарга Д.Дэмбэрэлд өргөн барилаа. Энэ хуулийн төсөл нь зургаан бүлэг, хорин дөрвөн зүйлтэй. Хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдал гэдгийг хүнсийг зориулалтын дагуу бэлтгэж, хэрэглэхэд хүний эрүүл мэнд, амь насанд хохирол учруулахгүй, сөргөөр нөлөөлөхгүй байх гэсэн хүрээнд тодорхойлсон байна.
Мөн хүнсний сүлжээний бүх үе шатанд аюулгүй байдлыг хангах, өөрөөр хэлбэл малын бэлчээр, тариалангийн талбайгаас хэрэглэгчийн ширээ хүртэлх бүхий л үйл ажиллагааг хамаарахаар тусгажээ. Тухайлбал, хүнсний түүхий эд бэлтгэх, боловсруулах, эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх, савлах, тээвэрлэх, хадгалах, нөөцлөх, худалдах, экспортлох, импортлох зэрэг үйл ажиллагаа бүхэлдээ хамрахаар заасан байна. Хүнсний аюулгүй байдал нь Үндэсний аюулгүй байдалтай холбоотой. 2011 онд Мэргэжлийн хяналтын байгууллагын эрсдэлд суурилсан судалгаагаар махны чиглэлийн 139 үйлдвэрээс 79 \57%\ нь өндөр эрсдэлтэй, гурилын үйлдвэрийн 47%, хэрчсэн гурил, нарийн боовны 300 гаруй үйлдвэрийн 80% нь эрсдэлтэй гэсэн үзүүлэлт гарсан байна.
Тиймээс хүнсний бүтээгдэхүүний дамжлага болгоныг хяналттай болгох нь зүйтэй хэмээн үзснэээр хуулийн төсөл боловсруулан өргөн барилаа хэмээн гишүүд УИХ-ын даргад хэллээ гэж УИХТГ-ын Хэвлэл мэдээлэл, Олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.