Чанаргүй барилга барьсан “эздийг” нийтэд зарладаг болвол ямар вэ
2011.01.07

Чанаргүй барилга барьсан “эздийг” нийтэд зарладаг болвол ямар вэ

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдааны баасан гаригийн /2011.01.07./ үдээс өмнөх хуралдаанаар Орон сууцны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийлээ.

oron_suuts

Хэлэлцсэн асуудалтай холбогдуулан  Эдийн засгийн байнгын хорооны санал, дүгнэлтийг УИХ-ын  гишүүн Ж.Батсуурь танилцуулсан юм.

 

Орон сууцны хороолол, түүний дэд бүтцийг төлөвлөх, барьж байгуулахыг төрөөс бодлогоор дэмжиж, энэ ажилд хувийн хэвшлийн оролцоог нэмэгдүүлэх, мэргэжлийн хяналтын байгууллагын дүгнэлтээр хүн амьдрахыг хориглосон орон сууцыг ашиглахыг хориглох, дахин төлөвлөх, оршин суугчдыг түр нүүлгэн шилжүүлэх, хөрөнгө оруулагчийг сонгон шалгаруулах үйл ажиллагааг зохицуулах шаардлагатайг үндэслэн эдгээр  хуулийн төслийг боловсруулсан юм байна.

 

Орон сууцны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг Эдийн засгийн  Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонхи нь чуулганы  нэгдсэн хуралдаанд оруулж хэлэлцүүлэх нь зүйтэй гэж үзсэн аж.

 

Хуулийн төслүүдийг хэлэлцэх явцад амины орон сууцыг барихыг дэмжиж, зураг төслийг мэргэжлийн байгууллагаар хийлгэх боломжийг судалж үзэх,  хүн амьдрахыг хориглосон орон сууцыг буулгах, оршин суугчдыг нь нүүлгэн шилжүүлэх ажлыг нарийвчлан тусгах, орон сууцны үнийг бууруулах асуудлыг төрөөс дэмжиж, урамшуулах, хот төлөвлөлтийг цогцоор нь шийдэхэд   анхаарах, орон сууцны зохицуулалтын асуудлыг зөвхөн нийтийн эзэмшлийн сууцны хүрээгээр хязгаарлахгүй байх зэрэг саналыг тус байнгны хорооны гишүүд онцлон  хэлж байжээ.

 

УИХ-ын гишүүн Ж.Батсуурь хуулийн төсөлтэй холбогдуулан  танилцуулга хийсний дараа  асуулт хариулт өрнөсөн. Эхлээд УИХ-ын гишүүн  Д.Тэрбишдагва, Газрын хуультай холбоотой ямар зохицуулалт энд орсныг сонирхлоо. Мөн гэрт амьдарч байгаа хүмүүсийг орон сууцанд нүүлгэн орууллаа гэхэд тэднийг түр орон сууцтай болгох юм уу, ер нь үүнийг хэрхэн зохицуулахаар шийдсэн бэ хэмээн асуув.

 

Үүнд, Эдийн засгийн байнгын хорооны дарга  Д.Зоригт хариулахдаа, хүн амьдрахыг хориглосон орон сууц нийслэлд нэлээд  байна, тэдгээрийг  дахин төлөвлөлтөд оруулж, нийслэлийн Засаг даргын Тамгын газартай  хамтран шийдэж байх, иргэдийг нүүлгэн шилжүүлэх, шинэ сууцанд оруулахдаа талбайн хэмжээ зэрэг бусад нөхцөлүүдийг харгалзан асуудлыг шийдэж,  тусгахаар /гурвалсан шийдвэрийн хүрээнд /  оруулсан байгаа гэв.

 

УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагва, иргэдээс газрыг нь аваад, хөрөнгө оруулагч байхгүй тохиолдолд орон сууцыг хэрхэх, үүнийг яаж хуулиар зохицуулсан бэ гэхэд Д.Зоригт гишүүн, одоо иргэдийн хуучин орон сууцыг  дахин төлөвлөлтөд оруулна, тэгээд аль болох богино  хугацаанд  бүртгэлээс хасч, бусад холбогдох асуудлыг шийдэх боломжтой гэв.

 

УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ, өнөөдөр үнэтэй холбоотой асуудал нэлээд чухал байгаа, үүнийг хэрхэн хуулийн төсөлд тусгав, хуучин тогтолцоо шиг хорооллоор нь ч юмуу нэлээд цэгцтэй зохион байгуулалт хийхээр тусгасан зүйл байна уу, жишээ нь шинэ орон сууцны усны асуудал гэхэд л ямар билээ, дээд зэрэглэлийнх гээд маш өндөр үнээр шахсан орон сууц хэрэг дээрээ ямар байгаа билээ. Ёстой нөгөө бэлгийн морины шүдийг үздэггүй гэдэг шиг л иргэд нүд аниад амьдарч байгаа шүү дээ. Өнөөгийн сүүлийн жилүүдэд баригдсан байрнууд хоорондоо маш их чигжүү байдаг. Машин бүү хэл, хүн хоорондоо зөрөхөд ч хэцүү байгаа, тэгэхээр энэ бүгдийг харсан зохицуулалт байна уу, эс бөгөөс өнөө маргаашаа гэсэн  аргацаасан зүйл болсон уу хэмээн асуулаа.

 

Эдийн засгийн байнгын хорооны дарга Д.Зоригт, үнийн асуудал үнэхээр чухал зүйл. Үнэнд нөлөөлөх хүчин зүйлүүдийг судалсан. Гадна дотнох инженерийн шугам сүлжээнд зарцуулсан хөрөнгө болон бусад төрөл бүрийн үйлчилгээний зардлыг орон сууцны үнэнд оруулж тооцож байхыг нь  болиулсан байгаа. Орон сууцыг худалдаж авч буй иргэдийн чирэгдэл бэрхшээлийн асуудлыг хөнгөлөх зүйлүүдийг ч оруулж өгсөн хэмээлээ.

 

УИХ-ын гишүүн Н.Ганбямба, шинэ байшин гээд зардаг, тэр нь нэг жилийн дараа хүрэхгүй ус гоожоод эхэлдэг, тэгвэл тэр “хулхи” орон сууцны байруудыг барьсан барилгын компаниудыг нийтэд зарладаг болвол ямар вэ, барилгын компаниудыг дампууруулах хүртэл арга хэмжээ авахад яагаад болохгүй гэж. Зөвхөн торгоод өнгөрдөг арга барил тусаа өгөхгүй  гэж байв.

Эдийн засгийн байнгын хорооны дарга хариулахдаа, энэ хуулийн төсөлд оруулж өгсөн зарчмын нэг чухал зүйл бол орон сууцтай холбоотой хариуцлагын түвшинг өндөржүүлж өгсөн явдал гэлээ.

 

УИХ-ын гишүүн Ш.Сайхансамбуу хэлэхдээ, орон сууцны байгууллагаас саналыг нь хуулинд тусгаж авсан уу, нөгөө иргэд, суугчдын яриад хэлээд байдаг асуудал алга байна. Орон сууцыг бол манайд зүгээр л хувьчлаад орхисон шүү дээ. Дундын өмчлөлийн асуудал дээр ярих зүйл их байгаа, дутуу орхигдсон зүйлийг одоо л оруулах нь зөв, жишээ нь лифтний асуудал байна, энэ үнэхээр маргаантай асуудал гэлээ.

 

Үүний дараа Эдийн засгийн байнгын хороогоор дэмжигдсэн санал тус бүрээр Спикер санал хураалаа. Эхний санал дэмжигдсэн хэдий ч зарчмын хувьд гишүүд дэмжиж, агуулга найруулгын талд засварлах зүйл байгааг хэлсэн. Цаашлаад хоёр, гуравдахь, дөрөв, тав дахь саналууд ч дэмжлэг авсан. Гэхдээ энэ үеэр Эдийн засгийн байнгын хорооны оруулж ирсэн саналын зарим томъёолол буруу ойлголт төрүүлэхээр болсон байх талтайг Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж шүүмжилж байлаа.

 

Тэрээр, хуулийн төслийн 15-ын 2 гэдгийн “хүн амьдрахыг  хориглосон орон сууц” гэдэг чинь монгол томъёон дээр ер бууж өгөхгүй байна гэж байв.  Мөн Б.Батбаяр гишүүн,  хүн амьдрахыг хориглосон орон сууц гэж гаргаад, түүнийг нь мэргэжлийн хяналтынхан нотлоод акт тавих юм бол тийм орон сууц хотод тоймоо алдах юм биш үү, энэ талаар ер нь тооцоо бий юу гэсэн. Тэрээр цааш нь, хүн амьдрахыг хориглосон сууц байдаг юм байж,  тэгвэл бүр орон сууцгүй хүмүүсээ яах вэ, та нар хүн амьдрах боломжтой, боломжгүй гэж ямар сууцыг хэлээд байна вэ хэмээн тодруулсан.

 

Ажлын хэсэгт орсон гишүүд энэ үеэр,  үүнийг илүү ойлгомжтой болгох, зөв  найруулах хэрэгтэй байх, хүн амьдрахгүй орон сууцыг өөр зориулалтаар ашиглах гэхчлэн шийдэх гарц бол байгаа гэж ярилаа.

 

Энэ мэтчилэн Ажлын хэсгийн гишүүд ярьсны дараа эцсийн хэлэлцүүлгийн үеэр зүйл 15-ыг  дахин сайтар боловсруулж оруулж орж ирэх тухай гишүүд хэлж байв.  Ингээд  69,2 хувийн саналаар 15-р зүйл зарчмын хувьд дэмжигдсэн. Хуулийн төслийн хувьд хийх найруулгын чанартай зүйлүүдийг дахин сайтар эргэн  харж үзэхээр  болсон.  Үүнийг Спикер уншиж сонсгов. Найруулгын засварууд 56,4 хувиар дэмжигдлээ. Хуулийн төслийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр ЭЗБХ-д шилжүүлсэн юм.

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.