Орон сууцны тухай хуулийг дахин хэлэлцэнэ
Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанаар Орон сууцны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийхээр төлөвлөсөн байсан. Дээрх төслүүдийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгэсэн тухай танилцуулгыг хуулийн ажлын хэсгийн ахлагч Ж.Батсуурь танилцуулсан юм. Орон сууцны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлд Хүн амьдрахыг хориглосон орон сууц хэмээн заасан байсныг Ашиглалтын шаардлага хангахгүй болсон орон сууц хэмээн өөрчлөн найруулсан юм байна.
Орон сууцны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлд ашиглалтын шаардлага хангахгүй болсон нийтийн зориулалттай орон сууцыг хэрхэх талаар нарийн заалтууд оржээ. Дээрх хуулийн төслөөр сууц өмчлөгчид нь мэргэжлийн хяналтын байгууллагаас тухайн орон сууцыг цаашид ашиглалтын шаардлага хангахгүй болсон талаархи шийдвэрийг хүлээн авмагц уг орон сууцны оронд шинээр орон сууцны барилга барих, хөрөнгө оруулагч, гүйцэтгэгчийг сонгох, дахин төлөвлөлтөд оруулах тухай хүсэлтийг сууц өмчлөгчдийн дөрөвний гурваас доошгүй хувийн саналаар гаргаж, тухайн аймаг, нийслэлийн Засаг даргад хүргүүлнэ хэмээн заасан байна. Ашиглалтын шаардлага хангахгүй болсон нийтийн зориулалттай орон сууцны оронд шинээр орон сууцны барилга барих хөрөнгө оруулагч нь аймаг, нийслэлийн Засаг дарга, сууц өмчлөгчидтэй харилцан тохиролцож гэрээ байгуулах бөгөөд уг гэрээнд сууц өмчлөгчдийг нүүлгэн шилжүүлэх, орон сууцаар түр хангах, шинэ орон сууцны ашиглалтад орох хугацаа, талбайн хэмжээ, үнэ, төлбөр, хариуцлагын асуудлыг тусгахаар заажээ.
Гэхдээ дээрх асуудалд анхаарал хандуулан ярилцах зүйлүүд олон байна хэмээн хуралдаанд оролцсон олон гишүүд хэлсэн. УИХ-ын гишүүн Н.Батбаяр, Д.Дамба-Очир, Я.Батсуурь, Д.Ганхуяг нарын гишүүд ашиглалтын шаардлага хангахгүй болсон нийтийн зориулалттай орон сууцны байшин доорх газар төрийн мэдэлд байх бөгөөд худалдах, иргэн, хуулийн этгээдийн эзэмшил, ашиглах эрх, өмчлөлд шилжүүлэхийг хориглоно гэсэн заалт дээр нухацтай ярилцахыг санал болгосон юм. Д.Ганхуяг, нийтийн эзэмшлийн орон сууцны барилга доорх газар төрийн мэдэлд байна гэсэн санааг хасах нь зүйтэй гэсэн саналтай байсан бөгөөд тэрхүү газрыг иргэн, хуулийн этгээдийн эзэмшил, ашиглах эрх, өмчлөлд шилжүүлэхийг хориглоно гэвэл илүү ойлгомжтой болно хэмээн тайлбарласан. Хэрэв барилгын доорх газрыг бусдын өмчлөлд шилжүүлчихвэл байр нь ашиглах боломжгүй болсон иргэд хохироод үлдэх аюултай гэдэг дээр гишүүд санал нэгтэй байлаа. УИХ-ын гишүүн Н.Батбаяр, “Энэ хуулиар бол орон сууцны үнэ хямдрахгүй. Ашиглах боломжгүй гээд акт гарчихаар төр өөрийн мөнгөөр орон сууц барьж иргэдээ оруулаад ашиглах боломжгүй болсон газраа зарж мөнгөө буцаан олдог болговол хаана хаанаа чирэгдэлгүй болно гэсэн саналтай байлаа. Тэгвэл Д.Балдан-Очир гишүүн 60 айлын орон сууц цаашид ашиглах боломжгүй болсныг мэргэжлийн байгууллага тогтоожээ гэж бодьё. Хэрэв тэрхүү байрны доорхи газар төрийн мэдэлд байна гэж байгаа бол төрөөс тэр 60 айлд орон сууц өгөх хэрэгтэй. Тэгэхгүй гэж байгаа бол тэр 60 айл газраа хэрхэн үнэлэх, тэр газар дээрээ байшин бариулах уу, эсвэл газраа зараад сонирхсон газраа байр аваад явах уу тэдгээр хүмүүсийн мэдэл болгон үлдээх хэрэгтэй гэсэн саналтай байлаа. Гэтэл үүнтэй зэрэгцээд хотын төсвийн бүсийн өндөр үнэтэй газарт байгаа 40, 50 мянгатын айлуудын газар, хотын захын хорооллын байрны доорхи газрын үнэ гэх мэт хөндөх асуудал олон гарч ирсэн.
Ашиглалтын шаардлага хангахгүй болсон нийтийн зориулалттай орон сууцны доорхи газрын асуудлыг баталгаатай болгох нь зүйтэй хэмээн гишүүд санал нэгдсэн бөгөөд дээрх асуудлыг ажлын хэсгийн хуралдаанаар дахин нухацтай хэлэлцэх нь зүйтэй гэж үзэн асуудлыг хэлэлцэхийг хойшлууллаа.