Л.Болд анхны хурлаа зохион  байгуулна
УИХ-ын гишүүн, Хүний эрхийн дэд хорооны дарга Л.Болд
2016.02.18

Л.Болд анхны хурлаа зохион байгуулна

УИХ-ын гишүүн, Хүний эрхийн дэд хорооны дарга Л.Болд мягмар гарагт Хүний эрхийн Үндэсний Комисст зочилж, тус комиссын дарга Ж.Бямбадоржтой уулзан, комиссын үйл ажиллагаа хийгээд хүний эрхийн тулгамдсан асуудлын талаар санал бодлоо солилцсон.

Уулзалтын үеэр УИХ-ын Хүний эрхийн дэд хорооны дарга Л.Болд "Өнгөрсен 15 жилийн хугацаанд гаргасан амжилт, туршлага, хүний эрхийг хамгаалахын төлөө хийсэн түүхэнд тулгуурлан дараагийн 15 жилд Монгол Улс хүний эрхийг дээд зэргээр хангаж, хамгаалдаг улс болон хөгжих учиртай. Иймийн тулд миний бие хоёргүй сэтгэлээр хамтран ажиллах болно” хэмээн сэтгэгдлээ илэрхийлж байлаа.

Л.Болд гишүүний хувьд 2016 оны нэгдүгээр сарын 20-ны өдөр Хүний эрхийн дэд хорооны даргаар сонгогдсон бөгөөд өмнө нь тус дэд хорооны гишүүн байсан туршлагатай нэгэн. Тиймдээ ч тэрбээр гишүүнийхээ хувиар хүний эрхийн тал дээр тулгамдаад байгаа тодорхой сэдвүүдийн хүрээнд харилцан санал солилцох ажлыг зохион байгуулах ажлыг санаачлан ажилласан.

Энэхүү ажлын хүрээнд “Хэн байхаас нь үл хамааран хүний эрхэм чанар”-ыг хүндлэе”, “Хүний хөгжих эрх”, “Шударгаар шүүлгэх эрх-Эрүүгийн процесс” зэрэг асуудлаар иргэний нийгмийнхэнтэй зөвлөлдөж, хүний эрхийн стандартыг хуульд тусгуулах талаар анхаарч ажилласан. Харин энэ удаа Хүний эрхийн дэд хороог даргалж байгаагийн хувиар анхны хуралдаанаа зарлаад байна.

Тэрбээр УИХ-ын гишүүд, Хүний эрхийн үндэсний комисс, Иргэний нийгмийн байгууллагын төлөөлөл оролцсон “Хүний эрхийн үндэсний институт төлөвшилт-15 сэдэвт хүний эрхийн дэд хорооны хуралдааныг өнөөдөр Төрийн ордны Г танхимд 14:00 цагт зохион байгуулахаар төлөвлөөд байгаа ажээ.