Гүтгэлгийн ихэнх хэлбэрт эрүүгийн хариуцлага хүлээлгэхээ больж Зөрчлийн тухай хуулиар шийтгэдэг болно
УИХ-ын гишүүн, Хууль зүйн байнгын хорооны дарга Д.Ганбат
2015.12.08

Гүтгэлгийн ихэнх хэлбэрт эрүүгийн хариуцлага хүлээлгэхээ больж Зөрчлийн тухай хуулиар шийтгэдэг болно

Өнгөрсөн долоо хоногийн УИХ-ын чуулганаар Зөрчлийн тухай хуулийг хэлэлцэж баталлаа. Уг хуулийн зүйл, заалтын талаар танилцуулахгүй юу?

Зөрчлийн тухай хууль нь Монгол Улсын Эрүүгийн болон Захиргааны хариуцлагын тухай хууль, холбогдох бусад 210 хуульд заасан захиргааны зөрчил, түүнд хүлээлгэсэн захиргааны хариуцлагыг тодорхойлсон хэм хэмжээг Үндсэн хуулиар хамгаалсан үнэт зүйл, хууль ёсны ашиг сонирхлыг зөв зохистой хамгаална. Хариуцлага оногдуулах үүргээ хангалтгүй биелүүлж байгаа, түүнчлэн захиргааны хариуцлага хүлээхтэй холбоотой хууль эрх зүйн зохицуулалт давхардалттай, зөрчилтэй байсныг энэ хуулиар төрөлжүүлэн нэгтгэж нэгдсэн стандартад оруулж байгаа юм. Захиргааны хариуцлагын тухай болон холбогдох бусад хуульд зааснаар хариуцлага нь торгох, баривчлах, тусгайлан олгосон эрх хасах, хууль бусаар олсон орлого, эд зүйл буюу зөрчил гаргахад ашигласан тээврийн хэрэгсэл, тоног төхөөрөмж, байрыг хураах гэсэн төрөлтэй байсан. Тэгвэл Зөрчлийн тухай хуулиар торгох, эрх хасах гэсэн хоёр төрөлтэй болж байгаа юм. Ингэснээр Зөрчлийн тухай хуулийн тусгай ангид заасан хэмжээгээр эрх бүхий албан тушаалтнаас оногдуулах мөнгөн төлбөрийг торгох шийтгэл гэж тодорхойлж байгаа юм. Торгох шийтгэлийн нэг нэгж нь хоёр мянган төгрөгтэй тэнцэхээр хуульд тусгасан. Зөрчлийн шинж, хохирлын хэр хэмжээг харгалзан хувь хүн бол 10-10.000 нэгжтэй тэнцэх төгрөгөөр, хуулийн этгээдийг 100-50.000 нэгжтэй тэнцэх мөнгөн дүн байхаар тусгасан байна.

Мөн хуулийн төсөлд зөрчил үйлдсэн хуулийн этгээд шийтгэл хүлээлгэхээс гадна зөрчил үйлдэж олсон хөрөнгө орлого, эд зүйлийг хураана гэж заасан. Эдгээрээс гадна хохирол, нөхөн төлбөрийг гаргуулах, албадан эмчлэх, нийтэд тустай ажил хийлгэх зэрэг албадлагын арга хэрэгслийг хуульчилсан байгаа.

Хуулийн төслийг хэлэлцэж байх үед гүтгэлгийн гурван хэлбэрийг Эрүүгийн хуульд үлдээж бусдыг нь Зөрчлийн тухай хуульд хамаатуулна гэж байсан. Ямар хэлбэрээр гүтгэвэл зөрчил гаргасанд тооцох вэ?

Засгийн газраас гүтгэлгийн бүх хувилбарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр тусгасан. Хууль хэлэлцэх явцад буюу УИХ-ын чуулганы үеэр гурваас бусад төрлийн гүтгэлгийг Зөрчлийн тухай хуульд хамаатуулж торгох шийтгэл оногдуулахаар боллоо. Ерөнхийдөө хэвлэл мэдээллийн "амыг барих" гэлээ, ажлаа хийгээд явж байсан сэтгүүлчийг эрүүгийн хуулиар баривчилж хорилоо

гэх шүүмжлэл байдаг. Үүнийг бусад орны  нэгэн адил стандартад оруулсан. Үнэхээр ямар нэгэн хор хохирол учруулах зорилгоор хүн гүтгэсэн бол Зөрчлийн хуулиар шийтгэгдэж торгуулаад явна. Харин сонгуулийн үеэр хүн гүтгэх, шүүх, прокурорын байгууллагын ажилтнууд хүнийг хилсээр гүтгэж гэмт хэрэгт холбогдуулан ялласан бол Эрүүгийн гэмт хэргийн хуулиар шийтгэнэ гэж тусгасан байгаа. Мөн хэрэг бүртгэл, мөрдөн байцаалтын шатанд хүнийг хилсээр гүтгэж гэмт хэрэгт холбогдуулбал Эрүүгийн хуулиар шийтгэнэ гэж заасан байна. Энэ хууль 2016 оны есдүгээр сарын 1-нээс хэрэгжиж эхэлнэ. Наана нь хууль сурталчлах ажлыг хийх юм. Мөн  уг хуулийг дагалдан Хохирлын сангийн тухай хууль батлагдах юм.

Хохирлын сантай болно гэсэн үг үү. Нэг ёсондоо хохирсон хүн зөрчил гаргасан этгээдээс биш Хохирлын сангаас нөхөн төлбөрөө авах боломжтой юу?

Тэгнэ. Уг хууль батлагдсанаар иргэнд учруулсан хохирлыг тухайн сангаас барагдуулах юм. Мэдээж хэрэг гэм буруутай этгээдээс нөхөн төлүүлж авна. Хохирол амссан иргэдэд чирэгдэл учруулахгүйн тулд хохирлын сантай байх хуулийн төсөл яригдаж байгаа. 2002 оны хуулиар дэвшилттэй олон сайн тал байдаг хэдий ч иргэдийн хохирол барагддаггүй байсан. Тэгвэл Зөрчлийн тухай хуультай уялдаж гарч ирэх Хохирлын сангийн хуулиар иргэдийн зөрчлийг бүрэн барагдуулдаг болж байгаа юм. Тухайлбал, гэмт хэрэг үйлдсэн хүнийг торгох, нийтэд тустай ажил хийлгэх, зорчих эрхийг хязгаарлах, хорих, эрх хасах зэргээр шийтгэдэг болж байна.

Хэрэг зөрчил гаргасан л бол шууд баривчлаад аваад явдаг байсныг зөөлрүүлж байна гэж ойлгож болох уу?

Шийтгэлийг олон төрөлтэй болгож байгаа юм. Хуучин гэм буруутай этгээд учруулсан хохирлоо барагдуулалгүй ялаа эдэлдэг байсан. Хохирсон нь тэр чигтээ хохироод, гэм буруутай нь ялаа аваад үлддэг байлаа. Тэгээд гурав, дөрвөн жил болоод Өршөөлийн тухай хууль баталчихдаг байсан.

Танхай болон нийгэмд хор хөнөөл багатай хэргээр шоронгууд дүүрчихдэг байсан. Тэгэхээр эдгээр хэрэг Зөрчлийн тухай хуулийн дагуу торгуулаад өнгөрөх үү?

Хүн бүр тайван амьдрах эрхтэй. Тайван амьдрах нөхцөлийг төр засгаас хангаж өгөх ёстой. Жишээлбэл, орон сууцанд амьдардаг айлуудын дунд бөө хүн амьдардаг байлаа гэж бодъё. Бөө өдөр.

шөнөгүй хэнгэрэг нүдээд ойр тойрныхоо оршин суугчдын амгалан тайван байдлыг алдагдуулаад байвал зөрчил гэж үзэн торгох арга хэмжээ авдаг болно. Гэртээ агсан согтуу тавьж хүмүүсийн амгалан тайван байдлыг алдагдуулбал мөн л торгоно. Мөн нийтэд тустай ажил хийлгэх, хүмүүжлийн хичээлд суулгах зэрэг зүйл, заалтууд орсон байгаа. Нэг ёсондоо хүнд гэмт хэрэг хийхээс өмнө буюу зөрчил гаргавал хуулийн дагуу хариуцлага хүлээлгэж эхэлж байгаа юм.

Насанд хүрээгүй иргэн буюу хүүхдүүдэд Зөрчлийн тухай хууль яаж үйлчлэх вэ?

Хуучин бол насанд хүрээгүй хүүхдийг хорих ангид аваачиж ялыг нь эдлүүлдэг байсан. Тэгвэл Зөрчлийн тухай хуулиар хорихы гурьтал болголгүйгээр сурган хүмүүжүүлэх тусгай байгууллага бий болгон тэнд нь сургана. Заавал ял эдлүүлэхээс аль болох татгалзаж зөв хүмүүжил олгохыг зорьж байгаа. Мөн хуулийн этгээдийг хариуцлага хүлээлгэдэг боллоо. Гэмт хэрэг үйлдсэн хуулийн этгээдийг торгох, эрх хасах татан буулгах хэлбэрээр хариуцлага хүлээлгэдэг болж байна.