Хүүхдээр хэн хүнд, аюултай хөдөлмөр эрхлүүлээд байна вэ?
2016.01.21

Хүүхдээр хэн хүнд, аюултай хөдөлмөр эрхлүүлээд байна вэ?

Одоогоор мөрдөгдөж буй Хөдөлмөрийн хуулиар 14-өөс дээш насны хүүхэд мэргэжлийн дадлага, чиг баримжаа олж авах үүднээс асран хамгаалагчийн зөвшөөрөлтэйгээр хөдөлмөрийн гэрээ байгуулсны үндсэн дээр цөөн цагаар дадлага хийж болно гэж заасан байдаг. Гэтэл энэ хууль бодит биеллээ ололгүй, хүүхэд аюултай, хүнд, тэвчишгүй хөдөлмөр эрхэлсээр байна.

Тиймээс бид энэхүү эмзэг бөгөөд шийдвэрлэх зайлшгүй шаардлагатай асуудлыг хөндөж, “Хүүхдийн төлөө газар”-ын Олон нийт, түншлэл хамтын ажиллагааны албаны дарга Ж.Азжаргал ярилцлаа.

“Хүүхдийн төлөө газар”-ын Олон нийт, түншлэл хамтын ажиллагааны албаны дарга Ж.Азжаргал

Монгол Улсад хүүхдийн тэвчишгүй хөдөлмөрийн өнөөгийн байдал ямар байна? Ямар хэлбэрүүд давамгайлж байна?

2013 оны Үндэсний статистикийн хорооны судалгаагаар үндэсний хэмжээнд нийт 93,968 хүүхэд хөдөлмөр эрхэлж байна гэсэн тоо байдаг. Үүн дотор хүүхдийн амь нас, эрүүл мэндэд сөргөөр нөлөөлсөн, хуулиар хориглосон, аюултай нөхцөлд 10,180 хүүхэд эрхэлж байна гэсэн тоо баримт байдаг.

Энэ нь Монгол Улсын 1 сая гаруй хүүхэдтэй харьцуулахад бага тоо мэт боловч тухайн хүүхдийн эрүүл мэнд, амь насанд учирч болзошгүй бодит эрсдэл, ирээдүйн чадавхитай боловсон хүчин болж чадах эсэх асуудал, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөг тооцож үзэхэд  маш өндөр тоо.

Ер нь хүүхдийн хөдөлмөр нь эдийн засгийн хөгжлийг сааруулах, ажилгүйдлийг хэвээр үлдээх, ядуурлыг гүнзгийрүүлэх, хөдөлмөрийн чадвараа алдах зэрэг олон олон сөрөг нөлөөг дагуулж байдаг.

Хүүхдүүд аюултай, хортой эсвэл тэвчишгүй хэлбэрийн хөдөлмөр эрхэлж байгаагийн гол шалтгаан нь нийгэм эдийн засгийн тогтворгүй байдал, улс орны үнэт баялаг болсон хүний хөгжлийн  цогц бодлогогүй,  эцэг эхийн үүрэг хариуцлага сул зэрэг асуудлуудтай холбоотой.

Монгол Улсад тэвчишгүй хэлбэрийн хөдөлмөр хэдэн хүүхэд эрхэлж байгааг харуулсан сүүлийн үеийн тоо баримт байхгүй. Хүүхдийн тэвчишгүй хөдөлмөрийг судалхад маш нарийн аргачлал, хугацаа  шаардагддаг. 

Хүүхдийн тэвчишгүй хөдөлмөр гэдэгт  боолчлолын бүх хэлбэрүүд, хүчээр буюу албадан хөдөлмөрлүүлэх, хүүхдийг биеэ үнэлэх үйл ажиллагаа, садар самууны сурталчилгаа,  үзүүлбэрт ашиглах, санал болгох, хүүхдийг мансууруулах бодис үйлдвэрлэх, нууцаар наймаалах зэрэг хууль бус үйл ажиллагаанд ашиглах, элсүүлэх, хөдөлмөрийн нөхцөлөөрөө хүүхдийн эрүүл мэнд, аюулгүй байдал, ёс суртахуунд сөрөг нөлөө үзүүлэхүйц ажлыг хамааруулж ойлгодог.

Манайд насанд хүрээгүй хүүхэд биеэ үнэлэх, уул уурхай тэр дундаа бичил уурхайн орчимд ажиллах, хүүхдийн амь нас, эрүүл мэндэд хортой нөхцөл, орчин болох барилгын салбарын ажил эрхлэлт, гуйлга гуйх зэрэг ажлууд ороод байна.
Та яриандаа Монголд тархсан хүүхдийн  тэвчишгүй хэлбэрийн хөдөлмөрийн түгээмэл хэлбэрүүдийг дурдлаа. Эдгээрээс тухайлсан хэлбэрийг авч үзээд газар дээр нь бодит байдал ямар байгааг судалж үзэв үү?

“Хүүхдийн төлөө үндэсний газар”, Олон улсын хөдөлмөрийн байгууллагатай хамтран  барилгын салбар дахь хүүхдийн хөдөлмөр эрхлэлтийн байдлыг нийслэлийн зургаан дүүргийн хэмжээнд судалсан.  

Бидний судалгааны үндсэн зорилго барилгын компаниудад хариуцлага тооцуулах биш бөгөөд хүүхдийн эрх, хамгааллын хүрээнд бодит байдалтай танилцаж, энэ хүрээнд цаашид гарах хууль тогтоомжид ямар зүйл заалт тусгах нь зүйтэй талаар тандалт хийж, тодорхой хэмжээний мэдээлэлтэй болох үндсэн зорилгынхоо хүрээнд ажилласан.

Судалгааг барилгын салбарын эрчимтэй үе болох 7-8 дугаар сарыг сонгон тандалт судалгаа хийсэн. Судалгааны явцад нийслэлийн хэмжээнд барилгын салбарт 11-17 насны 68 хүүхэд хөдөлмөр эрхэлж байгааг тогтоосон.

Эдгээр хүүхэд насанд хүрэгчидтэй ижил цагаар буюу өглөө 08:00-22:00  цаг хүртэл ажиллаж байна. Өөрөөр хэлбэл  хүүхдүүд долоо хоногт 60 ба түүнээс дээш цаг ажиллаж байгаа нь тогтоогдсон. Тэд барилга дээр ажиллаж байхдаа бэртэх, гэмтэх эрсдэлтэй бөгөөд хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа, хөдөлмөр хамгааллын норм, нормативын хувьд хангалтгүй нөхцөлд хөдөлмөрийн гэрээгүй ажиллаж байсан.

Энэ нь хүүхдийн эрх зөрчиж буй бодит жишээ, тохиолдол юм.

Хүүхдүүд зуны амралт, чөлөөт цагаараа хөнгөн хөдөлмөр эрхэлж болох боловч байнгын хөдөлмөр эрхлэх нь хүүхдийн сурах, боловсрох, хөгжих, өөрийгөө таньж, мэдэж, авьяас чадвараа нээн илрүүлэх цаг хугацаа хумигдаж, тэдний эрх зөрчигдөхөд хүргэнэ.

 
Нөгөөтэйгүүр цалингийн асуудал. Насанд хүрсэн барилгын туслах ажилтан сард 600 мянга ба түүнээс дээш төгрөгийн цалинтай ажиллаж байхад судалгаанд хамрагдсан хүүхдүүд 250-600 мянга хүртэл төгрөгийн цалин авч байна. Гэтэл ажиллах цаг, нөхцөл нь насанд хүрсэн ажилчидтай ижилхэн байдаг.

Мөн өдрийн цайны цаг нь 0,5-1 цаг орчим л байх жишээтэй. Орой барилгын ажил дууслаа гэхэд үлдсэн цэвэрлэгээг хүүхдүүд л хийдэг. Хамт ажиллаж буй хүмүүс нь хүүхдийн эрх зөрчиж байна уу, үгүй юу гэдгээ мэддэггүй.

Барилгын салбар дахь хүүхдийн хөдөлмөр эрхлэлтийг тодруулахад, 68 гэдэг хэр бодит тоо вэ? Хүүхдийн эрх зөрчигдөж байна гэдгийг олж илрүүлээд холбогдох байгууллагад хандаж, тухайн барилгын компанид хариуцлага тооцуулсан тохиолдол байна уу?

68 гэдэг бол судалгааны явцад илэрсэн тоо. Зарим барилгын аж ахуйн нэгж, компани аюултай бүс учраас гадны хүн орохыг хориглоно гэсэн шалтгаанаар судлаачдыг  дотогш нэвтрүүлээгүй. Томоохон барилгын компаниуд насанд хүрээгүй хүүхэд ажиллуулдаггүй бөгөөд гэрээгээр ажил гүйцэтгэж буй жижиг аж ахуйн нэгж, бригадад ийм төрлийн зөрчил байсаар байна.

Бидний судалгаагаар тогтоосон 68 хүүхдийн 47 хувь нь  ихэвчлэн гар, толгой, мөр, хөлөндөө гэмтэл авч  байсан.  

Энэ тухай бид судалгааны ажлын хүрээнд мэдээлэл авах зорилгоор “Мэргэжлийн хяналтын ерөнхий газар”-ын холбогдох хяналтын байцаагчтай холбогдоход    “Төрийн хяналт шалгатын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 51.2-т  заасан үндэслэлээр шалгалт явуулахаас 5 хоногийн өмнө аж ахуйн нэгж, байгууллагат шалгалтын удирдамжийг хүргүүлдэг учраас аливаа зөрчлөө нуун далдлах боломжийг бүрдүүлчихдэг”  гэдэг мэдээллийг бидэнд өгч байсан.

Бэртэл, гэмтэл авсан тохиолдолд ажил олгогчид анхны тусламж үзүүлэх төдийхнөөр аргалж, эмнэлгийн тусламж, үйлчилгээ үзүүлэх, бусад шаардлагатай арга хэмжээ авдаггүй болох нь тогтоогдсон.

Барилгын салбарт хөдөлмөр эрхэлж буй эдгээрхүүхэдтэй биечлэн уулзсан уу? Тэд юу гэж байх юм?

Судалгааг хэд хэдэн төрлийн аргачлал ашиглан хийсэн.  Хүүхэд, тэдний эцэг эхтэй уулзсан. Судалгаанд хамрагдсан хүүхдүүдийн нэг хэсэг нь ихэвчлэн зуны амралтаараа  хичээлийнхээ бэлтгэлийг хангах зорилгоор ажил хийж байгаа бол нөгөө хэсэг нь банкны зээл барагдуулах, ээж аавынхаа тавьсан өрийг дарах, гэр бүлийн амьжиргааг залгуулах зорилгоор хөдөлмөр эрхэлж байна.

Судалгаанд хамрагдсан хүүхдийн 16% нь сургууль завсардсан хүүхдүүд байсан.
МСҮТ-д суралцдаг 17 настай хүү мэргэжлийн дадлага хийж байгаа боловч эрх нь зөрчигддөг тухай ярьсан. Өдөрт 2-4 цаг дадлага хийх ёстой боловч өглөө 07:00-20:00 цаг хүртэл ажилладаг. Ер нь цемент, шохойн  зуурмаг бэлтгэх, зөөх, барилгын дараах цэвэрлэгээ хийх зэрэг  хүнд ажлууд дээр мэргэжилгүй хүмүүс болон хүүхдүүд ажилладаг. Бас ажлын цаг бусад ажилчдыг бодвол урт, бага цалинг авдаг тухай ярьж байлаа.

Эцэг эхчүүдтэй ярилцлага хийхэд барилгын салбарт хүүхэд эрхлэхийг хориглосон ажил хөдөлмөрийн талаар ойлголт маш бага байдаг нь тогтоогдсон ба тэд хүүхдээ барилгын ажилд зуучилж, цалин хөлсийг аман хэлбэрээр тохирдог байх жишээтэй.  Хүүхдээ аль болох сургах, хөгжүүлэх талаар боддог ч яг ямар алхам хийхээ мэддэггүй эцэг, эхчүүд ч байна.

Өнөөгийн үүсээд буй нийгэм, эдийн засгийн нөхцөл байдлаас үүдэлтэйгээр хүүхдүүд бичил уурхайд ажиллах, гудамжинд гуйлга гуйх, биеэ үнэлэх байдал мэдэгдэхүйц нэмэгдээд байх шиг?
Хүүхдээр хэн гуйлга гуйлгуулж байна вэ? гэдгийг тогтоох нь маш чухал.

Хүүхдийн эрхийн тухай хууль, Хүүхэд хамгааллын тухай хууль батлагдсан тохиолдолд хүүхдээрээ гуйлга гуйлгуулж буй эцэг эхэд хариуцлага тооцдог болно.

Бичил уурхайн орчинд хөдөлмөр эрхэлж байгаа гэр бүлийн хүүхдүүд энэ төрлийн хөдөлмөрийг эрхэлж байна. Энэ асуудлыг бууруулахын тулд гэр бүлийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих замаар өрхийн эдийн засгийг сайжруулж, бичил уурхайгаас гэр бүлийг хөндийрүүлэхэд анхаарч байна.

Энэ онд бичил уурхайг дагасан гэр бүлийг чадавхижуулах, орон нутгийн онцлогийг харгалзан жижиг бизнесийг дэмжсэн хөтөлбөрүүдэд хамруулах,  өөрөөр хэлбэл   газар тариалан эрхлэх, гар урлал хийх, сүү сүүн бүтээгдэхүүн үйлдвэрлэх  зэргээр ажлын байртай болох боломжуудыг нэмэгдүүлэх төсөл, хөтөлбөрийг боловсруулж холбогдох талуудад санал хүргүүлээд байна.

Биеэ үнэлэх байдал сүүлийн жилүүдэд хэт залуужсан, ялангуяа 13-17 насныхан охид  нилээдгүй хувийг эзэлж байгаа гэсэн мэдээллийг холбогдох байгууллагаас авсан.

Эрсдэлтэй бүлгийн хүүхдүүдэд урьдчилан сэргийлэх үйлчилгээг үзүүлэх,  тандалт судалгааг үе шаттай хийх, тухайн хүүхэд тэвчишгүй хэлбэрийн хөдөлмөр эрхэлж байгаа нь тогтоогдсон бол дараагийн шатны арга хэмжээ авах чиглэл  удирдамжийг “Хүүхэд гэр бүлийн хөгжлийн хэлтэс, төв”-үүддээ өгөөд байна.

Нөлөөлөл, сурталчилгааны ажлууд хийнэ гэж ярилаа. Аль өнцөг, хэлбэрээр олон нийт, зорилтот бүлэгт хүргэх нь илүү үр нөлөөтэй гэж харж байна?

Насанд хүрээгүй хүүхэд ажиллуулж байгаа тохиолдолд “Хөдөлмөрийн хууль”, Хүүхэд хамгааллын бодлогыг дагаж мөрдөх, хүүхдэд ээлтэй орчин бүрдүүлэх, насанд хүрээгүй хүүхдийн дэргэд насанд хүрэгчид зөв үлгэр дууриалал үзүүлэх, хөдөлмөрийн аюулгүй ажиллагааг хангасан хувцас, хэрэгслээр хангах ёстой гэсэн зөвлөмж хүргэхээр ажиллаж байна.

Эцэг, эх, хүүхэд, ажил олгогчдод хүүхдийн хөдөлмөрийн хор уршгийг таниулах, хууль эрхзүйг сурталчлах ажлыг зохион байгуулна. Аж ахуйн нэгж,  компаниудад “Хүүхдийн эрх ба бизнесийн зарчим”-ыг сурталчлах,  нөлөөллийн ажлуудыг хийх болно.

Хүүхдийн тэвчишгүй хөдөлмөр эрхлэлтийн талаарх тоо баримтыг хэн гаргах ёстой юм бэ? Танай газар ямар нэгэн үүрэгтэй юу?

Монгол Улс 2012-2016 онд “Хүүхдийн тэвчишгүй хэлбэрийн хөдөлмөрийг устгах үндэсний хөтөлбөр”-ийг хэрэгжүүлж байна.  Хөтөлбөрт  хүүхдийн хөдөлмөрийн тэвчишгүй хэлбэрийн судалгааг хийхээр тусгасан. Хөтөлбөрийг хэрэгжүүлэгч талууд бүгд чиглэл чиглэлээрээ үүрэг хүлээн ажиллаж байна.

Манай байгууллага “Хүүхдийн эрхийн 129 статистик үзүүлэлт”-ийг боловсруулж, “Үндэсний статистикийн хороо”-гоор батлууллаа.  Цаашид тэвчишгүй хэлбэрийн хөдөлмөр эрхэлж буй хүүхдийн статистик тоог гаргах боломжтой болж, энэ төрлийн хөдөлмөр эрхэлж буй хүүхдийг илрүүлж, нийгэмшүүлэх, нөхөн сэргээх үйлчилгээ үзүүлэх боломжууд бий болно.

Шинэчлэн боловсруулагдсан Хүүхдийн эрхийн тухай, Хүүхдийн хамгааллын тухай, Хөдөлмөрийн тухай хуулиудад хүүхдийн тэвчишгүй хөдөлмөрийг арилгах чиглэлд ямар зүйл заалт туссан бэ?

“Хүүхдийн эрхийн тухай” хуульд  хүүхдийн эрүүл мэнд, ёс суртахуун, амь насанд нь аюул учруулах хүнд, тэвчишгүй хэлбэрийн хөдөлмөр эрхлүүлэхгүй байх, “Хүүхэд хамгааллын тухай” хуульд хүүхдээр хөдөлмөр эрхлүүлсэн тохиолдолд “Хөдөлмөрийн тухай” хуулиар зохицуулах гэх мэт заалтууд туссан байна. 

“Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулга”-д ч насанд хүрээгүй хүний хөдөлмөр эрхлэлтийн талаар тодорхой заалтууд тусгасан. 

Хууль гарах нэг хэрэг. Тухайн хуулийг хэрэгжүүлэх гэдэг нь өөр нэг асуудал болоод байна л даа. Эдгээр болон бусад хүүхэдтэй холбоотой хууль эрх зүйн зохицуулалтыг хангаж хэрэгжүүлэх ямар тодорхой чиг үүрэг танай газарт ногдоод байна?

Манай байгууллага хууль эрхзүй, бодлого хөтөлбөрийн хэрэгжилтийг зохицуулж байна. Нийслэл, орон нутагт “Хүүхэд, гэр бүлийн хөгжлийн хэлтэс, төв”-үүдээр дамжуулан үйлчилгээ хүргэж байна.

Хүүхдийн эрхийг хангах асуудал зөвхөн нэг яам, харьяа байгууллагын асуудал биш. Салбар дундын зохицуулалт зайлшгүй хэрэгтэй гэдгийг нийтээрээ хүлээн зөвшөөрч байна.

Хүүхдийн тэвчишгүй хөдөлмөр эрхлэлтийг хэрхэн шийдэж байгаа олон улсын туршлагыг хэр нэвтрүүлж ажилладаг вэ?

Дэлхий даяар нийт 185 сая орчим хүүхэд хөдөлмөр эрхэлж байна гэсэн тоо баримт бий. Ялангуяа Азийн орнуудад хүүхдийн хөдөлмөрийн тэвчишгүй хэлбэрүүд нилээд түгээмэл байх жишээтэй.

Цаашид хөдөлмөр эрхэлж буй хүүхдүүдэд мэргэжлийн боловсрол олгох, зохистой  ажлын байраар хангах гэсэн чиг хандлагыг баримтлан ажиллаж байна. Манай улс ч энэ чиг хандлагын дагуу ажиллаж байна.

Мөн Олон улсын хөдөлмөрийн байгууллагын 138, 182-р конвенциудад манай улс нэгдэн орсон. Эдгээр конвенцийг хэрэгжүүлэх 146, 199-р зөвлөмжийг хэрэгжүүлэн ажиллаж байна.  

Ер нь хүүхдийн эрх, хүүхэд хамгааллын чиглэлээр хэрэгжүүлж буй бодлого, хууль зүйн зохицуулалтын үр дүн хэзээ гарах бол?

Хүүхэд, гэр бүлийн эрхзүйн шинэтгэлийн хүрээнд “Хүүхдийн эрхийн тухай” хууль, “Хүүхэд хамгааллын тухай хууль-ийн төслийн боловсруулж, УИХ-д өргөн бариад байна. “Хөдөлмөрийн тухай” хуульд нэмэлт өөрчлөлтүүд орж байна.

Эдгээр хууль батлагдсанаар эцэг эхчүүдийн үүрэг хариуцлага хамгийн өндөрт тавигдана. Гэр бүл, хүүхдэд үзүүлэх үйлчилгээний  зардлын асуудлууд шийдэгдээд ирнэ. Нөгөө талаар улс орны нийгэм, эдийн засгийн чадавхи сайжирч тогтворжих ёстой.

Ярилцахад таатай байлаа. Баярлалаа.