Өршөөл үзүүлэх тухай хуулийг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах комисс мэдээлэл хийлээ
Монгол Улсын Их Хурлын 2015 оны 8 дугаар сарын 14-ний өдрийн 78 дугаар тогтоолоор “Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуулийг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах комисс байгуулагдсан билээ. Энэхүү ажлын хэсэг өнөөдөр /2015.12.15/ сэтгүүлчдэд мэдээлэл өглөө.
Мэдээллийн эхэнд Улсын Их Хурлын гишүүн, ажлын хэсгийн ахлагч Д.Ганбат Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа 401, 407 дугаар ангиудад тус тус очиж Өршөөл үзүүлэх тухай хуулийн хэрэгжилттэй газар дээр нь танилцсан. Энэ удаагийн Өршөөл үзүүлэх тухай хуулийг Монгол Улсын шүүх анх удаа бие даан хэрэгжүүлсэн билээ.
Шүүхээс Өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт зааснаар нийт 1252 ялтныг өршөөн хэлтрүүлж, 4 дүгээр зүйлийн 4.2 дахь хэсэгт зааснаар нийт 312 этгээд өршөөн хэлтрүүлэгдсэнээс гүйцэтгэгдээгүй торгох ялаас 119, албадан ажил хийлгэх ялаас 63, баривчлах ялаас 130 этгээдийг өршөөн хэлтрүүлж, 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсэгт зааснаар 1760 ялтны эдлээгүй үлдсэн хорих ялаас хоёр жилийг хассанаас 678 ялтан суллагдаж, 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт зааснаар 338 хүнд холбогдох 284 эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. Дээрхи үзүүлэлтээс харахад Өршөөл үзүүлэх тухай хуульд 4340 хүн хамрагдаж Нийслэлд харьяалагдах хорих ангиудаас 386 ялтан, үлдэх 866 ялтан орон нутгийн хорих ангиудаас суллагдсан гэдгийг танилцуулав.
Прокурорын байгууллагаас хорих, баривчлах ял эдлүүлж байгаа хорих, баривчлах анги, байр, шийдвэр гүйцэтгэх алба, цагдан хорих байр, сургалтын төв зэрэг нийт 43 газрын 3794 ялтныг хамруулж үүнээс, Өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт зааснаар эдлээгүй үлдсэн хорих, баривчлах ялаас бүрэн өршөөн хэлтрүүлж сулласан 36.1 хувь буюу 1370, мөн хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсэгт зааснаар эдлээгүй үлдсэн хорих ялаас 2 жилийг хасаж, үлдсэн ялаа үргэлжүүлэн эдэлж байгаа 45.1 хувь буюу 1713 ялтан байгаа аж.
/ETV/
Өршөөл үзүүлэх тухай хуульд хамрагдан суллагдсан иргэдээс гэмт хэрэгт 28 этгээд /хулгайлах 21, дээрэм 1, залилан 1, танхайрах 3, бусдын биед хөнгөн гэмтэл учруулах 2/ холбогдсон нь суллагдсан иргэний 1.4 хувь байгааг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын дэд дарга, ажлын хэсгийн нарийн бичгийн дарга Г.Туулхүү мэдээлэв.
Энэ үеэр ажлын хэсгийн бүрэлдэхүүнд багтсан Улсын Их Хурлын гишүүн Ц.Оюунгэрэл, Улсын дээд шүүхийн Эрүүгийн танхимын тэргүүн Т.Уранцэцэг, Улсын ерөнхий прокурорын туслах, Хэрэг бүртгэлт, мөрдөн байцаах ажиллагаанд хяналт тавих хэлтсийн дарга Е.Сагсай, Тахарын ерөнхий газрын дарга Ц.Азбаяр нар хэвлэлийн хуралд оролцож сэтгүүлчдийн сонирхсон асуултад хариулт өглөө.