Хүний эрхийн зөрчил нэмэгдсээр байна
Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын 15 жилийн ойн хүрээнд зохион байгуулж буй "Хүний эрхийн төлөө хамтдаа зүтгэсэн 15 жил” сэдэвт онол, практикийн хурал 2016 оны 2 дугаар сарын 1-ний 9.00-12.30 цагт Хууль зүйн үндэсний хүрээлэнгийн "Хуульчдын танхим”-д боллоо.
Комисс өнгөрсөн 15 жилийн хугацаанд хуулиар хүлээсэн чиг үүргээ бүрэн биелүүлж, хараат бус, бие даан үйл ажиллагаа явуулдаг цомхон, чадварлаг ажилтнуудтай үндэсний байгууллага болон өсч, ололт амжилтын арвин түүхтэй, гадаад дотоодын олон түншлэгчидтэй хамтран ажиллаж, олон улс, бүс нутгийн түвшинд байр сууриа бэхжүүлэн хөгжиж буй байгууллага билээ.
Монгол Улсад хүний эрх, эрх чөлөөг хангах, хамгаалах, хөхиүлэн дэмжих үйл хэрэг дан ганц Комиссын үйл ажиллагаа төдий бус төр, төрийн бус байгууллага, нутгийн захиргааны болон хууль сахиулах байгууллагууд, сэтгүүлчид, хэвлэл мэдээллийн хэрэгслүүд, олон улсын хөгжлийн дэмжлэг, энэ бүгдийн хүчин чармайлтын үр дүн, хамтын ажиллагаа юм.
Иймд уг хурлаар өнгөрсөн он жилүүдийнхээ ололт амжилт, тулгамдаж буй асуудал, шийдвэрлэх арга зам, санал санаачилга дээрээ тулгуурлан хүний эрхийн төлөө бүх талын хамтын ажиллагаа, оролцоог эрчимтэй өрнүүлэх зорилгоор хүний эрхийн салбарт ажиллаж байгаа, энэ чиглэлээр судалгаа, шинжилгээний ажил хийж буй судлаач, эрдэмтэд, төрийн болон төрийн бус байгууллагын төлөөлөлийн илтгэл мэдээллийг сонсож, онол, практикийн түвшинд хэлэлцлээ.
Монгол Улсад Хүний эрхийн үндэсний байгууллага байгууллагдсны 15 жилийн ойнд зориулан зохион байгуулж буй энэхүү онол, практикийн хурлын үйл ажиллагаанд амжилт хүсч Монгол Улсын Ерөнхийлөгч мэндчилгээ, УИХ-ын дарга илгээлт ирүүлсэн байна.