Өршөөлөөр суллагдсан 50 иргэнд тус бүр нэг сая төгрөгийн санхүүжилт олгов
Хөдөлмөрийн сайд Г.Баярсайхан
2016.01.27

Өршөөлөөр суллагдсан 50 иргэнд тус бүр нэг сая төгрөгийн санхүүжилт олгов

Өршөөлийн хуулиар хорих ангиас суллагдаж, Хөдөлмөрийн яам, Нийслэлийн хөдөлмөрийн газраас зохион байгуулсан “Сайхан амьдрал таны гарт” аянд хамрагдан иргэдэд гарааны бизнесээ эхлүүлж буй 50 иргэнд тус бүр нэг сая төгрөгийн санхүүгийн дэмжлэг олгов.

“Сайхан амьдрал таны гарт” аяныг өнгөрсөн оны арванхоёрдугаар сарын 25-наас энэ сарын 25-ны хооронд Хөдөлмөрийн сайд Г.Баярсайханы санаачилгаар хэрэгжүүлсэн бөгөөд Өрөөшлийн хуулиар суллагдсан, нийслэлд бүртгэлтэй 2070 иргэнийг хамруулжээ. Аянаар дээрх иргэдэд сэтгэл зүйн зөвлөгөө өгөх, ажил мэргэжлийн чиг баримжаа олгох, бизнесийн санаагаа хэрэгжүүлэхэд нь туслаж, төсөл бичиж бичил бзнес эрхлэх сургалтад суулгажээ.

Сургалтад хамрагдсан иргэдээс нийт 63 бизнесийн төсөлд дэмжлэг үзүүлэх хүсэлт ирүүлсэн  бөгөөд хүсэлтийг судлан үзэж боломжтой 50 төсөлд тус бүр нэг сая төгрөгийн санхүүжилт олгохоор шийдвэрлэсэн байна.

Өршөөлийн хууль болон өнөөдөр олгосон санхүүгийн дэмжлэг нь нэг удаа амьдралдаа том алдаа гаргаж, түүнийгээ ухамсарлан, хариуцлагатай иргэн болж төлөвлшихөөр хичээж буй иргэддээ төрөөс үзүүлж буй дэмжлэг юм хэмээн манхүүжилт олгох үеэр Хөдөлмөрийн  сайд Г.Баярсайхан онцлон тэмдэглэв.

ШШГЕГ болон Цагдаагийн байгууллагын судалгаанд Өршөөлд хамрагдсан иргэдийн 25 хувь нь суллагдаад ажил хийж, амьдралаа төлөвшүүлнэ гэсэн бол 50 хувь нь суллагдаад ямар ажил хийх, хэрхэн амьдрахаа төлөвлөөгүй, үлдсэн 25 хувь нь ирээдүйдээ итгэлгүй байна гэсэн хариулт өгчээ.

Уг судалгаанд үндэслэн “Сайхан амьдрал таны гарт” сарын аяныг суллагдаад ямар ажил хийх, хэрхэн амьдрахаа төлөвлөөгүй хэмээн хариулсан бүлэгт чиглүүлжээ. Харин одоогоор ажил хийж амьдралаа төлөвшүүлнэ болон ирээдүйдээ итгэлгүй байгаа гэсэн бүлэгт чиглэсэн ажил өрнүүлж эхлээгүй байна хэмээн Нийслэлийн хөдөлмөрийн газрын дарга Г.Гэрэлмаа хэллээ.

Санхүүгийн дэмжлэг авсан иргэд Өршөөлийн хуулийг баталсан болон тэднийг нийгэмд хөлөө зөв олоход нь туслан “Сайхан амьдрал таны гарт” аяныг хэрэгжүүлсэнд УИХ болон Хөдөлмөрийн яаманд талархаж байгаагаа илэрхийлэв. Мөн нийгмийн хариуцлагатай иргэн байхаа хэлсэн юм.