“Хүчирхийллийн хохирогчдод үйлчилгээ үзүүлэх нэг цэгийн үйлчилгээний төвийн тогтвортой байдал, салбар хоорондын хамтын ажиллагаа” сэдэвт уулзалт
Жендэрийн Үндэсний хороо, НҮБ-ын Хүн амын сангийн хамтын ажиллагааны хүрээнд “Хүчирхийллийн хохирогчдод үйлчилгээ үзүүлэх нэг цэгийн үйлчилгээний төвийн тогтвортой байдал, салбар хоорондын хамтын ажиллагаа” сэдэвт зөвлөлдөх уулзалтыг 2015 оны 10 дугаар сарын 26-ны өдөр Сүхбаатар дүүргийн Эрүүл мэндийн төвд зохион байгууллаа.
Тус зөвлөлдөх уулзалтаар хүчирхийллийн хохирогчдод үйлчлэх нэг цэгийн үйлчилгээний төвийн тогтвортой байдлыг хангахад байгууллагын төсөвт тусгуулахад шийдвэр гаргагч, удирдах ажилтнуудын идэвхитэй оролцоо, тэдгээрийн гүйцэтгэх үүрэг болон салбар хоорондын хамтын ажиллагааг бэхжүүлэх талаар санал солилцлоо.
Уулзалтаар хүчирхийллийн хохирогчдод үйлчлэх нэг цэгийн үйлчилгээний төвийн тогтвортой байдлыг хангахад тулгамдаж буй асуудлуудын хүрээнд гарсан саналыг нэгтгэн УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны дарга, Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн шинэчилсэн найруулгын ажлын хэсгийн дэд дарга Д.Ганбатад хүргүүллээ.
Уулзалтанд Нийслэлийн нийгмийн хөгжлийн асуудал хариуцсан орлогч, нийслэл дэх жендэрийн салбар хорооны дарга Ц.Энхцэнгэл, НҮБ-ын Хүн амын сангийн жендэрийн асуудал хариуцсан ажилтан Б.Оюун, нийслэл болон орон нутгийн хэмжээнд үйл ажиллагаа явуулж буй хүчирхийллийн хохирогчдод үйлчилгээ үзүүлж буй нэг цэгийн үйлчилгээний төвийн удирдах албан тушаалтнууд болон нийслэлийн 8 дүүргийн Засаг даргын тамгын газрын холбогдох удирдах болон гүйцэтгэх албан тушаалтнууд оролцлоо.