Орон сууцны зээлийн хүүг тав болгосон
Барилга хот байгуулалтын яамны сайд З.Баянсэлэнгэ
2016.01.19

Орон сууцны зээлийн хүүг тав болгосон

Барилга хот байгуулалтын яамны сайд З.Баянсэлэнгэ ипотекийн найман хувийн хүүтэй зээлийн талаар мэдээлэл хийлээ. Тэрээр "Үндсэн хуулийн  цэцийн шийдвэртэй холбогдуулан арилжааны банкууд орон сууц барьцаалсан найман хувийн хүүтэй зээлийг зогсоосон.

Тиймээс Ипотекийн зээлийг үргэлжлүүлэхийн тулд Үл хөдлөх хөрөнгийн барьцааны тухай хууль, Иргэний хуульд нэмэлт өөрчлөлт оруулж, анхны хэлэлцүүлгээр батлах ажил үргэлжилж байна.Нэмэлт өөрчлөлтөөр орон сууцаа шилжүүлэх буюу худалдаалахдаа банкнаасаа зөвшөөрөл авч, түрээслэх тохиолдолд заавал зөвшөөрөл авахгүй байя гэдэг дээр санал нэгдэж байгаа. Маргааш болох УИХ-ын ээлжит бус чуулганаар хуулийн нэмэлт өөрчлөлтийг батлах байх. 

Хууль эрх зүйн орчин орчин бүрдэж байгаа учраас арилжааны банкууд ипотекийн зээл гаргаж болно гэсэн үг. Үүнтэй холбогдуулан нэгдүгээр сарын 11-ний өдрийн Засгийн газрын хуралдаанаар орон сууц барьцаалсан зээлийн журамд өөрчлөлт оруулж, зээлийн хүүг таван хувь болгосон. Үл хөдлөх хөрөнгийн барьцааны тухай хууль, Иргэний хуульд оруулах нэмэлт өөрчлөлт батлагдвал арилжааны банкууд, Монгол банктай хамтарч орон сууц барьцаалсан таван хувийн хүүтэй зээл олгогдох боломжтой. Түүнчлэн найман хувийн хүүтэй орон сууцны зээл авсан иргэдийн зээлийн хүү таван хувь руу шилжинэ” гэлээ.