Ипотекийн зээлийг үргэлжлүүлэх ёстой
УИХ-ын гишүүн, УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны дарга Д.Ганбат
2015.12.18

Ипотекийн зээлийг үргэлжлүүлэх ёстой

УИХ-аас баталсан Иргэний хууль болон Үл хөдлөх хөрөнгийн барьцааны тухай хуулийн холбогдох заалтууд Үндсэн хууль зөрчсөн гэсэн дүгнэлтийг Цэц арванхоёрдугаар сарын 9-ний өдрийн Их суудлын хуралдаанаараа гаргасан билээ.

Энэ нь барьцаанд байгаа үл хөдлөх эд хөрөнгөө бусдад түрээслэх, хөлслөх, бусдын эзэмшилд шилжүүлэх, давхар барьцаалах тохиолдолд өмчлөгч иргэн барьцаалагчаас заавал зөвшөөрөл авахаар зохицуулсан нь  барьцаалагч этгээд тухайн хөрөнгийн хувьд өмчлөгчөөс илүү эрх эдлэх үр дагаврыг бий болгон өмчлөгчийн эрхийг хязгаарлаж байна гэж үзсэн юм. Үүнтэй холбоотойгоор Монголын банкуудын холбоо жилийн 8 хувийн хүүтэй олгогддог ипотекийн зээлийг зогсоосон. Эл асуудлыг шийдэх зорилгоор УИХ-ын гишүүн, УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны дарга Д.Ганбат хуулийн төсөл санаачилсан байна. Энэ тухай нь тодрууллаа.

-Үндсэн хуулийн цэцээс гаргасан 13 дугаар дүгнэлттэй холбоотойгоор банкууд УИХ, Засгийн газрыг хууль эрх зүйн орчинг тодорхой болгохыг хүлээж байна. Та боловсруулсан хуулийн төслийнхөө үзэл баримтлалыг танилцуулахгүй юу. Одоо ямар шатанд явна вэ?

-Үндсэн хуулийн цэцийн их суудлын хуралдаанаас гаргасан шийдвэр эцсийнх байдаг. Цэцээс гаргасан үл хөдлөх хөрөнгөтэй холбоотой 13, 15 дугаар дүгнэлттэй холбогдуулаад арилжааны банкууд ипотекийн зээлээ зогсоосон. Монголын банкны холбоо “Банкуудаа эрсдэлд оруулахгүйн тулд ипотекийн зээлийг зогсоох шийдвэр гаргалаа” гэж мэдэгдсэн. Тийм учраас хууль санаачлах бүрэн эрхийнхээ хүрээнд Иргэний хуульд зохих өөрчлөлт оруулахаар төсөл боловсруулсан. Засгийн газраас санал авахаар өгсөн байгаа. Санал ирсний дараа төслөө УИХ-д өргөн барина.

Үүсээд байгаа гол асуудал нь 13 дугаар дүгнэлттэй холбоотой. Тийм учраас эхний барьцаалагчийн зөвшөөрөлгүйгээр бусдад барьцаалж болохгүй гэж үзсэн. Гол зорилго нь ипотекийн зээлийг үргэлжлүүлэх боломжийг иргэддээ олгохыг эрмэлзэж байна. Цэцийн 13 дугаар дүгнэлттэй холбогдуулж, УИХ дахь Ардчилсан намын бүлэг, УИХ дахь МАХН-МҮАН-ын Шударга ёс эвслийн бүлэг хамтарсан мэдэгдэл гаргасан. Тийм болохоор төслийг УИХ-д өргөн мэдүүлэнгүүт цаг алдалгүй дэмжээд баталчих болов уу гэж найдаж байна. Яаралтай шийдэхгүй бол 8 хувийн зээлд хамрагдаж орон сууцтай болох гэсэн, орон сууцаа зарах гэсэн бүхий л харилцаа хүлээгдэж байна. Оны өмнөх гэхэд энэ асуудлыг нэг тийш болгочих болов уу.

-Ийм хурдан хугацаанд амжих уу?

-Амжуулахын төлөө л байна. Яагаад гэвэл энэ асуудал олон мянган иргэний амьдралтай холбоотой. Ипотекийн зээлийг 2003 оноос эхлэн суурийг тавьсан гэдэг ч 2013 оноос Ардчилсан нам том хөтөлбөр болгон далайцтай ажил эхлүүлснээр өнөөдөр 75 мянган иргэн орон сууцтай болсон байна. Маш олон залуус хамрагдахыг хүсч байна. Гэтэл Цэцийн шийдвэрээс болоод ойлгомжгүй байдалд орсон. Ипотекийн зээлийг хэзээ олгох юм бол, Засгийн газар шийдвэр гаргах юм уу, УИХ хууль санаачлах юм уу гээд та бүхнээс олон л иргэн асууж байгаа байлгүй.

-Та Цэцийн шийдвэр буруу гэж хэлэх гээд байна уу?

-Би Цэцийн шийдвэрт тайлбар хийхгүй. Гэхдээ Монгол Улс зах зээлийн харилцаанд шилжээд 20 гаруй жил болсон гэдгээ ойлгох ёстой.  Цэцийн шийдвэр бол иргэд зээл авахын тулд өмчөө, үл хөдлөх хөрөнгөө давхар барьцаалах боломжтой гэсэн шийдвэр гаргасан нь банкуудыг эрсдэлд оруулж байгаа. Энэ тохиолдолд зээлдэгч үүргээ биелүүлээгүй үед барьцаалсан өмч нь хэнийх болох юм бэ гэдэг нь ойлгомжгүй, шүүх дээр ачаалал үүсгэнэ. Нөгөө талдаа орон сууцтай болох олон мянган иргэн ипотекийн зээлд хамрагдах боломжгүй нөхцөл байдал үүслээ шүү дээ. Мөн 8 хувийн зээл өсөх эрсдэл бий. Үүнээс болж олон сөрөг үр дагавар гарч болзошгүй байна. Жишээ нь барилгын компаниуд орон сууцаа борлуулж чадахгүй болох, түүнийг дагаад олон мянган залуус ажилгүй болох. Барилгын компаниуд орон сууц барихын тулд банкнаас зээл авсан байгаа. Ипотекийн зээлийг зогсоочихоор цусны эргэлтгүй болж, эргээд банк санхүүгийн салбараа эрсдэлд оруулж болзошгүй нөхцөл байдал үүсгэж байгаа. Банкны үйл ажиллагаа итгэлцэл дээр, хадгаламж, зээл хоёрын харилцаан дээр тогтдог.  Банкинд хадгаламж эзэмшигчийн мөнгө бий, ард түмэн мөнгөө хадгалуулчихсан байгаа. Маш олон зүйл энэнтэй уялдаж банк санхүүгийн салбараа ч донсолгож мэдэхээр байгаа юм. Тийм учраас төсөл санаачилсан.

-Анхны барьцаалагчийн эрхгүйгээр бусдад барьцаалж болохгүй гэдэг заалтыг төсөлд дахиад тусгачихаар буцаад Үндсэн хууль зөрчсөн зүйл рүү орчихгүй юу?

-Үндсэн хуулийг зөрчихгүй байх төсөл л боловсруулна шүү дээ.

-Цэцийн 15 дугаар дүгнэлттэй холбоотой зохицуулалт туссан уу, газар?

-Ерөнхийдөө суурь утгыг нь байлгаж байна. Газар ч бай, байшин барилга ч бай бүгд үл хөдлөх хөрөнгө. Хөрөнгөө барьцаалж зээл авчихаад асуухгүйгээр шилжүүлж болохгүй л гэсэн заалтыг тусгаж өгсөн.

-Анхны барьцаалагчаас асуух болохоор Үндсэн хууль зөрчихгүй юу?

-Үндсэн хуулийн цэцийн их суудлын шийдвэр, банкинд барьцаалсан байсан ч давхар барьцаалж болно гэсэн шийдвэр гарсан. Тэгэхээр барьцааны утга учир, зээлдэгч, зээлдүүлэгч хоорондын утга учир алдагдчихаж байгаа. Тэгэхээр хууль номын дагуу энэ бүх баталгааг бий болгохгүй бол санхүүгийн систем нуран унах гээд байна. Би хэлсэн шүү дээ, цаашлаад зах замбараагүй маргаан руу хөтлөх эрсдэлтэй байгаа гэж.... Үүнээс болж зээл таг зогсвол яах юм бэ.

-Банкуудын холбооноос тавьж байгаа гол шаардлага нь яг юу юм бэ. Анхны барьцаалагчид давуу эрхтэй байх хууль эрх зүйн зохицуулалт тусгаад өг гэж байна уу. Эсвэл давхар өөр зохицуулалт хүсээд байгаа юм уу?

-Банкуудын холбоо асуудал тавихаар хууль санаачилна гэж байхгүй. Үндсэн хуулийн хүрээнд зах зээлийн харилцааг хэвийн байлгах тэр өмчийн харилцааг бий болгох үүргийн дагуу хуулийн төсөл санаачилсан. Бүх хуульд нийцүүлээд эрх зүйн орчин бий болгох нь УИХ-ын үүрэг.  

-Үндсэн хуулийн цэц иргэдийнхээ эрх ашгийг нэгдүгээрт тавиад шийдвэрээ гаргасан гэж байна лээ.

-Цэцийн их суудлын хуралдааны шийдвэр бол эцсийнх, гарангуутаа хүчин төгөлдөр хэрэгждэг. Маргах юм байхгүй. Гэхдээ Үндсэн хуулийг агуулгаар нь ард иргэдийн амьдралд буусан, зах зээлийн тогтолцоондоо ойртсон, суурь харьцааг ойлгосон маягаар тайлбарлаж хэрэгжүүлэх нь зөв байх.

Үндсэн хуульд өнөөдрийн зах зээлийн харилцаа, энэ нийгэмд шилжин оръё гэсэн бүхий л зохицуулалт нь байгаа шүү дээ.