Шүүгчийн цалинтай холбогдох хуулийн төсөл өргөн барина
Чуулганы үдээс өмнөх нэгдсэн хуралдаанаар Үндсэн хуулийн цэцийн 2015 оны 05 дугаар дүгнэлтийг Улсын Их Хурал хүлээн авсантай холбогдуулан Шүүхийн захиргааны тухай болон Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуулиудад өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг хэлэлцэв. Энэ талаарх Хууль зүйн байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Х.Тэмүүжин танилцуулсан юм.
Улсын Их Хурал Үндсэн хуулийн цэцийн 05 дугаар дүгнэлтийг хүлээн авсан учраас шүүгчдийн цалинг хэрхэн шийдэх гэж байгааг тодруулахад Хууль зүйн байнгын хорооны дарга Д.Ганбат шүүгчдийн цалингийн тухай асуудлыг байнгын хорооны хуралдаанаар авч хэлэлцээд хуулийн төсөл санаачлахаар тогтсон, ойрын үед төсөл өргөн барьж хэлэлцүүлнэ гэсэн хариулт өгөв.
Ингээд хуулийн төслийг батлах санал хураалт явуулахад чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн 70.4 хувийн саналаар Шүүхийн захиргааны тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг, 68.5 хувийн саналаар Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг баталлаа.