Тахар буцаж, дотоодын цэрэг эргэн ирэх сураг
2015.05.13

Тахар буцаж, дотоодын цэрэг эргэн ирэх сураг

УИХ 2013 онд Тахарын албаны тухай хуулийг баталж, гэрч хохирогчийг хамгаалах, шүүхийн аюулгүй байдлыг хангах, оргон зайлсан ялтан хоригдлыг эрэн хайх, хуяглан хүргэх чиг үүрэг бүхий Тахарын албыг байгуулсан.

Одоогийн байдлаар Тахарын албаны жилийн төсөв 13 тэрбум төгрөг байгаа бөгөөд энэ нь тус агентлаг чиг үүргээ хэрэгжүүлэхэд хангалттай гэгддэг. Гэвч Хууль зүйн сайд Д.Дорлигжав Тахарын албыг татан буулгаж, ШШГЕГ- ын харьяанд шилжүүлэх, эндээс хэмнэсэн төсвөөр Х.Тэмүүжин сайдын үед татан буулгасан Дотоодын цэргийг дахин байгуулахаар холбогдох хуулийн төслүүдийг боловсруулаад байгаа юм. Үүнээс болж шинэ, хуучин хоёр сайдын дунд ширүүн тэмцэл өрнөөд удаж байна.

Уг нь эдгээр хуулийн төслийн хэлэлцэх эсэхийг өнгөрсөн долоо хоногт Хууль зүйн байнгын хороогоор шийдвэрлэх байсан ч Х.Тэмүүжин гишүүн “Бүлгийн шийдвэр гарсны дараа Байнгын хороогоор хэлэлцэх нь зүйтэй гэдэг санал гаргаснаар хойшлуулаад байсан билээ. Харин уржигдар хуралдсан АН-ын бүлгийн хуралдаанаар дээрх асуудлыг хэлэлцжээ. Энэ үеэр Д.Дорлигжав сайд, Х.Тэмүүжин гишүүн хоёр дахин ам зөрж, бүлгийн гишүүд шийдвэр гаргаж чадахгүйд хүрчээ. Намын бүлгийнхэн “Хуулийн байгууллагын шинэчлэл бол АН-ын сонгуулийн мөрийн хөтөлбөрийн гол цөм. Тиймээс өнгөрсөн хоёр жилийн хугацаанд намын бүлэг Х.Тэмүүжин сайдын энэ шинэчлэлийг тууштай дэмжиж ирсэн. Одоо Д.Дорлигжавыг гараад ирэхээр ямар дэмжихгүй байлтай биш. Гэтэл хэлэлцэж байгаа асуудал дээр энэ хоёр байнгын зөрчилтэй байгаад байхаар шийдвэр гаргахад бэрхшээлтэй байна. Ерөнхий сайд, намын дарга нар энэ хоёр хүнээ нэг ойлголцолд хүргэхгүй бол хуулийн салбарт хийгдсэн шинэчлэл хоёр сайдын хөлд үрэгдэх нь” гэлцжээ. Гэхдээ хуулийн- төслүүдийг хэлэлцүүлэгт оруулахаар болжээ.

Хууль зүйн байнгын хорооны өчигдрийн хуралдаан ч мөн маргаантай асуудлаар удтал мэтгэлцэв. УИХ- ын дарга З.Энхболд “Гэрч хохирогчийг замаас нь аваад зугтсан тохиолдол гарч байсан эсэхийг Х.Тэмүүжин гишүүнээс асуулаа. Нэг ч удаа тийм тохиолдол гарч байгаагүй юм байна. Тиймээс бид холливудын кинон дээр гардаг шиг зүйл болж магадгүй гээд дэмий зүйлд мөнгө үрээд байх шаардлагагүй. Өмнө нь ТББ-ууд ямар ч төсөвгүй хийгээд явж болсон энэ ажилд төсвөөс мөнгийг нь гаргаад өгчихөд л болно. Тахарын албаны төсвийг ШШГЕГ-тай адил 50-60 тэрбум болгоно гэж байхгүй” гэсэн бол Ц.Нямдорж гишүүн "Тахарын албыг чиг үүргээр нь ажиллуулъя гэвэл одоогийн 13 тэрбум төгрөг хаанаа ч хүрэхгүй. Одоогийн хуулиар шүүх байгаа газар болгонд Тахар байх ёстой. Тэгэхээр төсвийг нь нэмэх, эсвэл чиг үүргийг нь тараах зам л үлдэж байна” гэсэн юм.

Д.Лүндээжанцан гишүүн “Ний нуугуй хэлэхэд Хууль зүйн байнгын хороон дээр хэлэлцэж байгаа асуудлаар жижигхэн туйлшрал яваад байна шүү. Цагдаагийн албаны тухай болон Тахарын хуулийг ердөө хоёрхон жилийн өмнө УИХ баталсан. Гэтэл одоо шинэ сайд нь Цагдаагийн албаны, Прокурорын тухай гээд дахиад шинэ хууль өргөн бариад явж байна. Энэ олон хуулийн чинь сиймхий, цоорхойгоор хүний эрх, шударга ёс алдагдах вий. Тахарын алба байх ёстой, гэрч хохирогчийг хамгаалах ёстой, гэр бүлийн хүчирхийллээс хамгаалах ёстой. Гэхдээ тэр нь бүтэн агентлагийн хэмжээнд байх уу, чиг үүргээ хэрэгжүүлж болохуйц өөр цомхон бүтэц бий болгох уу гэдэг бол ярьж болох асуудал” хэмээн анхааруулсан юм.

Санал хураалт явуулахад Байнгын хорооны хуралдаанд оролцсон 16 гишүүний 12 нь дэмжиж, гишүүн Д.Ганбат, Ц.Нямдорж, Ц.Оюунгэрэл, Х.Тэмүүжин нар цөөнх болсноор Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Гэрч хохирогчийг хамгаалах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Тахарын албаны хуулийг хүчингүй болгох тухай хуулийн төслүүдийг хэлэлцэхийг Байнгын хороо дэмжиж, чуулганы нэгдсэн хуралдаанд оруулахаар болов.