Азийн сангийн суурин төлөөлөгчийг хүлээн авч уулзлаа
БОНХАЖ-ын сайд Н.Батцэрэг
2015.11.11

Азийн сангийн суурин төлөөлөгчийг хүлээн авч уулзлаа

Өнөөдөр БОНХАЖ-ын сайд Н.Батцэрэг Азийн Сангийн суурин төлөөлөгч хатагтай Мелони Линдберг болон “Байгаль орчныг хангахад талуудын оролцоог хангах” төслийн менежер ноён Жонатан Стайси, төслийн зохицуулагч хатагтай П.Болормаа нарыг хүлээн авч уулзлаа.

Энэ оны 4 дүгээр сард БОНХАЖЯ, Азийн Сангийн Монгол дах Хөтөлбөрийн “Газар хоорондын Харилцан Ойлголцол”-ын Санамж бичгийг байгуулж байсан бөгөөд байгалийн нөөцийн хариуцлагатай ашиглалтанд талуудын оролцоог хангах, уул уурхайн байгаль орны хариуцлагыг нэмэгдүүлэх, голын усны чанарын мониторинг хийх зэрэг чиглэлээр хамтран ажиллахад уг санамж бичгийн зорилго оршиж байсан юм. Цаашид дээрх асуудлаар идэвхтэй хамтран ажиллах, цаашдын хамтын ажиллагааны талаар санал солилцсон уулзалт боллоо.

Азийн сан нь 2006 оноос эхлэн Байгаль орчин, байгалийн нөөцийн менежментийн чиглэлээр ажиллаж эхэлсэн бөгөөд БОНХАЖЯ-тай хариуцлагатай уул уурхайн чиглэлээр хамтран ажиллах хүсэлтэй буйгаа уламжилсан юм. Азийн сан нь Монгол орны төрөл бүрийн бүсийн 17 газарт бодит нөхөн сэргээлтийн ажлыг хийсэн бөгөөд уг ажилд орон нутгийн болон бичил уурхай эрхэлж буй иргэдийг сурган, чадавхижуулан хийлгэж “Бичил уурхайн нөхөн сэргээлтийн загвар”-ыг боловсруулсан талаараа Н.Батцэрэг сайдад танилцууллаа.

Энэ нь ногоон ажлын байрыг нэмэгдүүлэх сайн талтай бөгөөд цаашид 3 аймагт үрсэлгээний газар байгуулахаар төлөвлөжээ. Мөн “Байгаль Орчны Менежментийн Төлөвлөгөө”-ний загвар гаргасан гэлээ. Дээрх ажлын явцтай Н.Батцэрэг сайд танилцаад цаашид уг асуудлуудад анхаарч ажиллахаа илэрхийлээд стандарт, тогтсон аргачлал хэрэгтэй байна. Мөн дан ганц уул уурхайн салбарт бус авто болон төмөр замын бүтээн байгуулалт өрнөж буйтай уялдуулан замын карьерт ч аргачлал хэрэгтэй байгааг дуулгаад нөхөн сэргээлт хийгдсэн дээрх 17 газрын нөхөн сэргээлтийн ажилтай биечлэн танилцахаа илэрхийллээ.