Цөлжилттэй тэмцэх бага хуралд оролцов
НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенци
2015.10.23

Цөлжилттэй тэмцэх бага хуралд оролцов

НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцид нэгдсэн орнуудын 12 дугаар бага хурал 2015 оны 10 дугаар сарын 20-21-нд БНТУ-ын Анкара хотод болж, түүнд Монгол Улсын Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын яамны Төрийн нарийн бичгийн дарга Ц.Цэнгэл тэргүүтэй төлөөлөгчид оролцов.

Төрийн нарийн бичгийн дарга Ц.Цэнгэл тус хурлын хүрээнд “Газрын доройтлыг бодитой багасгах асуудлаарх” сайд нарын дугуй ширээний уулзалтад үг хэлэхдээ Монгол дахь хөрсний доройтол, цөлжилтийн сөрөг үр дагавар, нөхцөл байдлын талаар мэдээлж, газрын доройтолттой тэмцэх сан бий болгох, үүнд хөгжилтэй орнууд анхаарч хөрөнгө хандивлах, хоёр талт болон олон талт хамтын ажиллагааг өргөжүүлэх, төрийн болон хувийн хэвшлийн зохистой харилцааг бий болгох, чадавхийг бэхжүүлэх төсөл хөтөлбөр хэрэгжүүлэхийн чухлыг онцлон тэмдэглэв.

Эдгээрийг хэрэгжүүлэхэд НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцийн Нарийн бичгийн дарга нарын газраас дэмжлэг үзүүлж, удирдлага, чиглэлээр хангаж ажиллана гэдэгт найдаж буйгаа мөн илэрхийлэв.

Ц.Цэнгэл тэргүүтэй төлөөлөгчид Монгол Улсаас Бүгд Найрамдах Турк Улсад суугаа ЭСЯ-нд зочилж, ажил байдалтай нь танилцав.