Баатар даргын болчимгүй үйлдэл
Баатар даргын болчимгүй үйлдэл
2015.11.05

Баатар даргын болчимгүй үйлдэл

Үнэн худал нь мэдэгдэхгүй хов жив шиг яригдаж байсан хотын даргын шийдвэр өчигдөр ил болж хэвлэл мэдээллээр цацагдав.

Хоосон талаас нийслэлийн иргэдийн хүн бүхний очих дуртай цэцэрлэгт хүрээлэнг нийслэлчүүдэд маань бүтээн босгож өгсөн Б.Саранчимэгийг нийслэлийн Засаг дарга Э.Бат-Үүл ажлаас нь халах захирамж гаргажээ. Хэн ч тоохгүй шарилжинд бариулсан газрыг ногоон байгууламж болгосных нь “шагнал”-д хотын даргын гарын үсэгтэй ажлаас халах тушаал хотын ойн өдрүүдэд ирж. “Монголын төр зүтгэсэн хүндээ халтай” гэдгийг баталлаа.

Өмнө нь “Монгол шуудан” ТӨК-ийн гүйцэтгэх захирал Ц.Батсайханыг тэрбум төгрөгийн татаасаар ажиллаж байсан шуудан холбоог улсад хоёр тэрбум төгрөгийн татвар төлж, 800 сая төгрөгийн ашигтай ажилладаг болгосных нь төлөө халах шийдвэр гаргаж л байсан. Түүнийг халах шалтгаан нь мөн л намчирхлаас үүдэлтэй.

Намууд тохиролцсон учраас ОБЕГ-ыг элгээр нь хэвтүүлэх дөхсөн нөхрийг ажилтай болгохын тулд Ц.Батсайханыг халсан юм. Гэхдээ үнэхээр шинэ захирал нь шууданг Онцгой газартай адил элгээр нь хэвтүүлэх нь тодорхой болоод ирэхээр шийдвэрээ буцааж, Ц.Батсайхан даргыг чимээгүйхэн буцааж томилсон байдаг.

Харин одоо Б.Саранчимэгийг албан тушаалын амтанд орсон өөр “намч” нөхрийг ажилтай болгохын тулд халахаар болж. Монголын төрд чадварлаг, боловсролтой боловсон хүчин, ашигтай орлоготой агентлаг байх нь чухал биш гэсэнтэй агаар нэг шийдвэрийг албан тушаалтнууд гаргаж буйн тодорхой жишээ нь энэ.

Төр муу менежер гэдэг үгний утга учир нь төрд сайн менежер удаан тогтвортой ажиллах боломжийг өнөөгийн нам ярьсан явцуу сэтгэлгээ үгүй хийдэгт оршиж байх шиг. Хожимдсон ч гэлээ Ерөнхий сайд Ч.Сайханбилэг сайн менежерээ халснаа ухаараад ажилд нь эргүүлэн томилсон шиг хотын дарга ч шударга бус шийдвэрээ эргэж харна гэж найдаж байна.Б.Саранчимэг шиг сайн менежер дахиад дөрөв байсан бол энэ хотын ногоон байгууламж хоёр дахин нэмэгдэх байсан.

Тиймээс ч түүнийг халах бус харин ч арга туршлагыг нь түгээн дэлгэрүүлж, ногоон Улаанбаатар болохын төлөө зорих учиртайсан. Алийн болгон угаартай, угаадастай Улаанбаатар байх билээ. Уг нь хотын даргын багт хотыг хөгжүүлэхэд хувь нэмрээ оруулах түүн шиг хүмүүс л чухал хэрэгтэй баймаар юм.