"Газрын тогтвортой менежментийг сайжруулах" сэдэвт хурал болж байна
"Шинжлэх ухаан- Бодлого" зөвлөлдөх уулзалт
2015.11.02

"Газрын тогтвортой менежментийг сайжруулах" сэдэвт хурал болж байна

Глобал өөрчлөлтийн Ази номхон далайн байгууллагын бүс нутгийн гурав дахь удаагийн "Шинжлэх ухаан- Бодлого" зөвлөлдөх уулзалт өнөөдөр 9:00-12:00 цагийн хооронд "Чингис" зочид буудалд болно. Энэ үеэр "Газрын тогтвортой менежментийг сайжруулах" сэдэвт хурал болох юм.

Глобал өөрчлөлтийн Ази номхон далайн байгууллага, БОНХАЖЯ, Шинжлэх ухааны академи, Хуурай газрын тогтвортой хөгжлийн хүрээлэн хамтран уулзалтыг зохион байгуулж байна. БНХАУ, Япон, Монгол, Солонгос, ОХУ-ын бодлого тодорхойлогчид, шийдвэр гаргагчид, газар ашиглалт, газрын бүрхэвчийн өөрчлөлт чиглэлийн олон улсын шинжээчид, хэвлэл мэдээллийн төлөөлөгч, залуу эрдэмтэд, Монголын эрдэмтэд болон орон нутгийн төлөөлөл оролцож байгаа юм байна.

Гурван өдөр үргэлжлэх, Глобал өөрчлөлтийн Ази номхон далайн байгууллагын уулзалт хэлэлцүүлэг нь бодлого тодорхойлох, шийдвэр гаргах явцад шинжлэх ухааны үр өгөөжийг нэмэгдүүлэх, бодлогын хэтийн төлвийг улс орны тогтвортой газар ашиглалт болон газрын менежмент, түүний экологи-эдийн засгийн үр нөлөөний талаарх шинжлэх ухааны судалгаа шинжилгээнд хандуулах гол зорилготой.

Дэлхийн мөсөөр бүрхэгдээгүй хуурай газрын 50 гаруй хувь нь хүний үйл ажиллагааны шууд нөлөөнд өртсөн. Үүний шууд бус үр дагавар болох хүлэмжийн хийн ялгарал, шинээр гарч буй хор хөнөөлт төрөл зүйл, усны урсацын зүй тогтол, биологийн төрөл зүйл болон экосистемийн үйлчилгээний алдагдал зэрэг нь дэлхийн өнцөг булан бүрт нөлөөлж байгааг шинжлэх ухааны судалгаагаар нотолсон энэ цаг үед газрын тогтвортой менежментийг хэрэгжүүлэхэд шаардагдах судалгаа шинжилгээ, бодлого төлөвлөлт, арга хэрэгслийг сайжруулахад Засгийн газрын төлөөлөл, бүс нутгийн нэр хүндтэй эрдэмтэд, судлаачид голлон анхаарах юм.

Уулзалт хэлэлцүүлэг нь

а) газар ашиглалтын өөрчлөлт, биологийн төрөл зүйл болон экосистемийн үйлчилгээний алдагдалд нөлөөлөх нь,

б) бүс нутаг дахь хуурай газрын доройтол,

с) тогтвортой газар ашиглалтын сайн туршлага гэсэн гурван салбар хэсэгтэй ба шинжлэх ухаан-бодлогын холбоос бий болгох талаарх санал солилцох, мэдлэгийн менежмент, харилцаа холбоо тогтоох зорилготой мэдлэг туршлага солилцох гурван кафе-киоск ажиллана.

Мөн эрдэмтэд, судлаачид дараахь сэдвээр ярилцлага хийнэ. Үүнд:

  • Сансрын хиймэл дагуулд суурилсан байгалийн гамшгийн мониторинг
  • Нийгэм эдийн засгийн өөрчлөлтөд газрын тогтвортой ашиглалтын сайн туршлага
  • Газар ашиглалт, газрын бүрхэвчийн өөрчлөлтийн төлөв байдал ба ОХУ-ын хөдөө аж ахуйн салбарын хөгжилд байгаль орчны үзүүлэх нөлөө
  • Газар ашиглалтын өөрчлөлт дэх бодлого төлөвлөлт, хэрэгжилтэд тулгарч буй бэрхшээл
  •  ОХУ-ын алс дорнодын газар ашиглалтад гарч буй тулгамдсан асуудал ба далай тэнгисийн байгаль орчин
  • Хятадын хагас хуурай бүсийн газар ашиглалт, газрын бүрхэвчийн өөрчлөлт, бүс нутгийн уур амьсгалд үзүүлж буй нөлөөлөл
  • Нийгэм эдийн засгийн систем ба газар ашиглалтын өөрчлөлт-тогтвортой хөгжлийн зорилготой уялдуулах, дасан зохицох, бууруулах төлөвлөгөө
  • Уур амьсгалын өөрчлөлт, бэлчээрийн газрын доройтол ба мал аж ахуйн үйлдвэрлэлд зохицсон менежмент, стратеги
  • Монголын бэлчээрийн системийг шинэчилэн зохицуулах

Уулзалт хэлэлцүүлгийн дараа бүс нутгийн залуу эрдэмтдийн чадавхийг бэхжүүлэх, санхүүжилт олох, олон улсад хамтран ажиллах нөхцөлийг хангасан судалгааны сайн төслийн санал боловсруулах сургалт зохион байгуулах юм байна.