Үндэсний цэцэрлэгт хүрээлэн “Эко Танхим”-тай боллоо
Нийслэлийн иргэдийн чөлөөт цагаа өнгөрөөх газруудын нэг болсон Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд “Эко Танхим” гэх номын сан бүхий өрөөг шинээр нээлээ.
2014 оны наймдугаар сард эхлүүлсэн энэхүү танхимын ажлыг Үндэсний цэцэрлэгт хүрээлэн ОНӨТҮГ болон Мика Монгол ТББ нар хамтран хийсэн бөгөөд экологи, байгаль орчин, тогтвортой хөгжлийн чиглэл сэдвээр хурал зөвлөгөөн, сургалт семинар, уулзалт зохион байгуулах нөхцөл бүрджээ.
Ингэснээр иргэдийн экологийн боловсролыг нэмэгдүүлэх, эрдэмтэн судлаачдын эрдэм шинжилгээ, судалгааны ажлын үр дүнг олон нийтэд танилцуулах, сурталчлах, сэтгүүлч эрдэмтэн судлаачид болон оюутнуудыг экологи байгаль орчны чиглэлээр судалгаа мэдээллийн материалаар хангах, экологийн үйл ажиллагаа явуулж байгаа иргэд болон аж ахуй нэгж байгууллагуудын үйл ажиллагааг дэмжихэд чиглэгдэж байгаа аж.
Нээлтийн үйл ажиллагаанд эрдэмтэн судлаачид болон БОНХЯ-ны төлөөллийн хүмүүс хүрэлцэн ирж тус танхимд экологийн холбогдолтой ном товхимолыг бэлэглэсэн юм. Энэхүү танхимыг нээхэд “Мобиком Корпораци” ихэд дэмжлэг үзүүлжээ. Мөн иргэдэд шилэн кабель бүхий өндөр хурдны интернэт оруулж, цэцэрлэгт хүрээлэн дэх иргэдийг үнэгүй WiFi интернэтээр хангахаар болжээ.