Тогтвортой хөгжихөд ногоон бодлого зайлшгүй шаардлагатай
Лондон хотын агаарын бохирдол гамшгийн хэмжээнд хүрч байсан үе ердөө 63 жилийн өмнө. Агаар бохирдуулагч дунд агуулагддаг хүнд металл, хамгийн хортой хийнүүд массаараа хүнд учраас хүний өвдөгнөөс доогуур буюу газраас дээш 50 м хүртэлх зайд хуримтлагддаг.
Тийм ч учраас Лондон хотод тэр цаг үед нохой ч харагддаггүй байжээ. Хотын агаарын бохирдол нь хүлцэх хэмжээг хэт давснаас 12 мянган хүнийг үхэлд хүргэх шалтгаан болж байв. Тиймээс Их Британийн удирдлагууд энэ асуудлыг хууль эрх зүйн шинэчлэлээр шийдэж, өдгөө энэ асуудлаасаа ангижирч чаджээ. Хэрэв Лондон хотод хэн нэгэн мод тайрч, устгавал түүнийг нь бүртгэдэг бөгөөд нөхөн сэргээлгэдэг. Учир нь тус хот бүх модоо бүртгэлжүүлсэн байдаг.
Берлин хотод ч яг ийм зовлон нүүрлэж байв. 1990 онд тус хот нүүрстөрөгчийн хийн ялгарлаа 10 жилийн хугацаанд 25 хувиар бууруулах зорилт тавьсан бол үүнийгээ 2008 онд биелүүлжээ. Үүний тулд мэдээж ногоон байгууламжийн эзлэх талбайг нэмэгдүүлсний зэрэгцээ дугуйн зам олноор байгуулсан гэдэг. Өдгөө тус хотын нэг хүнд 46-71 ам метр ногоон байгууламж бүхий талбай ногддог. Зөвхөн хотын захиргааныхаа байшингийн дээврийг ногоон болгосноор зуны улиралд агааржуулагч ажиллуулснаар төлдөг байсан цахилгааны төлбөрөө жилд 5000 ам.доллараар хэмнэх бол-
жээ. Хамгийн ойроос жишээ татвал, манай өмнөд хөрш өвөл, 30 градусын хүйтэнд зүлэг ургуулж болдгийг саяхан харуулсан.
Ийнхүү дэлхийн томоохон хотууд тогтвортой хөгжихийн тулд ногоон бодлогыг сонгож, хүссэн хүсээгүй байгальд ээлтэй хэв маягаар амьдрах замыг сонгож байна.
Улаанбаатар хотын хувьд зөв төлөвлөлт, бодлого явуулаагүйгээс өдгөө даац нь 2-3 дахин нэмэгдэж, бохирдол нь дээд цэгтээ тулж байна. Цөөхөн жишээ дурдвал, Улаанбаатар хотын хөрсний бохирдол 95 хувьтай буюу зөвшөөрөгдөх хэмжээнээс 10-15 дахин их байна.
цэцэрлэгт хүрээлэнг байгуулснаар нийслэлийн ногоон байгууламжийн 23 хувийг бүрдүүлж байгаа
Тоосонцрын хэмжээ зөвшөөрөгдсөнөөс 18 дахин их, хүүхдүүдийн 73 хувь нь амьсгалын замын өвчлөлтэй, 31 гол горхины дөрөв, 97 булаг шандын 16 нь татарсан гэсэн таагүй үзүүлэлтүүд ар араасаа хөвөрнө. Өөрөөр хэлбэл, нийслэл хотын байгаль орчны бохирдол, доройтол гамшгийн хэмжээнд хүрч, нэг хүнд 2.5-хан ам метр ногоон байгууламж ногдож байгаа нь амьдрах таатай хот биш гэдгийг харуулж байгааг МАН-аас зохион байгуулж буй “Бид хамтдаа” форумын дөрөв дэх өдрийн “Хотын засаглал ба амьдрах таатай орчин” салбар хуралдааны үеэр Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн дарга Б.Саранчимэг онцоллоо.
Өнөөдөр Улаанбаатар хотод цэцэрлэгт хүрээлэнгүүдийг зайлшгүй байгуулах шаардлагатай байгаа тэрбээр дурдсан. Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд зуны улиралд өдөрт 10 гаруй мянган хүн очиж үйлчлүүлдэг бөгөөд WiFi ашиглалтаар нь үзвэл энэ тоо 80 хүртэл мянгаар тоологдож байгаа аж. Тус цэцэрлэгт хүрээлэнг байгуулснаар нийслэлийн ногоон байгууламжийн 23 хувийг бүрдүүлж байгаа бөгөөд Улаанбаатар хотын амьдрах орчныг сайжруулахын тулд байгаль орчинд ээлтэй, ногоон хөгжлийн бодлогыг түлхүү баримтлах хэрэгтэйг тэрбээр чухалчилсан юм.