Гацуурт дээр тохиролцож болно
Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албанаас долоо хоног бүрийн пүрэв гарагт зохион байгуулдаг “Сайдын цаг” уулзалтад энэ удаа БОНХАЖ-ын сайд Н.Батцэрэг оролцож, цаг үеийн асуудлаар мэдээлэл өглөө.
Манай яам байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлал гэсэн гурван том бүрэлдэхүүнийг багтаасан томоохон чиг үүрэгтэй. Байгаль орчин гэдэгт Монгол Улсын нийт нутаг дэвсгэрт байгаа биологийн олон янз байдлыг хадгалах, хамгаалах, хөрс, газар зохион байгуулалт зэргийг шийдвэрлэдэг. Байгаль орчны яам солциализмийн үед ажиллаж эхэлсэн тул газар зохион байгуулалт, усны менежментийн чиглэлээр олон жилийн туршлагатай хэмээн Н.Батцэрэг сайд мэдээллийнхээ эхэнд онцлон тэмдэглэв.
Тэрбээр, Ногоон хөгжил бол сүүлийн жилүүдэд нийгмийн хөгжлийн өмнө тулгамдсан асуудлуудын нэг болон тавигдаж байгаа. Хүний эрүүл, аюулгүй орчинд амьдрах тухай асуудал хурцаар тавигдаж байгаа энэ үед ямар ч бүтээн байгуулалт хийсэн ногоон хөгжлийг хэрхэн хөгжүүлэх вэ гэдэг чухал. Зөвхөн уул уурхай гэсэн голлох нэг салбараас хамааран нийгмээ хөгжүүлж байгаа манай улсын хувьд ногоон хөгжлийг баримтлах нь зөв.
УИХ-аар Ногоон хөгжлийн үзэл баримтлал батлагдсан. Энэ хүрээнд салбар бүрт хэрэгжүүлэх Үндэсний ногоон хөгжлийн стандартыг батлан, хэрэгжүүлэх нь шаардлагатай байна. Бид олон жил Монгол Улсын эдийн засгийг солонгоруулах, төрөлжүүлэх талаар ярьж байгаа боловч төдийлөн дэвшил гарахгүй байна. Үүнд аялал жуулчлалын салбар томоохон үүрэгтэй. Монгол Улс уул уурхай, хөдөө аж ахуй, аялал жуулчлал гэсэн гурван тулгуурт эдийн засагтайгаар хөгжих зорилго тавих ёстой.
Энэ үүдээс валютын урсгалын гол хөшүүрэг болсон аялал жуулчлалын салбарын хөгжлийг шинэ шатанд гаргах шаардлагатай байгаа. Аялал жуулчлал салбар зогсонги байдалд орсон байна. Хэдэн аялал жуулчлалын гэр баазаас өөр амрах газар бараг байхгүй. Жуулчдад борлуулах бүтээгдэхүүн, үйлчилгээний нэр төрөл цөөхөн байна. Томоохон буудлууд жуулчдын захиалга авч чаддаггүй, орон нутгийн нислэг жигд бус, жуулчдын сонирхож буй зүйлсийн талаар гаргасан судалгаа, статистик бага байна. Тиймээс энэ чиглэлд анхаарлаа хандуулан ажиллаж, бие даасан салбар болгож хөгжүүлэх ёстой” гэв.
Түүнчлэн, “Миний бие сайд болсноосоо хойш хэд хэдэн зүйл дээр голлон ажиллахаар төлөвлөж байна. Монгол орны ой, ойн нөөц, байгалийн нөөцийн дагалдах баялагтай холбоотой хэд хэдэн ажил хийхээр төлөвлөж байгаа.
БОНХАЖ-ын сайд Н.Батцэрэг
Монгол Улсын ойн нөөц нийт газар нутгийн 8 хувийг эзэлдэг. Үүнийг хүн амын тоотой харьцуулж үзвэл ойн нөөц хангалттай байна гэж болно. Ой гэдэг бол экосистемийн хувьд өндөр ач холбогдолтой боловч нөгөө талаараа эдийн засгийн хөгжлийн нэг тулгуур юм.
Би ХБНГУ-ын парламентад олон удаа сонгогдож байсан, ойн чиглэлээр мэргэшсэн нэрт доктортой уулсан. Түүнтэй хамт ХБНГУ-ын Ойн нөхөрлөлүүдийн холбооны Ерөнхийлөгч хамт явж байсан. Тэд, “Германы ойн нөөц Монголын ойгоос их биш. Бид ойгоосоо жилд 138 тэрбум еврогийн ашиг олдог” гэж хэлсэн. Тэгэхээр Монгол 138 тэрбум биш юмаа гэхэд 10 тэрбум еврог ойн менежментээс босгох бүрэн боломжтой гэдгийг мэргэжлийн хүмүүс надад зөвлөсөн. Тэгэхээр энэ ажлыг хэрхэн эхлүүлэх вэ гэдгээ тооцоолох хэрэгтэй.
Нэн тэргүүнд 2016 оны хавраас ойн цэвэрлэгээг шинэ шатанд гаргах ёстой. Улсын хэмжээнд 1200 орчим Ойн нөхөрлөл ажиллаж байгаа. Гэвч мэргэжлийн байгууллагын хэмжээнд ажилладаг газар тун цөөхөн. Тиймээс эдгээр байгууллагуудыг мэргэшүүлэх, дадлагажуулах ажилд анхаарах болно. Мөн ойн чиглэлээр ХБНГУ, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөртэй хамтран ажиллаж байгаа төсөл хөтөлбөрүүдээ амжилттай хэрэгжүүлэх шаардлагатай.
Мөн усны бодлого, татвар хураамжид анхаарах ёстой. Өмнөх долоо хоногт Усны бодлогын үндэсний хороо байгуулагдсан. Уул уурхай эрчимтэй хөгжиж байгаа, аж үйлдвэрийн салбар хөгжиж эхлэх гэж буй манай орны хувьд усны бодлогоо маш сайн боловсруулах ёстой. Гүний усны хэмжээ, нөхцөл байдлыг нарийвчлан судлах ёстой. Ялангуяа Улаанбаатар орчмын гүний усны нөөц хомсдож, зарим газраа хасах блансад хүрсэн. Тиймээс Тэрэлж орчимд томоохон усан сан байгуулж, шинэ эх үүсвэртэй болох шаардлагтай байна.
Тусгай хамгаалалттай газар нутгийг хөгжүүлэх, менежмент хийх ажлыг хөгжүүлнэ. Одоогийн байдлаар нийт газар нутгийн 17.4 хувийг улсын тусгай хамгаалалтад авсан байна. Ойрын үед 4-5 газрыг улсын тусгай хамгаалалтад авахаар бэлтгэж байна. Тухайлбал, Ноён уулсын 11 мянган га газрыг тусгай хамгаалалтад авах УИХ-ын тогтоолын төслийг өргөн мэдүүлсэн байна. БОНХАЖЯ-наас ойрын жилүүдэд нийт газар нутгийн 30 хувийг тусгай хамгаалалтад авах зорилт тавьсан. Миний ажиллах хугацаа бага тул энэ хэмжээг 20 хувьд хүргэх төлөвлөгөөтэй байна. Энэ намрын УИХ-ын чуулган дуусахаас өмнө энэхүү асуудлыг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлж, УИХ-д өргөн мэдүүлнэ.
Дараагийн асуудал бол байгалийн нөөцийг экспортод гаргах тухай асуудлыг хөгжүүлэх хэрэгтэй. Тухайлбал, ан амьтан, самар, зарим төрлийн эмийн ургамлыг экспортод гаргах асуудалд анхаарлаа хандуулна.
Самрыг жил бүрийн 10 сарын 15-наас арванэнгдүгээр сарын 15-ныг хүртэл бэлтгэх зөвшөөрөл өгдөг байсан. Энэ жил самарны болц эрт болсон тул энэ хугацааг 10 сарын 01 болгосон. Зургаан аймгийн 14 суманд хуш ургадаг. Үүнээс найман суманд нь үйлдвэрийн зориулалтаар, зургаан суманд нь ахуйн зориулалтаар самар бэлтгэх зөвшөөрөл олгодог. Тухайлбал, Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сум самраас орон нутгийн төсөвтөө 720 сая төгрөг цуглуулсан бол иргэдийн гар дээр гурван тэрбум төгрөгийн ашиг олсон гэх мэдээлэл байна. Цаашид бид самрыг экспортод гаргах чиглэлээр ажиллана.
Энэ жилийн тухайд агаарын бохирдлыг өмнөх жилүүдийнхээс бага байлгахад анхаарна. Агаарын бохирдлыг бууруулах үндэсний хорооноос агаарын бохирдол хамгийн өндөртэй байгаа Дархан, Эрдэнэт, Арвайхээр, Мөрөн зэрэг газруудын Засаг дарга нарыг тус хорооны гишүүн болгосон. Мөн бүх шатны ИТХ төсвөө батлахдаа агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр мөнгө суулгах чиглэл өгсөн. Улаанбаатар хотод 3200 нам даралтын зуух, 130 орчим мянган яндан, 400 мянга орчим машин агаарын бохирдол үүсгэж байна. Энэ асуудлыг хэрхэн зөв зохицуулах вэ гэдгийг нарийвчлан ярилцаж шийдвэрлэх хэрэгтэй байна” гэлээ.
Тэрбээр мэдээлэл хийснийхээ дараа сэтгүүлчдийн сонирхсон асуултад хариуллаа.
-Боловсруулсан түлшийг өмнөх онуудад хямдралтай үнээр өгч байсан. Энэ жилийн хувьд ямар шийдвэрт хүрсэн бэ?
-Сая агаарын бохирдолтой тэмцэх үнэсний хороо хуралдсан. Улсын төсөв бүхэлдээ хүнд байгаатай холбогдуулаад цэвэр агаар сангийн мөнгөн хөрөнгө орж ирэхгүй, цэвэр агаар сан өртэй байгаа. Иймээс хөнгөлөлттэй үнээр худалдах боломжгүй болсон.
-Энэ жил агаарын бохирдолтой тэмцэх тал дээр ямар ямар ажил төлөвлөөд байна вэ?
-Цэвэр агаар сан 1 тэрбум орчим төгрөгний өртэй явж байгаа. Тиймээс бид аль болох нүүрс хэрэглэхгүй байх арга хэмжээг дэмжиж ажиллана. Тэр дундаа хийгээр халаах холболт, гаж хэрэглэх, шалны халаалт гэх мэт нүүрсээ багасгах ажлыг дэмжиж ажиллана. Өөр нэг чухал зүйл бол хувийн хөрөнгө оруулалтаар утааны эсрэг хийх ажлуудыг бүрэн дэмжиж ажиллах юм.
-Ноён уулын ойр орчмыг тусгай хамгаалалтанд авах асуудал яригдаж байна. Энэ асуудлыг тодруулмаар байна?
БОНХАЖ-ын сайд Н.Батцэрэг
-Ноён уулыг тойрсон маргаантай зөрчилтэй олон талын асуудал сүүлийн хэдэн жил дамжаад яригдлаа. Сүүлийн үед нинжа нар дайран орсон гэх мэдээллийг цагдаагийн удирдлагууд Засгийн газарт өгсөн. Гэмт хэргийн нөхцөл байдал хүндэрч байна. Үүнийг дагаад байгаль орчны талаас Ноён уулыг экологийн олдвор соёлын өв, үнэт туурийн асуудалд яаж хандах ёстой вэ гэдэг асуудал сөхөгдөж байна. Тиймээс БСШУ-ны сайд Л.Гантөмөртэй зөвлөлдөж олдвор сайн гардаг хэсгийг улсын тусгай хамгаалалтанд авахаар шийдээд тогтоолын төсөл өргөн барьчихаад байна.
Үүнтэй холбогдуулаад гарах нэг асуудал бол дөрвөн хайгуул, хоёр ашиглалтын лиценз байгаа. Эдгээрийг цуцлаж магадгүй. Гэхдээ энэ бол Уул уурхайн сайд Р.Жигжидийн асуудал. Хуулийн зүйл заалтуудыг уншиж байхад мэдээж хэрэг аж ахуй нэгжүүдийг хохироож болохгүй. Тэдгээр компанид нөхөн олговор өгөх талаар яригдана, гэхдээ төсөв хүнд байгаа. Тиймээс дараагийн нэг хувилбар бол өөр орд санал болгож болно. Ингэхдээ тусгай хамгаалалтын бүсэд ороогүй газарт лиценз өгөх хэлбэрээр шийдэх боломжтой.
-Уул уурхайн компаниуд нөхөн сэргээлтийг ямар түвшинд хийж байна вэ?
-Нөхөн сэргээлтийн ажилд 2014 онд 39 тэрбум төгрөг гаргасан. Энэ жил орон нутгийн төсөвт 20 гаруй тэрбум төгрөг оруулчихсан. Энэ юуг харуулж байна вэ гэвэл манай сав газрын захиргаа бол уул уурхай хөгжсөн газар, ус ашигладаг, устай харьцдаг сав газруудад зохих ёсны шаардлага тавиад татвар хураамж авч чадаж байна гэдгийг харуулж байна. Гэхдээ гол мөрөн зарим газраар санаа зовох хэмжээний бохирдолтой байгаа юу гэвэл байгаа. Би ажлаа авсаны дараа Ховд аймагт ажиллаад ирсэн. Тус аймагт хууль бусаар олборлолт хийж байсан компаний үйл ажиллагааг зогсоох шийдвэр гаргасан. Үүнтэй адил хууль бус үйл ажиллагаа явуулж байгаа компаниуд орон нутагт нилээд бий.
Тиймээс тэдгээр аймгуудад ажиллах ажлын хэсэг гаргаад уул уурхайн компаниудын үйл ажиллагаатай газар дээр нь очиж танилцсан. Зарим нэг ус бохирдуулж байгаа, татвар хураамж төлөөгүй, байгаль орчны нөхөн сэргээлт хийгээгүй компаниудад хатуу шаардлага тавина. Хэрэв нөхөн сэргээлтийн арга хэмжээ стандарт шаардлагын түвшинд хийгдэхгүй бол тусгай лицензийг цуцлах арга хэмжээ авч болно. Ер нь байгалиас ашиг авсан бол нөхөн сэргээлтийг зайлшгүй хийх ёстой.
-Ирэх онд ан агнуурын тоог хэдээр тогтоосон бэ?
-Одоогоор угалзыг нэг жилд 50 тоо толгойг агнах зөвшөөрөл олгосон. Ингэхдээ Алтайн угалзыг 18 мянган ам.доллар, говийн угалзыг 9 мянган ам.доллараар тоо толгой тутмыг үнэлсэн. Одоогоор мэргэжлийн баг ажиллаж байгаа. Тухайн нутагт байгаа аргалын тоо өсч байна уу цаашид ан агнуур явуулах ямар бодлого баримтлах юм бэ гэх мэт зүйл дээр судалгаа хийлгэж байна.
Өнгөрсөн жилийн ан агнуурын зориулалтаар авсан таван угалз зарагдаагүй үлдсэн байна. Тиймээс ан агнуурын асуудал бол шинжлэх ухааны үндэслэлтэй асуудал. Ойрын үед манай мэргжлийн байгууллага санал дүгнэлтээ танилцуул 2016 оны ан агнуурын бодлогоо танилцуулах төлөвлөгөөтэй ажилаж байна.