Цэц хууль тогтоодог болсны нэг илрэл нь энэ дүгнэлт
УИХ-ын гишүүн Х.Тэмүүжин
2015.10.07

Цэц хууль тогтоодог болсны нэг илрэл нь энэ дүгнэлт

Улсын Их Хурлын Төрийн байгуулалтын байнгын хорооны  хуралдаанаар цэцийн дүгнэлтийг хэлэлцлээ.

 Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.6 дахь хэсэг Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн эсэх маргааныг хянан хэлэлцэж 12 дугаар дүгнэлт гаргажээ.  Цэцийн дунд суудлаар хуралдаанаас уг маргааныг хянан хэлэлцээдМонгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.6 дахь хэсэгт “Улс төрийн албан хаагчаас бусад төрийн албан хаагч, төрийн болон орон нутгийн өмчит, төрийн болон орон нутгийн өмчийн оролцоотой хуулийн этгээдийн удирдах албан тушаалтан

УИХ-ын гишүүнд нэр дэвших бол сонгуулийн жилийн нэгдүгээр сарын нэгний өдрөөс өмнө төрийн албанаас болон ажил, албан тушаалаасаа чөлөөлөгдсөн байна.” гэж заасны “...бусад төрийн албан хаагч...” гэсэн ньҮндсэн хууль зөрчсөн байна. Цэцийн хуралдаанд УИХ-ын итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр оролцсон УИХ-ын гишүүн А.Бакей товч тайлбар өгсөн юм.

УИХ-ын итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр оролцсон УИХ-ын гишүүн А.Бакей

Тэрээр цэцийн хуралдаанд өгсөн тайлбартаа, УИХ-ын сонгуулийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.6 дахь хэсэгт төрийн албан хаагч нь улс төрийн сонгуульд оролцож өрсөлдөхөөр бол төрийн алба болон ажил, албан тушаалаасаа чөлөөлөгдөх шаардлагыг бий болгосон нь улс төрийн сонгуульд нэр дэвшигчид ижил тэнцүү нөхцөлд, шударгаар өрсөлдөх боломжийг бүрдүүлэх, төрийн алба улс төрөөс ангид байх зарчмыг хэрэгжүүлэх хууль ёсны зорилгод тулгуурласан. Нөгөө талаас төрийн алба мэргэшсэн, тасралтгүй, тогтвортой байх нөхцөлийг төр бүрдүүлэх ёстойг харгалзан үзсэн. Мөн дээрх хуульд заасан шаардлага нь  агуулгаараа сонгогдох эрхийн хязгаарлалт биш юм. Төрийн албан хаагч нь улс төрийн сонгуульд нэрээ дэвшүүлэн оролцохоор бол Үндсэн хуулийн суурь зарчим, УИХ-ын сонгуулийн тухай хуулийн хууль ёсны зорилгыг ханган биелүүлэхтэй уялдан тухайн нэр дэвшигчид тавигдаж байгаа нэмэлт болзол, шаардлага юм.

Хуулийн заалтаар иргэний тэр дундаа төрийн албан хаагчийн УИХ-ын сонгуульд сонгогдох эрхийг хязгаарласан шууд болон шууд бус ямарваа хориг, хязгаарыг бий болгоогүй. Төрийн жинхэнэ албанаас улс төрийн салбарт шилжин ажиллах сонголт нь хувь хүний Үндсэн хуулиар олгогдсон ажил, мэргэжпээ чөлөөтэй сонгох эрхийнхээ дагуу хийж байгаа ухамсарт үйлдэл мөн бөгөөд түүнд нөлөөлөх, эсхүл түүнийг ямарваа хэлбэрээр хязгаарлан хуульчлах нь өөрөө Үндсэн хуулийн суурь зарчим, үнэт зүйлсээс ухарсан алхам болно гэдгийг тайлбарласан.

Харин сонгуульд оролцож ялагдсан төрийн албан хаагчийн хувьд түүнийг төрийн албанд буцаан авах нөхцөл, журмыг тогтоосон эрх зүйн зохицуулалтыг боловсронгуй болгох хэрэгцээ, шаардлага байж болохыг дурдсан гэдгээ хэллээ.

Цэцийн дүгнэлттэй холбогдуулан санал хэлсэн Улсын Их Хурлын гишүүн Су.Батболд цэцийн дүгнэлтийг хүлээж аваад төрийн үйлчилгээний албан хаагчдын сонгуульд нэр дэвших эрхийг нээж өгөхөд чиглэсэн зохицуулалтыг хуульд тусгах нь зүйтэй гэсэн бол Улсын Их Хурлын гишүүн М.Энхболд, Д.Лүндээжанцан, Н.Энхболд нар энэ заалт нь Үндсэн хуультай зөрчилдөөгүй тул цэцийн дүгнэлтийг хүлээж авах боломжгүй гэдгээ хэлсэн юм.

/25-р суваг тв/

Мөн УИХ-ын  гишүүн Х.Тэмүүжин Үндсэн хуулийн цэц хууль тогтоодог болсны нэг илрэл нь энэ дүгнэлт юм. Үндсэн хуулийн зөрчлийн бус, харин хууль тогтоох эрх мэдлийн асуудлыг цэц шийдэж байгаа нь буруу. Цэцэд маргаан үүсгэсэн энэ заалт нь бодлогын сонголтын асуудал болохоос биш Үндсэн хуулийн зөрчлийн асуудал биш юм. Иймээс цэцийн дүгнэлтийг хүлээн авах боломжгүй гэсэн юм.

Ингээд санал хураалт явуулахад байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн 72.7 хувь нь Үндсэн хуулийн цэцийн 12 дугаар дүгнэлтийг хүлээн зөвшөөрөх боломжгүй гэж үзлээ.