С.Баярцогт ямар хүүхэд хуурч байгаа биш дээ
УИХ-ын гишүүн О.Баасанхүү
2015.10.06

С.Баярцогт ямар хүүхэд хуурч байгаа биш дээ

Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга С.Баярцогт өнөөдөр мэдээлэл хийж О.Баасанхүүг өөрийг нь үндэслэлгүй гүтгэсэн, ямар ч баримтгүй атлаа намдаа уурласан уурандаа ийм гэнэн юм ярьж яваа хэмээн мэдэгдсэн билээ.

Намаасаа хөөгдөх гэж байгаа, намын бүлгийн хуралдаа суухгүй болсон, улмаар намынхаа бодлого үйл ажиллагаанд оролцохгүй байгаа гэх мэт сүүлийн үед дуулианы эзэн болоод буй УИХ-ын гишүүн О.Баасанхүүгээс С.Баярцогт сайд мэдээлэл хийсний дараа тодруулга авлаа. 

-С.Баярцогт сайд дөнгөж сая таны талаар мэдээлэл хийлээ. Та баримтгүйгээр хүнийг гүтгэсэн юм биш үү? 

-Ямар баримт гэж. Олон л зүйл байгаа шүү дээ. 

-Үндсэн хуулийн цэцийг авлигадаж 300 сая төгрөг шилжүүлсэн тухай. УИХ-ын тухай хуулийн 7.1.12 Үндсэн хууль зөрчсөн гэх Цэцийн 11 дүгээр дүгнэлтийг ярьж байна?

-Мөнгө төгрөгтэй холбоотой асуудлыг Ц.Нямдорж гишүүн ярьсан. Ц.Нямдорж гишүүн хамгийн шударга гишүүн учраас зөв зүйтэй зүйл ярьсан гэдэгт эргэлзэхгүй байна. Итгэж байгаагийн төлөө хүн гүтгэсэн болохгүй. Хоёрдугаарт, С.Баярцогтыг огцруулах гурван үндэслэл тавьсан. Нөхөр тэр үндэслэлээ тойрч ярьмаар байгаа юм. Он сар тоонд суурилж ярих хэрэггүй. Өөрөөр хэлбэл, энэ гурван үндэслэлээ зөвшөөрч байна уу гэдгээ ярих ёстой. 

Би С.Баярцогтыг Хятадын Монгол гэж нэрлээгүй. Оффшор бүсэд данстай гэж хэлээгүй. Өөрөө л хүлээн зөвшөөрсөн. Дөрөвдүгээр сарын 15-нд өргөдлөө өгөх үедээ УИХ-ын гишүүдийн асуултад хариулаад буруугаа хүлээн зөвшөөрсөн. Хэвлэл мэдээлэл болон УИХ-ын гишүүдийн өмнө буруу зүйл хийжээ гэж хэлсэн. УИХ-ын гишүүний ажлаа л сайн хиймээр байна гэсэн. Төрийн өндөр дээд албан тушаал гэдэг чинь УИХ-ын дарга, дэд дарга, сайдууд, мөн байнгын хороодын дарга нар. Тэгэхээр одоо яагаад өндөр албан тушаалд очоод суучихав. 

Ц.Даваасүрэн гишүүн ETV-д ярилцлага өгөхдөө С.Баярцогт “Даваасүрэн ахаа, намайг уучлаарай. Би одоо үнэхээр сайн ажиллана. Өмнөх шигээ тийм муухай зүйл хийхгүй гэж гуйсан” гэж ярьж байсан. Ц.Даваасүрэн гишүүн ч худлаа хэлэхгүй. С.Баярцогт ажлаа сайн хийх нь гэж хүлээж байсан. Би чинь эвслийн гишүүн. Хамтарч засаг барьж байгаа намын гишүүн. Тэр утгаараа итгэж байсан. Харамсалтай нь мань хүн Засгийн газрын тухай хуулийн 20.5-д байгаа хэдхэн заалтыг биелүүлж чадаагүй. Төрийн албан хаагчдын асуудлыг энэ хүн шийддэг. Хууль бусаар халахгүй байх асуудлыг энэ хүн хийх ёстой. Бид нээлттэй сонсгол хийсэн. 

С.Баярцогтод би дөрвөн асуудлыг шийдэх үүрэг өгсөн. Хууль бусаар халсан хүмүүсээ ажилд нь авах, хууль бус шийдвэр бол шүүх рүү явахаас өмнө хүчингүй болгох, хууль тогтоомжид өөрчлөлт оруул, 10 тэрбумын алдагдлыг арилга гэж чиглэл өгсөн. Хууль бус томилгооноос болж улс нөхөн төлбөр нэрээр 10 тэрбумыг үрэн таран хийх гэж байна. Нэг сайд дарга очихдоо хоморголон халдаг тогтолцоог өөрчлөх хууль хэрэгтэй байна. Ийм зүйлсийг л би хэлсэн. Харамсалтай нь нэгийг нь ч биелүүлээгүй. 

-С.Баярцогт чамд ажил өгөх нь гэж яг Цэц хэлсэн юм уу?

-Хэлсэн. Зарим хүмүүс Цэц дээр очиход С.Баярцогт чамд ажил өгөх гэж байгаа учраас үүнийг чинь хүчингүй болголоо гэж хүртэл ярьсан. 

-Та ням гарагт өргөн барьсан гэж худлаа ярьсан юм биш үү. Мягмар гарагт өргөн барьсан гэж яриад байна? 

УИХ-ын гишүүн О.Баасанхүү

-Мягмар гарагт биш ээ. Баасан гарагт буюу есдүгээр сарын 4-нд өргөн мэдүүлсэн. Харин Засгийн газрын тогтоол есдүгээр сарын 7-нд буюу даваа гарагт гарсан юм билээ. Хөөрхий зайлуул хэдэн тоон дээр л ажиллаад байх юм. Хүүхэд хуурч байгаа биш дээ. Ерөнхийлөгч 2017 оны нэгдүгээр сарын 13-нд Үндсэн хуулийн цэцийн 25 жилийн ойг тэмдэглэ гэж зарлиг гаргасан. Ерөнхийлөгчийн зарлигийг хэрэгжүүлэхийн тулд Засгийн газрын нөөц хөрөнгөнөөс мөнгө гаргах ёсгүй. 

Төсвийн тодотголд оруулж энэ асуудлыг шийдэх ёстой. 455 сая төгрөгийг нэг хурал шийдэхгүй. Би 150 сая ам.долларын асуудлыг ярьж байна. Энэ их мөнгө. Төсвийн тодотгол руу оруулж ирээд УИХ-аар ярилцах ёстой байсан. Хэн нэгний цалинг хасъя, эмээ өвөө нарын ээмгийг авна гэж байгаа мөртлөө нэг ой тэмдэглэхэд хэдэн зуун саяыг яагаад гаргаад байгаа юм бэ. Би энийг болохгүй гэж үзэж байна. Үндсэн хуулийн цэц хоёр том асуудал гаргасан. 

Тэнд ашиг сонирхлын зөрчил гаргасан хүмүүс байгаа. Ашиг сонирхлын зөрчил гаргасан шийдвэр гаргасан. Засгийн газрын асуудлыг ярихын тулд Цэц дүгнэлт гаргасан. УИХ-ын тухай хуулийн 7.1.12-д Засгийн газрын талаар нэг ч үг өгүүлбэр байхгүй. Тэнд УИХ-аас томилогдсон байгууллага гэж байдаг. Монголбанк, Статистикийн байгууллага, СЕХ, Үндсэн хуулийн цэц, Засгийн газрын гишүүд байдаг. Ганцхан Засгийн газрын гишүүн гэдэг өнцгөөр хараад бусад байгууллагын хяналт тавих эрхийг хасаад хаячихаж байна. ингэж болж байгаа юм уу. Ингэж хасахдаа Засгийн газраас тайлбар аваад хассан. Наймдугаар сарын 9-нд байх. Наймдугаар сарын 6-нд би УИХ-ын зургаан сайдыг огцруулах асуудлыг хэлэлцэхэд би С.Баярцогтыг огцруулна гэдгээ албан ёсоор хэлсэн. Яагаад цаг хугацааны хувьд ингэж давхцаад байна вэ. 

-Сайдыг огцруулах асуудлыг ярихад таныг дарамтлаад байгаа юм уу. Бүлгээс гарахаар болсон гэх юм?

-“Шударга ёс” эвсэл монголын ард түмэнд гурван том амлалт өгсөн. Оюутолгойг 51 хувь ард түмэн өгөх, Тавантолгойг ард түмний мэдэлд өгөх, хэлмэгдүүлэлтийг зогсоох гэсэн гурван асуудал. Гэтэл 51 хувийг авахын тулд МАХН юм хийсэн үү, хийсэн. Шадар сайд Д.Тэрбишдагва, Сангийн сайд Ч.Улаан, Уул уурхайн сайдтай нийлээд 2.1 тэрбум төгрөгийн зөрчил илрүүлсэн. Энэ зөрчлийг 34 хувь руу нийлүүлээд 51 хувь болгох боломж байсан. Гэхдээ хэн ч хүсээгүй. Олон улсын аль ч шүүхэд очсон 2.1 тэрбумын зөрчил дээр Монголын талд шийдвэр гарна. 

Тавантолгойг өнөөдөр 10 хувийг нь ард түмэнд эзэмшүүлж байна. Өргөдлийн байнгын хорооны даргын хувьд би энэ талаар тууштай ажил хийх байгаа. Тавантолгойн гэрээг хийхдээ 1072 ширхэг хувьцааны асуудлыг тусгахаар болсон. Гэтэл тэрнийг оруулж ирэхгүй гэж яриад эхэллээ. Энийг эсэргүүцэх ёстой. Хэн эсэргүүцэх вэ гэхээр бүлэг.

Гэтэл бүлэг нь МҮАН-ын гишүүнээр удирдуулсан. Нөгөөх нь сайд Засгийн газраа эсэргүүцэж чадахгүй. Бүлэгт байгаа нэг намын дарга М.Энхсайхан энэ төслийг оруулж ирж байна. Би гайхаж байна. Үүний эсрэг дуугарах ёстой. 90 жилийн түүхтэй нам Х үсэг дээр хоёр хуваагдсан байж болно. Гэхдээ бид ард түмний эрх ашгийн төлөө дуугарах ёстой. Ийм бүлэгт байна гэдэг, нэрээ холбох гэдэг ичмээр байна гэж хэлээд байгаа юм. 

-Намын үйл ажиллагаанд оролцож байна уу? 

-Байгаа, байгаа. Тэнд тийм үйл ажиллагаа болж байна ороорой л гэдэг юм. 

-Н.Энхбаяр даргатай зөрчилдсөн юм уу? 

Амьдрал баян шүү дээ. Би Н.Энхбаяр даргатай эвлэрэх зүйл дээрээ эвлэрдэг. Зөрчилдөх зүйл дээрээ зөрчилддөг. Хэн нэгний дохиураар амьдардаг нас өнгөрч. Би 40 нас өнгөрчихсөн. УИХ-ын гишүүн байснаар биш намайг УИХ-ын гишүүн байхдаа юу хийв гэдгээр ард түмэн дүгнээсэй гэж би хүсч байгаа. УИХ-д орж ирээд би олон ажил хийсэн. Жил сараар нь тайлан гаргачихсан. Удахгүй ард түмэндээ тайлагнана. 26 хууль би санаачилсан байна. Миний хуулиудыг батлаад өгчихвөл ийм зүйл өөрчлөгдөнө дөө. 

-Эвсэл тарах ёстой гэж үзэх хүмүүс байна. Та юу гэж бодож байна? 

-Би шийдэхгүй л дээ. Гэхдээ тарах ёстой гэдэгт хатуу байр суурьтай байгаа. МАХН-ын дарга Н.Энхбаярыг М.Энхсайхан дарга ямар үгээр хэлээд явж байна. “Шударга ёс” эвслийнхээ эсрэг яриад явж байгаа хүн хэн билээ. Гэтэл яагаад нэг ширээнд суугаад байгаа юм бэ. МАХН-ын жирийн гишүүд харж байгаа. Нөгөө 1072 хувьцааг өгөх МАХН яасан бэ. Яагаад М.Энхсайхан нь өөр зүйл яриад байна гэж харж байгаа. 

Ард түмэнд бид тайлан тавихаа мартаж болохгүй. Зоригтой шийдвэр гаргах ёстой. Хэн нэгнийг дарга сайд болгох нь бидний зорилго биш. 2016 онд ялах нь чухал байна. Шударга ёсны хувьсгалаа хийе гэж яриад байгаа юм. Халуун ч биш хүйтэн ч биш байхаар нэг талдаа багтая. Эсвэл бид Тавантолгойг ард түмний мэдэлд өгнө гэж ярихаа больсон гээд хэлчихсэн нь дээр. Бид барьцаалагдаж болохгүй.