Цэцийн 12 дугаар дүгнэлтийг хүлээн зөвшөөрсөнгүй
Төрийн байгуулалтын байнгын хороо
2015.10.06

Цэцийн 12 дугаар дүгнэлтийг хүлээн зөвшөөрсөнгүй

Улсын Их Хурлын Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар . Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.6 дахь хэсэг Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн эсэх маргааныг хянан шийдвэрлэсэн тухай Үндсэн хуулийн цэцийн 2015 оны 12 дугаар дүгнэлтийг хэлэлцлээ.

Үндсэн хуулийн цэцийн 2015 оны 9 дүгээр сарын 30-ны өдрийн дунд суудлын хуралдаанаар Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.6 дахь хэсэг Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2, Арван дөрөвдүгээр зүйлийн 2 дахь хэсэг, Арван зургадугаар зүйлийн 9 дэх заалтын холбогдох хэсгийг тус тус зөрчсөн эсэх тухай маргааныг хянан хэлэлцэж 12 дугаар дүгнэлт гаргасан юм.

Байнгын хорооны хуралдаанаар цэцийн дүгнэлтийг хүлээн зөвшөөрөх эсэх асуудлыг хэлэлцэж буйтай холбогдуулан Үндсэн хуулийн цэцийн хуралдаанд Улсын Их Хурлын итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр оролцсон Улсын Их Хурлын гишүүн, тус байнгын хорооны дарга А.Бакей байнгын хорооны гишүүдэд товч тайлбар өгсөн юм.

Тэрээр цэцийн хуралдаанд өгсөн тайлбартаа, Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.6 дахь хэсэгт төрийн албан хаагч нь улс төрийн сонгуульд оролцож өрсөлдөхөөр бол төрийн алба болон ажил, албан тушаалаасаа чөлөөлөгдөх шаардлагыг бий болгосон нь улс төрийн сонгуульд нэр дэвшигчид ижил тэнцүү нөхцөлд, шударгаар өрсөлдөх боломжийг бүрдүүлэх, төрийн алба улс төрөөс ангид байх зарчмыг хэрэгжүүлэх хууль ёсны зорилгод тулгуурласан. Нөгөө талаас төрийн алба мэргэшсэн, тасралтгүй, тогтвортой байх нөхцөлийг төр бүрдүүлэх ёстойг харгалзан үзсэн.

Цэцийн дүгнэлттэй холбогдуулан санал хэлсэн Улсын Их Хурлын гишүүн Су.Батболд цэцийн дүгнэлтийг хүлээж аваад төрийн үйлчилгээний албан хаагчдын сонгуульд нэр дэвших эрхийг нээж өгөхөд чиглэсэн зохицуулалтыг хуульд тусгах нь зүйтэй гэсэн бол Улсын Их Хурлын гишүүн М.Энхболд, Д.Лүндээжанцан, Н.Энхболд нар энэ заалт нь Үндсэн хуультай зөрчилдөөгүй тул цэцийн дүгнэлтийг хүлээж авах боломжгүй гэдгээ хэлсэн юм.

Мөн Улсын Их Хурлын гишүүн Х.Тэмүүжин Үндсэн хуулийн цэц хууль тогтоодог болсны нэг илрэл нь энэ дүгнэлт юм. Үндсэн хуулийн зөрчлийн бус, харин хууль тогтоох эрх мэдлийн асуудлыг цэц шийдэж байгаа нь буруу. Цэцэд маргаан үүсгэсэн энэ заалт нь бодлогын сонголтын асуудал болохоос биш Үндсэн хуулийн зөрчлийн асуудал биш юм. Иймээс цэцийн дүгнэлтийг хүлээн авах боломжгүй гэсэн байр суурьтай байгаагаа хэлэв.

Ингээд санал хураалт явуулахад байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн дийлэнх нь Үндсэн хуулийн цэцийн 12 дугаар дүгнэлтийг хүлээн зөвшөөрөх боломжгүй гэж үзжээ.