Хот тосгоны эрх зүйн байдлын тухай хуулийг хэрэгжүүлэхгүй байгаа
Өнөөдрийн “Ярилцья” нэвтрүүлгийн зочноор УИХ-ын гишүүн О.Баасанхүү оролцлоо.
Намрын чуулганы хуралдуулахаас өмнө ээлжит бус чуулганыг хоёр ч удаа хуралдууллаа. Яаралтай цаг үеийн асуудал гарч байна. Энэ хугацаанд таны хувьд ямар хуулийн төслүүддээр ажиллав?
-Юуны өмнө энэ өдрийн мэнд хүргье. Чуулганы завсарлагаанаар хууль сурталчилах, хуулийн төсөл дээр ажиллах цаг маш давчуу байлаа. Учир нь хоёр ч удаа ээлжит бус зарласантай холбоотой өршөөлийн хууль болон зургаан сайдыг чөлөөлөх асуудал гээд дуудагдаж байлаа. Гэсэн ч өнөөдөр ард түмний зүгээс гол тавьж байгаа асуудал бол бид өнөөдөр хотод амьдарч байна уу, хөдөө амьдарч байна уу гэсэн гол асуултыг олон газраас тавьж байна.
Өөрөөр хэлбэл 1994 онд УИХ-ын тогтоол гарсан. Тэр тогтоолд аймгийн бүх төв нь хот байна гэж заасан мөртлөө Хот тосгоны эрх зүйн байдлын тухай хуулийн хэрэгжүүлэхгүй байгаа. Энэ хуулиар хот өөрийн эдэлбэр газартай, хот өөрийн захирагч, төсөвтэй байх ёстой. Харамсалтай нь үүнийг аль ч аймаг хэрэгжүүлдэггүй. Зөвхөн нийслэл энэ хуулийг хэрэгжүүлэх гээд явж байгаа. Энэ зүйлтэй холбоотой УИХ-ын гишүүний хувьд засгийн газрын чиглэл өгсөн тогтоолын төслийг боловсруулаад санал авахад бэлэн болсон. Мөн иргэдтэй уулзаж, сургуулийн нээлтэд оролцож нилээдгүй давчуу ажиллаж байлаа.
Та УИХ-ын Өргөдлийн байнгын хороог ахладаг. Энэ хороонд ирж байгаа иргэдийн санал гомдол, хууль тогтоох байгууллагаас иргэдийн шаардаж байгаа зүйлийн олонхи нь юутай холбоотой байна.
-Өргөдлийн байнгын хороонд одоогоор 60-аад мянган өргөдөл ирсэн. Үүний гол нь хувийн шинжтэй өргөдөл нилээн давамгай орж ирж байгаа. Тэр утгаараа өргөдлийн байнгын хороо хороо, багын статусыг нэг тал болгож эрх мэдэл олгох хэрэгтэй юм байна. Тэгэхгүй бол өнөөдөр шат шатандаа асуудлыг шийдэж чадахгүй байгаа асуудлыг тавьж саяхан УИХ дээр хорооны 80 гаруй засаг дарга, Орхон аймгийн багын төлөөлөлтэй хамтран нээлттэй хэлэлцүүлэг хийсэн.
Ерөнхийдөө засаг захиргаа нэгжийн тухай хууль, Үндсэн хуулинд мөн өөрчлөлт хийх ёстой гэсэн шийдвэрүүд гарсан байгаа. Удахгүй байнгын хороогоор энэ асуудлыг авч хэлэлцэнэ гэсэн бодолтой байгаа.
Иргэний оролцоотой холбоотой Улаанбаатарт төвлөрсөн эрх мэдлийг аймаг сумд руу шилжүүлэх орон нутагт иргэдэд эдийн засгийн болон нутгийн өөрөө удирдах эрхийг шилжүүлэх тухай асуудлыг иргэд илүүтэй тавьж байна гэж ойлгож болох уу?
-Үнэндээ бол та бүхэн мэдэж байгаа. Багын засаг дарга, хэсгийн ахлагч гэж 192 мянган төгрөгийн цалинтай хүмүүс байдаг. Гэтэл тэр хүмүүс нь яг газар дээр нь очиж иргэдтэй уулздаг. Гэтэл иргэдээс багын засаг дарга, хэсгийн ахлагчыг сайд, засаг даргын хэмжээнд үздэг. Сургууль цэцэрлэгт хамруулж өгөөч, Эмнэлгийн зардал, нүүрс түлээгээр дэмжээч , эмчилгээний хөнгөлөлт гэх мэт асуудал тавьдаг. Шийдэгдэхгүй болохоор УИХ руу явуулдаг.
Энэ асуудлыг өнөөдөр яаж шийдэх вэ. Ядаж аймагууд маань хотын статустай байвал хот тосгоны эрх зүйн тухай хуулиар захирагч төсөвтэй болох шаардлагатай байна. Хил хязгаар нь хэтэрхүү бага учир газар өмчлөх эрхээ эдэлж чадахгүй байна. Зөвхөн Орхон аймагт гэхэд 300-аад иргэн өмчлөх эрхээ эдэлж чадаагүй байна. Энэ бүх асуудлаар тусгай хуулийн төсөл боловсруулан бэлэн болсон байна.