Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулгыг хэлэлцүүлэгт бэлтгэх ажлын хэсэг хуралдав
Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх
2015.10.07

Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулгыг хэлэлцүүлэгт бэлтгэх ажлын хэсэг хуралдав

Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны тогтоолоор байгуулагдсан Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий дэд ажлын хэсгийн хуралдаан өнөөдөр Төрийн ордны “Г” танхимд болов.

Дэд ажлын хэсгийн хуралдаанд Хөдөлмөрийн яамны Хөдөлмөрийн харилцааны бодлого, зохицуулалтын газрын дарга Б.Алимаа, тус яамны мэргэжилтэн Т.Гантулга, Монголын ажил олгогч эздийн нэгдсэн холбооны гүйцэтгэх захирал Х.Ганбаатар, Монголын үйлдвэрчний эвлэлийн холбооны Хөдөлмөр, нийгмийн бодлогын газрын дарга Ц.Отгонтунгалаг, Удирдлагын академийн багш, доктор, профессор Б.Уранцэцэг, Улсын Их Хурлын Тамгын газрын Хууль зүйн үйлчилгээний хэлтсийн Экспертийн албаны ахлах зөвлөх Я.Хишигт, Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны Ажлын албаны ахлах зөвлөх Л.Лхагвасүрэн, зөвлөх Ж.Чимгээ, референт М.Отгон нар оролцлоо.

Тус Байнгын хорооны Ажлын албаны зөвлөх Ж.Чимгээ дэд ажлын хэсгийн хийх ажлын төлөвлөгөө, чиглэл, хуралдаанаар хэлэлцэх асуудлыг гишүүдэд танилцуулав.

Дэд ажлын хэсгийн хуралдаанаар Ажлын хэсэгт Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн талаар Улсын Их Хурлын гишүүн С.Ганбаатар болон төрийн, төрийн бус байгууллага, иргэдээс хуулийн төслийн үзэл баримтлал, танилцуулга, төсөлтэй холбогдуулан ирүүлсэн саналыг танилцуулан харилцан санал бодлоо солилцжээ.

Дараагийн хуралдаанд ажлын дэд хэсгийн гишүүд Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөлд тусгах саналаа бэлтгэж, гаргасан саналыг хэлэлцэхээр харилцан тохиролцлоо.