Хятадуудад Монголын ноолуурыг авах мөнгийг төрөөс нь өгдөг
"Мэдлэг шингэсэн жижиг, дунд үйлдвэр" хэлэлцүүлгийн энэ удаагийн эксперт зочноор "Сор кашемир" компанийн гүйцэтгэх захирал Б.Очгарьд оролцлоо.
Та манай уншигчдадкомпанийхаа талаар товч танилцуулна уу?
Манай “Сор кашемир” ХХК нь анх 1998 онд байгуулагдсан, ноос ноолуур бэлтгэх боловсруулах чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг компани. Ерөнхийдөө энэ чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг хувийн өмчөөр боссон компаниудын хувьд анхдагчдын нэгд зүй ёсоор тооцогдоно. Өнөөдөр манай компани түүхий эдийг бэлтгэж, ангилж, угаахаас эхлээд бэлэн болсон утсаараа бүтээгдэхүүн хийх хүртэл бүх шат дамжлагыг өөрийн үйлдвэр дээр гүйцэтгэдэг. Монголдоо үлдэх нэмүү өртөгийг бүтээгдэхүүндээ шингээж чаддаг үйлдвэр болсон байна. Хэвийн үйл ажиллагаатай үедээ 80 орчим ажилтан, ачаалалтай үедээ 100 орчим ажилтан ажилладаг.
Манай компани бэлэн бүтээгдэхүүн, хувцас хийгээд өнөөдөр 9 жил болж байна. Үүнээс өмнө дотоодын зах зээлд утас голдуу борлуулдаг байлаа. Өнөөдөр ч гэсэн дотоодын хэдэн зуун цех манай үйлдвэрийн хийсэн утсаар сүлжмэл болон нэхмэл бүтээгдэхүүнүүдээ үйлдвэрлэж байна. Хэрэглэгчид маань ч гэсэн манай утасны чанарт ам сайтай байдаг. Энэ л манай хамт олны бахархал бас амжилт юм даа.
- Танай бүтээгдэхүүн тэгэхээр ихэвчлэн дотооддоо борлогддог гэсэн үг үү? Экспортонд бүтээгдэхүүн гаргадаг уу?
Экспортын бүтээгдэхүүн борлуулалтын ихэнх хувийг эзэлдэг. Гэхдээ энэ нь зөвхөн бэлэн хувцсаар хязгаарлагдахүй. Утас, самнасан ноолуур зэрэг боловсруулалтын шат дамжлага болгоноос бий болж нэмүү өртөг шингэсэн төрөл бүрийн бүтээгдэхүүн байдаг. Ноос ноолуурыг малчдаас худалдаж авахаас эхлээд л нэмүү өртөг шингэж эхэлдэг. Тухайлбал ченж малчнаас килограмм ноолуурыг 60 мянгаар авлаа гэж бодоход бид ченжээс 61 мянгаар авах жишээтэй.
Утга нь Монголын тал нутагт уулын бэлд нутаглах ганц айлын ноолуурыг тэр ченж очиж авчирсныхаа төлөө нэмүү өртөг шингээж байгаа юм. Харин үйлдвэрт ирснээс хойш бэлэн бүтээгдэхүүн болтол арав гаруй шат дамжлагыг дамждаг/ Тэр бүхэнд мөн л нэмүү өртөг шингээд явж байгаа юм. Бид авсан ноолуурынхаа тодорхой хэсгийг самнасан түүхий эд байдлаар экспортонд гаргадаг. Үлдсэн түүхий эдээрээ утас болон бэлэн бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг. Мөн бэлэн бүтээгдэхүүнээсээ багагүй хэсгийг экспортонд гаргаж байна.
Монголын тал нутагт уулын бэлд нутаглах ганц айлын ноолуурыг тэр чэнж очиж авчирсаныхаа төлөө нэмүү өртөг шингээж байгаа юм.
- Төрөөс явуулж буй бодлого, чиглэлийн үр дүнд бүрэлдэж буй бизнесийн орчинд ажиллахад тухтай байна уу?
Мэдээж хятад шиг үйлдвэрлэл асар өргөн хүрээнд хөгжсөн, төр нь дэмждэг улстай манай улсын бодлогыг харьцуулашгүй. Гэхдээ сүүлийн жилүүдэд үйлдвэрлэлээ дэмжсэн багагүй ажлыг хийж байна. Энэ нь ч ААН-үүдэд үр өгөөжөө өгч байгаа гэж бодож байна. Манай салбарын түүхий эд болох ноос болон ноолуур нь шавхагдашгүй нөөц шүү дээ. Мал аж ахуй байгаа цагт жил бүр шинээр ноос ноолуур нийлүүлэгдсээр байна.
Хувцас бол хүний анхдагч хэрэгцээнүүдийн нэг. Тиймээс хойшдын ирээдүйгээ бодсон ч энэ үйлдвэрлэлийг дэмжих нь хамгийн зүйтэй алхам. Бид зөвхөн уул уурхай гэлтгүй бидэнд уламжлагдаж ирсэн энэ сайхан баялгаа өөрсдөө боловсруулдаг болчихвол маш их нэмүү өртөг дотоодод минь үлдэх болно. Сүүлийн жилүүдэд манай салбар их хөгжсөн гэж би хувьдаа боддог. Үүнд төрийн туслалцаа, дэмжлэг их ч нөлөөлсөн. Үүнээс үүдээд өнөөдөр олон үйлдвэртэй боллоо. Ингэснээр ноос, ноолуурын салбар нь дотооддоо нэлээд өрсөлдөөнтэй салбарт тооцогддог. Өнөөдөр дотоодын зах зээлд бэлэн бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг 100 хол гарсан олон цех үйл ажиллагаа явуулж байна шүү дээ.
Өнөөдөр дотоодод маань бэлэн бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг гэхэд 100 хол гарсан олон цэх үйл ажиллагаа явуулж байна.
- Засгийн газар танай салбарт сүүлийн үед бодитой нэмэр болохуйц бодлого хэрэгжүүлж байна уу?
Манай компани байгуулагдаж байх үед буюу 1998 онд ноолуурыг шууд түүхийгээр нь урагш гаргадаг байсан. Дараа нь зөвхөн угаасан ноолуур экспортлох ёстой болсон. Тэгэхээр ангилал, угаалт дээр нэмүү өртөг нь дотооддоо үлдэж байна. 2016 оноос зөвхөн самнасан байдлаар гаргадаг болно. Ингэснээр дахин нэг шатны нэмүү өртөг дотоодод үлдэж байна гэсэн үг.
Самнах нь угаахаасаа илүү нэмүү өртөг бий болгодог. Жишээ нь дундаж чанартай ноолуурыг 60 мянгаар авлаа гэж бодоход угааж, самнаснаар 65 орчим ам.доллар болно. Дагаад самнах үйлдвэрлэл ч дотооддоо хөгжих болно. Магадгүй дахиад 5 жилийн дараа зөвхөн ноолуур гэлтгүй ноосон бүтээгдэхүүнийг ч мөн самнаад гаргадаг болно гэдэгт итгэлтэй байна. Энэ л бодит үр дүн биш гэж үү? Үйлдвэрлэлээ дэмжих зээл тусламж маш их хэрэгтэй ч гэсэн тэрийгээ дагасан иймэрхүү бодлогууд бас маш их хэрэгтэй болов уу. Ингэвэл манай салбарын өсөлтөд маш их дэмжлэг үзүүлнэ гэдэгт итгэж байгаа.
Чингис бондын хөрөнгөнөөс зээл авсан уу?
Зээл авсан. Цагаа олсон дэмжлэг байсан гэж үзэж байна. Ер нь манай компани олон жил зээлээ найдвартай төлөөд явж байгаа болоод ч тэрүү улсын дэмжлэгийг тогтмол авдаг. Бодитоор юм хийж бүтээгээд байгаа, зээлийн дүн нь бодитой, үр дүн хийж бүтээж байгаа ажил нь тодорхой үйлдвэрүүдэд улс харьцангуй тусалдаг болсон. Гол нь хэн, хаана, яаж байна гэдэг мэдээлэл сайн байх хэрэгтэй.
- Чингис бондын хөрөнгийг олон жижиг компанид тарааж өгөхийн оронд цөөн тооны компанийг гол компани болгон дэмжиж, бусдыг нь нийлүүлэгч маягаар хөгжүүлсэн бол илүү үр дүнтэй байх байсан гэж үзэх хүмүүс цөөнгүй байна. Та энэ талаар юу хэлэх вэ?
Энэ хувилбараар явбал төрөөс их хэмжээний оролцоо шаардагдах бөгөөд чөлөөт өрсөлдөөн багасах эрсдэлтэй. Төрийн хараат болгож аль нэгийг нь монополь болгож байна гэсэн үг. Ингэснээр 2 төрлийн эрсдэл бий болж байгаа юм.
Нэгд, үнийн тогтворгүй байдал бий болно. Сонгогдсон компани дураараа аашилна гэсэн үг. Эсвэл нөгөө дэмжсэн компани нь хөгжихгүй бол яах вэ гэдэг асуудал урган гарна. Төрөөс дэмжсэн өчнөөн олон тэрбум төгрөг салхинд хийснэ гэсэн үг шүү дээ. Бизнесменүүд ч гэсэн хөрөнгө оруулалт хийхдээ дангаар нь нэг салбарт оруулалгүй аль болох олон салбарт тарааж оруулдаг. Ингэснээр эрсдлээ бууруулж байна гэсэн үг.
Дотоодын компаниуд бүтээгдэхүүнээ экспортод гаргахын тулд стандартад нь хүрэхийн төлөө хичээдэг. Европын бэлэн бүтээгдэхүүний стандартад хүрч ажиллахад хэцүү, чадсан компаниуд л захиалгаа авна.
- Түүнээс гадна хүссэн болгоных нь бүтээгдэхүүнийг экспортод гаргаад байвал чанаргүй бүтээгдэхүүн гадаадын зах зээл дээр гарч улсын нэр хүнд унана гэж яриад байхийн. Танай салбарт ийм эрсдэл байдаг уу?
Ер нь гадаадын стандартууд, ялангуяа Европын стандарт бэлэн бүтээгдэхүүн, түүхий эдийн аль алин дээр нь маш чанга байдаг. Хятадын экспортын стандарт ч чангарч байгаа. Бид гадаадын компанитай гэрээ байгуулахдаа бүтээгдэхүүн, түүхий эдэд тавигдах шаардлагыг нарийн зааж өгдөг. Дотоодын компаниуд бүтээгдэхүүнээ экспортод гаргахын тулд стандартад нь хүрэхийн төлөө хичээдэг. Европын бэлэн бүтээгдэхүүний стандартад хүрч ажиллахад хэцүү, чадсан компаниуд л захиалгаа авна. Тэгэхээр чанаргүй бүтээгдэхүүн гарна гэсэн зүйл байхгүй л болов уу.
Ноос, ноолуурын салбарт инноваци хэр түвшинд нэвтэрч байна вэ?
Төрийн бус байгууллагууд маш санаачлагатай ханддаг. Жишээ нь сарлагийн хөөврийг буддаг технологи гаргая гэх мэт. Бид 2014 онд улсаас авсан зээлээрээ будах дамжлага авч сарлагийн хөөврийг будаж үзсэн. Саяхан баталсан "Үйлдвэрлэлийг дэмжих тухай" хуулинд экспорт, инновацид чиглэсэн компаниудыг санхүүгээр дэмжинэ гэж заасан. Би Хятадын жишээг нүдээрээ харж байсан л даа. Хятадад тухайлсан газрыг үнэгүй олгож, үйлдвэржилтийн район байгуулдаг. Тухайн бизнесменд тоног төхөөрөмж авах мөнгөний 50 хувийг төрөөс олгодог. Ингэхдээ тэнд амьдардаг хүмүүсийг ажилтай болгох ёстой гэсэн болзол тавьдаг. Төр удаан хугацаандаа татвараараа мөнгөө эргүүлээд авчихдаг. Монголчууд жилд 6000 тонн ноолуур самнадагаас 5000-ыг нь хятадууд худалдаж авдаг. Энэ нь мөнгөн дүнгээрээ 300 орчим тэрбум төгрөг болдог. Энэ 300 тэрбумыг хятадууд төрөөсөө зээл болгон авдаг. Уг зээл нь олдоц сайтай, жилийн 2-3 хувийн хүүтэй. Харин монголчууд арилжааны банкнаас зээл авбал сарын 2-3 хувь, жилийн 20 гаруй хувийг төлдөг. Ингээд бодохоор бид хятадуудтай өрсөлдөх ямар ч боломжгүй болчихож байгаа юм. Өөрөөр хэлбэл хятадууд 10 орчим хувиар бүтээгдэхүүнийхээ үнийг хямдруулах боломжтой болж байна.
Түүнээс гадна Хятадын үйлдвэрүүд уур амьсгалын нөхцлөөс хамаарч халаалт бага хэрэглэдэг. Харин Улаанбаатарт нэг том үйлдвэрийн байшинг халаахад төлбөр нь хэдэн сая болдог. Цахилгааны асуудал үнийн түвшинд нөлөөлдөг. Гадаадын үйлдвэрүүд маш хямд өртгөөр цахилгаанаа хангадаг учраас үйлдвэрлэлийн зардал бага, ашиг өндөр гардаг. Өнгөрсөн жил би Европын нэг компанид бэлэн бүтээгдэхүүнээ байж болох хамгийн доод үнээр санал болгосон. Гэвч хятад компанийн санал болгосон жирийн үнэтэй тэнцэж байх жишээтэй. Тэгэхээр үйлдвэрлэлийн суурь зардал бага байсан тохиолдолд компаниуд үнээ буулгах боломжтой. Түүнчлэн энэ байдал нь малчдаас ноолуур авахад ч нөлөөлдөг. Зарим малчид дотоодын компаниудад санаатай үнэ буулгаад байна гэж ярьдаг ч үнэндээ бид зах зээлийн цэвэр өрсөлдөөнөөр бий болсон үнээр авдаг. Харин ч мөнгөний ханш унахад дагаад үнэ нь өсдөг түүхий эд бол ноолуур.
- Тэгвэл Монгол дахь ноолуурын эдлэлийн үнэ, гадаад дахь ноолууран эдлэлийн үнийг харьцуулвал?
Монголын үйлдвэрлэгчдийн 150 мянгаар зардаг бүтээгдэхүүнийг тэнд хамгийн багадаа 150 еврогоор худалдан авч байхыг харсан.
Монголчууд чанар гэхээсээ илүү гадны брэнд л гэвэл мөнгө хайрлахгүй авах дуртай. Нэг удаа би Германд үзэсгэлэнд оролцож байхдаа Монголын үйлдвэрлэгчдийн 150 мянгаар зардаг бүтээгдэхүүнийг тэнд хамгийн багадаа 150 еврогоор худалдан авч байхыг харсан. Жинхэнэ чанартай ноолуурын брэндүүд нь 300, 500 еврогоос дээш үнэтэй байх жишээтэй. Харин тэндхийн энгийн ноосон цамц нь Монголд орж ирээд 150 мянгаар зарахаар монголчууд брэнд юм чинь чанартай гэж бодоод монгол ноолуурыг биш, импортыг сонгодог. Үнэндээ тэр бүтээгдэхүүнүүд нь тэндээ хямдраад 20 евро л байх жишээтэй. Харин ноолууран хувцас яаж бүтээсэн ч өртөг нь 20 еврогоос үнэтэй тусдаг. Утас нь л гэхэд кг нь 200 мянга байдаг. Тэгэхээр бидний хийсэн бүтээгдэхүүн Монголд харьцангуй хямд, дундаж орлоготой хүн худалдан авах боломжит үнээр зарагддаг гэсэн үг. Гэтэл дэлхийн жишигт ноолууран бүтээгдэхүүн хэн дуртай нь аваад байхааргүй өндөр үнэтэй байдаг.
- Ноос, ноолуурын салбарынханд импортоор авдаг зүйл бий юу?
Товч, цахилгаан гэх мэт аар саархан зүйлээ л авдаг. Гэхдээ манай салбарт нэг асуудал бий. Хятадаас утас орж ирдэг. Энгийн худалдан авагч хараад, барьж үзээд ялгаж чадахгүй. Оруулж ирсэн хүмүүс нь цэвэр австрали хонины ноосон утас гэж зардаг. Гэвч дотоодод үйлдвэрлэсэн жинхэнэ хонины ноосон утастай харьцуулахаар үнэ нь хол зөрүүтэй. Би зориудаар тэр утаснаас нэг килограммыг аваад шинжилгээнд өгсөн. Гэтэл дөнгөж 25 хувь нь хонины ноос, үлдсэн 75 хувь нь химийн ширхэгтүүд байсан. Химийн аргаар гаргаж авсан зүйл ямар сайн байхав. Хэрэглэсэн эхний өдрөөсөө л чанар нь танигдаад эхэлдэг. Энэ утаснаас болж нэг хэсэг дотоодын компаниуд хүнд байдалд орсон. Ер нь бүтээгдэхүүний шошгон дээрээ найрлагаа зөв шударга бичих хэрэгтэй. Тэгэхгүй бол нэг ёсондоо цэвэрхэн залилан хийж байна гэсэн үг. Манай компанийн хувьд хөөвөр, ноос ноолууран бүтээгдэхүүнээ 100 хувийн органик түүхий эдээрээ үйлдвэрлэе, үүгээрээ брэнд болъё гэсэн зорилготой байдаг.
- Гадаад захиалгыг ямар замаар олж авдаг вэ?
Нэгд, Олон жил ажилласан учраас гадаадад тодорхой тооны үйлчлүүлэгчидтэй. Зарим нь судлаад өөрсдөө хүрч ирдэг. Хоёрт, танилын хүрээгээр борлуулалт явагддаг. Гуравт, гадаадын үзэсгэлэнгүүдэд оролцдог. Онлайн худалдаагаар ноолууран бүтээгдэхүүн зарахад тохиромжгүй. Яагаад гэвэл ноолууран бүтээгдэхүүнийг өөртөө тааруулж авахын тулд өмсөж авах нь хамгийн зохимжтой. Бээлий, ороолт, оймс, малгай гэх мэт аксесурарыг онлайнаар авахад тохиромжтой.
- Ноос, ноолуурын салбарт өөр ямар хүндрэлүүд тулгарч байна вэ?
Боловсон хүчин хангалтгүй байна. Энэ чиглэлээр бэлтгэгдэн гарч буй хүмүүс маш цөөн. Бэлтгэгдсэн нь ажлын байран дээрээ ирээд амжилттай ажилладаггүй. Жишээ нь орчин үеийн компьютержсан машин дээр ажиллах хүн маш ховор. Үнэндээ захиалга олохоосоо илүү захиалга биелүүлэхэд хэцүү байна даа.