
Ж.Энхбаяр: Монгол Улс дэлхийн нийт ноолуурын 40 хувийг хангаж байгаа том тоглогч
“Цагаан алт” үндэсний хөдөлгөөн-Төр, хувийн хэвшлийн зөвлөлдөх уулзалт Төрийн ордонд боллоо.
Тус уулзалтад ХХААХҮ-ийн сайд Ж.Энхбаяр оролцож, хийж хэрэгжүүлэх ажлынхаа төлөвлөгөөг танилцууллаа.
Тэрбээр хэлэхдээ “Монгол Улс дэлхийн нийт ноолуурын 40 хувийг хангаж байгаа том тоглогч. Дээр нь тансаг зэрэглэлийн ноосон бүтээгдэхүүний салбарт том тоглогч болох боломж байна.
“Цагаан алт” үндэсний хөдөлгөөний хүрээнд үндэсний үйлдвэрлэгчдээ дэмжиж, ноос ноолуур, арьс ширний боловсруулалт, үйлдвэрлэлээ нэмэгдүүлэн, экспортыг нэмэгдүүлэх зорилт тавьж байна” гэв.
Зөвлөлдөх уулзалтын үеэр “Ноос, ноолуурын холбоо”, “Ноосон бүтээгдэхүүн үйлдвэрлэгчдийн холбоо”, “Арьс ширний холбоо” тэргүүтэй баялаг бүтээгчдийнхээ санал сэтгэгдлийг сонсжээ.
Үндэсний үйлдвэрлэгчдийн зүгээс Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Цагаан алт” үндэсний хөдөлгөөн өнгөрсөн 30 жилд байгаагүй том дэмжлэг болж байгаа. Малын гаралтай түүхий эдийн боловсруулалт, үйлдвэрлэлийг нэмэгдүүлснээр дэлхийд өрсөлдөх “Монгол брэнд” бүтээгдэхүүнээр экспортоо нэмэгдүүлэх боломжтой гэдгээ илэрхийлсэн байна.