Ч.Авдай: Нанотехнологиор үйлдвэрлэсэн Монгол даавууг Германчууд “булаацалдаад” авдаг
ШУТИС-ийн зөвлөх профессор, Монгол улсын гавьяат багш, Ардын багш Ч.Авдайтай хөнгөн үйлдвэрийн хөгжлийн төлөв байдал болон алс хэтийн ирээдүйн талаар ярилцлаа.
-Хөнгөн аж үйлдвэрийн салбарын наян жилийн ой 2014 онд тохиосныг билээ. Манай улсын хувьд аль үйлдвэрүүд нь илүүтэй хөгжиж байна гэж та дүгнэдэг вэ?
Хөнгөн үйлдвэрийн салбар үндсэндээ дээрх таван салбараас тогтож байгаа. Нэгдүгээрт малын ноос, ноолуур боловсруулах үйлдвэрлэл, хоёрт нь арьс шир боловсруулах чиглэл, гуравт нь оёмол бүтээгдэхүүн үйлдвэрлэл, дөрөвт нь мод боловсруулалт, тавдугаарт нь хэвлэлийн бүтээгдэхүүн.
Би юун түрүүнд ноос ноолуурын үйлдвэрлэлээс эхэлж ярья. Дэлхийн хэмжээнд нэхмэлийн үйлдвэрийн бүх түүхий эдийн ганцхан хувийг ноос ноолуур эзэлдэг бөгөөд 40 хувь нь хөвөн, 59 хувь нь химийн синтетик материал байдаг. Манай улсын хувьд жилд 7000 тонн ноолуур бэлддэг нь дэлхийн бүх ноолуурын 30 хувь гэсэн үг бөгөөд Хятадын дараа хоёрдугаарт ордог. 200 тонн ноолуурыг Казахстан, Балба зэрэг улсууд бэлтгэдэг.
Монголын нэг ямаа дунджаар 150-300 гр ноолуур өгдөг. Хоёр ямааны ноолуураар нэг цамц хийдэг. Гэтэл манайх жилд бэлтгэдэг 7000 тонн ноолуурынхаа дөнгөж 17 хувийг дотооддоо гүн боловсруулж эцсийн бүтээгдэхүүн хийж байна. Үлдсэнийг нь угаагаад Хятад руу ихэнхийг нь худалддаг. Хэрвээ зуун хувь өөрсдөө эцсийн бүтээгдэхүүн хийдэг бол хичнээн сайхан бэ.
-Ноолууран бүтээгдэхүүний чанар хэр байна вэ. Өрсөлдөх чадвар сайн байдаг уу?
Хятадууд манай ноолуурын микроны нарийн ширхэгтэйг ашигладаг. Манай ноолуурын микрон 17-18 байдаг бол Хятадынх 19-өөс дээш бүдүүн байдаг. Үндсэндээ ноос ноолуураар эцсийн бүтээгдэхүүн хийж байгаа дөчөөд үйлдвэр байна.
Ээрсэн утас, даавуу аваад хийж байгаа нь 200 гаруй үйлдвэрлэгчид бий. Цаашдаа манай улс таван хошуу малаас гарч байгаа түүхий эдээ бүрэн боловсруулдаг болох хэрэгтэй.
Хоёрдугаарт нь үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнээ шалгадаг төхөөрөмжтэй болох хэрэгтэй. Манай Нэхмэлийн хүрээлэн тийм төхөөрөмжтэй болсон. Казахстан, Тажикистанууд манай Нэхмэлийн хүрээлэнд ноосоо шинжлүүлж байгаа юм шүү.
Манай ноос ноолуурын үйлдвэрүүд Япон, Солонгос, Хятадын сайн төхөөрөмжийг ашиглаж байгаа. Улсаас энэ салбарт их анхаарч, ноос ноолуур тушаагчдад урамшуулал олгож байгаа нь үр дүнгээ өгч байна.
Өмнө нь бол хөдөөнөөс авсан ноолуур дөрөв таван ченж, наймаачдын гараар дамжиж үйлдвэрт ирэхээрээ асар өндөр үнэтэй болчихдог байсан бол одоо өөр болсон.
Түүнээс гадна ноос ноолуур боловсруулах үйлдвэрүүдэд улсаас хөнгөлөлттэй зээлийг олгож байна. Харин тэд зээлийг аваад үйлдвэрээ сайн бэхжүүлэх хэрэгтэй. 2018 он гэхэд ноос ноолуурынхаа үйлдвэрлэлийг 80 хувьд хүргэе гэсэн зорилго тавьж байгаа.
-Ноос ноолуурын салбарт хичнээн хүн ажиллаж байна вэ. Хэрвээ үйлдвэрлэлээ наянд хувьд хүргэвэл хичнээн хүн ажлын байртай болох боломжтой вэ?
Өнөөдрийн байдлаар ноос, ноолуурын салбарт үндсэндээ 10 мянган хүн ажиллаж байгаа. Хэрвээ 80 хувьд хүрвэл зуун мянган ажлын байр шинээр нэмэгдэх боломжтой.
Манайд ноосны анхан шатны болосвруулалт хийгээд нэлээн хэсэг нь гадагшаа гардаг. Дотооддоо бол эсгий гутал, эсгий, зарим нэхмэл эдлэл хийж байгаа.
Ноосоор ерөөсөө даавуу хийх ёстой. Манайхан ихэвчлэн гаднаас даавуу авч үйлдвэрлэл явуулдаг. Гэхдээ ноосны салбарт амжилттай туршигдаж байгаа ололт байгааг хэлэх нь зүйтэй. ШУТИС-ийн Мядагмаа багш Германд магист, доктороор сурч байхдаа даавууны бат бөх чанарыг нанотехнологийн аргаар сайжруулах эрдэмд сураад, өөрийн технологийг нээж олон улсын эрх, патент авсан. Тэр технологиор нь гаргаж авсан Герман, Испани, Хятадад даавуу үйлдвэрлэж байгаа.
Германаас Мядагмаа багшид 900 орчим сая төгрөгийн иж бүрэн төхөөрөмж өгөөд одоо Эрдэнэт хивс үйлдвэрт суурилуулаад ажиллуулж байгаа жишээ байна. Нанотехнологи бол маш нарийн. Сантиметрийг 109 зэрэгт багасгасантай тэнцдэг. Хүн бол 20 мянган нанометрээс дээш зүйлийг хардаг. Хүний үс бол 50 мянган нанометр хэмжээтэй. Бодоод үзэхээр хичнээн нарийн зүйл гэдэг нь харагдана.
Хөнгөн үйлдвэрийн салбарт нано технологиор даавуу үйлдвэрлэж эхэллээ. Энэхүү даавуу нь ус болон шингэн, хог шороо нэвтрүүлдэггүй, амьсгалдаг аж. Харин энэ төрлийн даавууг олон улсад ухаалаг даавуу гэж тодорхойлдог. Нано бүхүүл үүссэн даавуу нь нар салхинд гандахгүй, бороо цасанд норохгүй, ялзарч урагдахгүй зэрэг давуу талтай юм.
Сая манай төрийн далбааг нанотехнологиор гаргаж авсан даавуугаар хийсэн. Аймгуудын захиргаанд бэлэглэсэн. Наногоор хийсэн даавуу бол гандахгүй бөх бат.
Одоо Эрдэнэт үйлдвэр ажилчдынхаа нормын хувцсыг хийх гэж байгаа. Гэрийн цагаан бүрээсийг ч нанотехнологийн аргаар боловсруулалт хийхэд ус чийг нэвтрүүлэхгүй, бохирдол багатай, дулаан барих чадвар сайжирна, эдэлгээ уртасна. Одоо ноос ноолуурын салбарт мөнгө л хэрэгтэй.
-Засгийн газраас арьс ширний үйлдвэрлэл эрхлэгчид 140 тэрбум төгрөгийн хөнгөлөлттэй зээлийн санхүүжилтийг шийдвэрлэж өгөх УИХ-ын тогтоол 2012 оны сүүлээр гарсан. Нэлээдгүй хэсгийг дэмжээд явж байгаа. Салбар ямар байдалтай байна вэ?
Манай улс жилд 10,2 сая арьс шир бэлдэж байгаагийн 30 хувийг нь дотооддоо боловсруулж байна. Ерөнхийдөө нийт 110 тэрбум төгрөгийн арьс шир дөнгөж дэвтээгээд идээлэгдээд Хятад руу гарч байна. 70 хувь нь гадагшаа гардаг гэсэн үг.
Манай улсад арьс ширийг гүний боловсруулалт хийгээд бүтээгдэхүүн үйлдвэрлэж байгаа нийт 30 орчим үйлдвэр байна. 20 гаруй нь гүн боловсруулалтаа хийгээд, 6-7 нь гүн боловсруулалт хийхийн тулд улсаас зээл аваад ажиллаж байгаа. Хэрвээ манай улс нийт арьс ширнийхээ 80 хувийг гүн боловсруулдаг болвол 1,1 наяд төгрөгийн бүтээгдэхүүн хийх боломжтой бөгөөд 20 мянган ажлын байрыг шинээр бий болгох боломжтой.
Өнөөдрийн байдлаар арьс ширний үйлдвэрт нийт 7700 хүн ажиллаж байгаагийн 5250 нь түүхий эд бэлдэж байна. 1267 хүн бэлэн бүтээгдэхүүн, гүн боловсруулалт дээр ажиллаж байгаа бол 1355 хүн нь арьс боловсруулалт дээр ажиллаж байна.
Ингэхээр арьс шир, ноос ноолуурын ихэнхи түүхий эд дандаа гадагшаа гарч байна. Үндсэндээ 110 тэрбум төгрөгийн үнэтэй түүхий эд ямар ч гаалийн татваргүйгээр гадагшаа гарч байна гэсэн үг. Тэгэхээр үйлдвэрүүд Хятадуудаас өрсөж, түүхий эдээ худалдаж авах чадвар алга. Одоо бол урамшууллаар л явж байна. Тэгэхгүй бол Хятадууд үнэ цохиод авчихна.
-Өөрсдийнхөө хэмжээнд хичнээн хэмжээний бүтээгдэхүүн үйлдвэрлэж байгаа вэ?
Гүн боловсруулалтаар 105379 дм.квадрат савхи, нэхий, хром үйлдвэрлэж хийж байна. Үүгээр 379 мянган хос гутал, 1000 ширхэг нэхий дээл, 35,5 мянган ширхэг савхин дээл, цамц, 470 мянган хос савхин дээл, 327 мянган ширхэг арьсан цүнх, бээлий, жижиг бэлэг дурсгалын зүйл үйлдвэрлэдэг. Ингээд 110 гаруй тэрбум төгрөгийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж байна гэсэн үг.
Өөрөөр хэлбэл 30 тэрбум төгрөгийн түүхий эдээрээ 110 тэрбумын бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг.
Хэрвээ гадагшаа гаргаж байгаа түүхий эдээ бүгдийг нь дотооддоо бүтээгдэхүүн болговол 1,1 их наяд төгрөгийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж улсын төсөвт 4,3 их наяд төгрөгийн татвар төлөх тооцоо бий.
Түүнээс гадна малчид сайн арьс шир гаргахын тулд хоёр зүйллийг анхаарах хэрэгтэй. Нэгдүгээрт малын арьсны өвчлөл, хачиг хувалз, гуурыг байхгүй болгох. Хоёрт монголчууд малаа төвлөрсөн журмаар биш, дандаа хээр орон нутагт нядалж байгаа учраас өвчихдөө арьсыг нь огтолж, гэмтээдэг. Эдгээр нь түүхий эдийн чанарыг алдагдуулдаг учраас анхааралтай байх хэрэгтэй.