Хонины сүүлний тосоор эх хүүхдэд зориулсан бүтээгдэхүүн хийнэ
"Монос Косметик ХХК "-ийн олон нийттэй харилцах менежер Б.Цогт-Очир
2015.09.30

Хонины сүүлний тосоор эх хүүхдэд зориулсан бүтээгдэхүүн хийнэ

Монос Групп хэмээх их айлын эхлэл тэртээ 1990 оны намар тавигджээ. “Эм, гоо сайхны Монос жижиг үйлдвэр” нь Монгол улсад хувийн үйлдвэрлэлийн анхдагч юм. Өдгөө үүсгэн байгуулагдаад 25 жил болсон Монос Группийн анхны охин компанийн нэг болох Монос Косметик ХХК нь одоогоор 50 гаруй нэр төрлийн гоо сайхны бүтээгдэхүүнийг Монгол орны эрс тэс уур амьсгалд дасан зохицуулан, Монгол хүний арьсанд зориулан үйлдвэрлэж байна. Тус компани нь 40 гаруй ажилтантайгаар үйл ажиллагаагаа явуулж байгаа бөгөөд одоогоор дотоодын гоо сайхны салбарын хамгийн том төлөөлөгчдийн нэг юм.  

Танай компанид шинэ санаа, мэдлэгийг судалж, дараа нь бүтээгдэхүүн болгож буй тэр үйл явц хэрхэн явагддаг талаар ярихгүй юу?

Бид Монгол хүний  хэрэгцээнд тулгуурлан бүтээгдэхүүн хийхийг зорьдог. Монгол ард түмэн эртнээс арьсандаа анхаарал хандуулж, малын түүхий эд, байгалын эрдэс зэргийг сайтар судлан арьс арчилгаандаа хэрэглэж ирсэн  агуу уламжлалыг бидэнд үлдээжээ. 1990 оноос өмнө гоо сайхны үйлдвэрлэл гэж байсангүй. Гэр аргаар, уламжлалын дагуу тос хийдэг байж. Харин “Эм, гоо сайхны Монос жижиг үйлдвэр” нь уламжлалт аргыг европ технологи дээр суурилуулан бүтээгдэхүүнээ анхлан гаргасан байдаг. Өөрөөр хэлбэл байгалийн гаралтай бүтээгдэхүүнийг боловсруулж, арьсан дахь шингэлтийг сайжруулж, үйлчилгээг нь нэмэгдүүлж, арьсанд харшил өгөхгүй хамгийн сөрөг нөлөө багатай бүтээгдэхүүн гарган авах боломжийг бүрдүүлсэн ба энэ уламжлал одоо ч хадгалагдаж байна. Тиймээс ч Монгол хүний арьсанд монгол тос хамгийн сайн тохирдог гэсэн яриа хүртэл байдаг.

Бид бүтээгдэхүүний судалгааны ажилд дор хаяж 1 жил зарцуулдаг. Хэрэглэгчдийн хэрэгцээ юу байна, түүхий эдийн боломж юу байна, тэдгээрийг хамгийн тохиромжтой суурьтай нийцүүлж, тогтвортой байдлын судалгаа явуулж, эдгээр бүтээгдэхүүнээ клинкийн туршилтанд оруулж, уг бүтээгдэхүүн монгол хүний арьсанд хэрхэн үйлчилж, үр дүнгээ хэрхэн үзүүлж байна гэх мэт судалгааг явуулж үр дүн нь гарсны дараагаар манай бүтээгдэхүүн бий болдог. 2014 оноос эхлэн манай “Монос Косметик” ХХК нь Моносын “Эм судлалын хүрээлэн” –тэй хамтран ажиллах болсон ба ингэснээр манай судалгааны хүрээ өргөжин тэлж, илүү хурдацтайгаар суурь болон бусад судалгаа явуулах боломжтой болсон. Энэ мэт судалгааны ажилд манай компани жилийн цэвэр ашгийн 20 хувийг зарцуулдаг.

Голчлон ямар түүхий эд ашигладаг вэ?

Манай бүтээгдэхүүнүүдийн гол агууламжинд байгаа түүхий эдүүд бүгд эх орны байгалийн гаралтай цэвэр органик бүтээгдэхүүн байдаг. Жишээ нь 2004 онд “Дэлхийн оюуны өмчийн” шагнал хүртэж байсан Биомон цуврал бүтээгдэхүүнд агуулагддаг “Барагшун”, “Гүүний саам” зэрэг нь арьс арчилгаанд хамгийн өндөр үр дүнтэй болох нь батлагдсан манай орны байгалийн гаралтай түүхий эд юм. Жишээ нь уул хаданд байдаг “барагшун” хэмээх үнэт түүхий эд нь шарх эдгээх үйлчилгээтэй гэдгийг хуучны хүмүүс сайн мэддэг, гэвч уг түүхий эд өөртөө 60 эрдэс  агууламжтай, тэр дундаа үл орлогдох амин хүчлүүд их хэмжээгээр агуулдаг гэдгийг тэр бүр мэддэггүй. Тиймдээ ч гаднаас зайлшгүй авах шаардлагатай арьсанд дутагдаж байдаг шим тэжээл “барагшун”-д байдаг. Мөн дээрх түүхий эдүүд хүний арьсанд гаж нөлөө үзүүлдэггүй цэвэр байгалийн гаралтай байдаг онцлогтой.

Монголд гоо сайхны бүтээгдэхүүний зах зээлийн орчин ямар байна вэ?

2014 оны тооцоогоор манай улсын гоо сайхны бүтээгдэхүүний зах зээлд 33 тэрбум орчим төгрөг эргэлддэг гэсэн тооцоо гарсан. Үүний 10 орчим хувийг л дотоодын үйлдвэрлэл эзэлдэг. Үлдсэн нь импортоор орж ирдэг байна. Энэ нь манай улсад импортоор орж ирж байгаа гоо сайхны бүтээгдэхүүнд тавих хараа хяналт бага байдагтай холбоотой.   

Өндөр хөгжилтэй орнуудад гоо сайхны бүтээгдэхүүнийг импортоор оруулж ирэхэд маш сайн хяналт тавьж, тэдгээрийн орц найрлагыг судалж, ямар нэгэн хорт хавдар үүсгэх нөлөөгүй найрлагатай болохыг нь судалж тогтоосны дараагаар импортлох зөвшөөрөл өгдөг.

Импортын бүтээгдэхүүний ихэнх нь БНХАУ болон БНСУ-аас орж ирдэг. Эдгээр бүтээгдэхүүний гадна талын сав баглаа боодол дээр тэдгээрийн орц найрлага нь англи хэлээр байдаггүй. Ингэснээр ямар орц найрлагатай бүтээгдэхүүн бэ гэдгийг тэр бүр худалдан авагч мэдэж чаддаггүй. Гэтэл зарим гоо сайхны бүтээгдэхүүн нь Hydantoin гэх мэт арьсанд гаж нөлөө ихтэй, хорт хавдар үүсгэдэг орц найрлагатай байдаг.

Гаднаас орж ирж байгаа гоо сайхны бүтээгдэхүүний маш цөөхөн хувь нь албан ёсны гэрээгээр Монголын хэрэглэгчдийн гар дээр хүрч байгаа. Бусад гэсэн хэсэгт багтаж байгаа бүтээгдэхүүнийг хэрхэн орж ирдгийг бид мэдэхгүй юм. Шинжилгээний бичиг хавсаргадаг байх. Хэрэглэгчид нэг зүйлийг сайтар ойлгох хэрэгтэй. Хадгалах хугацааны хувьд 2-оос дээш хадгалах хугацаатай бүтээгдэхүүн нь хадгалах хугацааг уртасгахын тулд химийн бодисыг их хэмжээгээр заримдаа FDA-аас зөвшөөрөгдсөн хэмжээгээс хэтрүүлэн хийх тохиолдол ч гардаг. Ингэснээр таны худалдан авсан бүтээгдэхүүн таны хүссэн үр дүнг үзүүлэхээс илүү хорт хавдар үүсгэх эрсдлийг бий болгож байдаг.

Мөн  албан ёсны дистрибьютергүй газраас бүтээгдэхүүн худалдан авахгүй байх хэрэгтэй. Ийм газруудын хувьд ихэнхи нь хадгалалтын горимоо алдсан байх аюултай. Аливаа бүтээгдэхүүн нь хадгалалтын горимоо алдсан тохиолдолд түүнд агуулагдах үйлчлэгч бодис нь задардаг учраас таны хүссэн үр дүнг үзүүлэх боломжгүй болдог.

Одоогоор танай дээр шинэ бүтээгдэхүүн гаргах судалгаа хийгдэж байгаа юу?

Бид энэ жил маш олон төрлийн бүтээгдэхүүний шинэ судалгаа болон суурь сайжруулалтын судалгаа хийж байгаа. Тухайлбал эртнээс уламжлалт анагаах ухаанд хэрэглэгдэж ирсэн Хонины сүүлний тосыг илүү арьсанд шингэц сайтай болгож, пантенол гэх мэт арьсны уян хатан чанарыг сайжруулах бодисыг нэмж, үйлчилгээг нь сайжруулан эх хүүхдэд зориулсан, ямар ч сөрөг нөлөө үзүүлэх бодис байхгүй арьс арчилгааны сет бүтээгдэхүүн гарган авах суурь судалгаа явагдаж, одоогоор клиникийн шатанд очсон. Мөн “Биодерм” сет бүтээгдэхүүн, “Санитас”, “Багачууд” зэрэг бренддээ технологийн сайжралт хийсэн нь хэрэглэгчдийн сэтгэлд нийцсэн. Одоо ч бас үлдсэн брендийнхээ технологийн сайжруулалт дээр судалгаа хийж байна. Ер нь манай хамт олон цаг ямагт технологийн дэвшлийг даган бүхий  л бүтээгдэхүүн дээрээ сайжруулалт хийх тал дээр байнга ажиллаж байдаг. Харин энэ жилээс сав баглаа боодлыг ч бас сайжруулж, хэрэглэгчдийн сэтгэлд нийцсэн,  олон улсын стандартад нийцсэн, хэрэглэх болон хадгалахад илүү тохиромжтой болгох тал дээр анхаарч, шинэчлэлт хийгдэж байгаа.

Гадны зах зээлд гарах төлөвлөгөө бий юу?

Байлгүй яахав. Хятад, Тайвань, Япон, ОХУ, Солонгос зэрэг улсад гаргах чиглэлээр судалгааны ажлууд хийж байна. Зах зээл байгаа гэдэг нь тодорхой болсон..

Танай компаний эрхэм зорилго юу вэ?

Импортын бүтээгдэхүүнийг орлосон, монгол хүний байнгын хэрэглээ болсон бүтээгдэхүүнүүдийг үйлдвэрлэх.