УИХ-ын дарга үйлдвэрүүдийн үйл ажиллагаатай танилцав
Монгол Улсын Их Хурлын дарга Зандаахүүгийн Энхболд өнөөдөр /2015.07.04/ “Сор кашмер” болон "Хишигтэн гал" компаниудын үйлдвэрүүдийн үйл ажиллагаатай танилцлаа.
“Сор кашемир” ХХК ямааны ноолуур, тэмээний ноос, сарлагийн хөөвөрөөр хамгийн сүүлийн үеийн техник, технологиор үйлдвэрлэл явуулдаг байна. Одоогоор ноос ноолуур ангилан ялгах, ноолуур самнах, будах, ноос ноолууран утас ээрэх, сүлжмэл бэлэн бүтээгдэхүүн үйлдвэрлэх цехүүд ажиллаж анхан шатны түүхий эдийг эцсийн бэлэн бүтээгдэхүүн болгох бүх шатны боловсруулалтыг гүйцэтгэж байгаа талаар үйлдвэрийн дарга Д.Батцэнгэл УИХ-ын даргад танилцуулав.
Ноос, ноолуур, сарлагийн хөөвөр боловсруулах “Сор кашимер” ХХК нь Хөгжлийн банкнаас 5 жилийн хугацаатай 8 хувийн хүүтэй 3 тэрбум төгрөгийн зээл авчээ. Ингэснээр үйлдвэрийнхээ тоног төхөөрөмжийг шинэчилсэн байна. Сүлжих цехдээ Германы Stoll маркын 8 ширхэг компьютер машинтай болсноор жилдээ 20-24 мянган ширхэг бүтээгдэхүүн үйлдвэрлэх хүчин чадалтай болжээ.
Тус компанийн гүйцэтгэх захирал Б.Бархасвадь Хөгжлийн банкнаас авсан зээлийнхээ 1.8 тэрбум төгрөгийг төлөөд байгаа бөгөөд үлдэгдэл зээлийн эргэн төлөлт графикийн дагуу хэвийн явагдаж байгаа болохыг УИХ-ын даргад танилцуулж байлаа. Бондын хөрөнгөөс үйлдвэржилтийг дэмжих бага хүүтэй, урт хугацаатай зээл авснаар тоног төхөөрөмжөө шинэчлэн, үйлдвэрлэлээ өргөжүүлжээ. Үүний үр дүнд экспортын бүтээгдэхүүнийх нь нэр төрөл нэмэгдэж, чанар сайжирсан байна.
Түүнчлэн өнөөдрийн байдлаар 100 орчим хүнийг тогтмол ажлын байраар хангаж, жилдээ 60-100 тонн ноолуур, 200 орчим тонн тэмээний ноос, 30 гаруй тонн сарлагын хөөвөрт боловсруулалт хийж 100 хувь хольцгүй цэвэр утас, бэлэн бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг болжээ. "Сор кашимер" компани дотоодын 200 гаруй сүлжих цехүүдтэй хамран ажиллаж байгаа бөгөөд дэлхийн 10 гаруй оронд бүтээгдэхүүнээ экспортолж байгаа юм байна.
Мөн энэ өдөр УИХ-ын дарга “Хишигтэн гал” компанийн үйл ажиллагаатай танилцлаа. Тус үйлдвэр нь бэлэн хувцас болон гоо сайхны бүтээгдэхүүний үйлдвэрлэл эрхэлдэг. Гоо сайхны бүтээгдэхүүн үйлдвэрлэх судалгаа шинжилгээний ажлаа 2011 онд эхлүүлжээ. АНУ-ын нарийн мэргэжлийн лабораториудтай хамтран монгол хүний арьсны онцлогт тохирсон бүтээгдэхүүнүүдийн найрлагыг гарган авчээ. Одоогоор “S’Miss BB cream” тэргүүтэй цөөхөн нэр төрлийн бүтээгдэхүүн зах зээлд худалдаалж байгаа бөгөөд цаашид гоо сайхны үйлдвэрээ өргөжүүлэх зорилготой ажиллаж байгаа талаараа “Хишигтэн гал” компанийн захирал Э.Саруулбилэг УИХ-ын даргад танилцуулав.
Энэ үеэр Аж үйлдвэрийн яамны удирдлагууд болон албаны хүмүүс УИХ-ын даргыг дагалдан ажиллавхэмээн Улсын Их Хурлын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.