С.Одонтуяа: Арьс, ширний үйлдвэрийг Туул голоос холдуулъя
Нийслэлийн өмнөд хэсгийг эмжсэн Туул голын эргээр байрладаг арьс шир, түүхий эд боловсруулах үйлдвэрүүдийн бохирын асуудал одоо л улстөрчдийн сонорт хүрч байгаа бололтой. УИХ-ын гишүүн С.Одонтуяа саяхан гүйцэтгэх засаглалын тэргүүн Н.Алтанхуягт дээрх асуудлаар албан бичиг хүргүүлжээ.
Тогтоолын хэрэгжилтийн тухай эрхэм гишүүн “Сүүлийн жилүүдэд экологийн тэнцвэрийн асуудал хурцаар тавигдаж, Туул гол, түүний сав газрын бохирдол зайлшгүй анхаарал хандуулах асуудлын нэг болоод байна. Туул голын сав газрын дагуу байрлах арьс, ширний үйлдвэрүүдээс гарч байгаа бохирдсон усыг цэвэршүүлэх “Харгиа” цэвэрлэх байгууламжийн хүчин чадал муудаж, тоног төхөөрөмж нь хоцрогдсоны улмаас хангалтгүй шүүгдсэн их хэмжээний бохир ус Төв цэвэрлэх байгууламжаар дамжин, Туул голд цутгаж байна.
Төв цэвэрлэх байгууламж нь бохирдсон усыг 98 хувиар цэвэршүүлэх ёстой ч өнөөдөр дөнгөж 52 хувьтай цэвэрлэж байгаа нь хангалтгүй үзүүлэлт юм. Энэ мэтчилэн нийслэлчүүдийг ундны усаар хангах гол эх үүсвэр болдог Туул голын аюулгүй байдлыг хангах асуудлууд олон шат дамжлага дамжиж, шийдэгдэхгүй удааширч байгаа бөгөөд энэ нь хүн амын эрүүл, аюулгүй орчинд амьдрах хууль ёсны эрх ашигт заналхийлсэн үйлдэл хэмээн олон нийт үзэж байна.
Дээрх асуудлыг зохицуулах “Арьс, ширний үйлдвэрлэлийн талаар авах зарим арга хэмжээний тухай” Монгол Улсын Засгийн газын 249 дүгээр тогтоол /Арьс, ширний үйлдвэрүүдийн цогцолборыг нүүлгэн шилжүүлэх тухай/-ын хэрэгжилтийг хангах, түүнчлэн “Харгиа” цэвэрлэх байгууламжийн парк шинэчлэлийн асуудлыг даруй шийдвэрлэх ажлын хэсэг яаралтай байгуулж, авч буй арга хэмжээ, хийж буй ажлын талаар хариу мэдэгдэнэ үү” хэмээжээ.
2013 оны долдугаар сарын 6-нд баталсан 249 дүгээр тогтоолд гурван үндсэн асуудлыг онцлон тусгасан байна. Нэгдүгээрт, арьс, ширний үйлдвэрүүдийн цогцолборыг Дархан-Уул аймагт төвлөрүүлэн байршуулах. Хоёрт, арьс, ширний үйлдвэрүүдийн технологийн шинэчлэл хийх, дэд бүтэц байгуулахад Засгийн газрын үнэт цаас арилжаалж бүрдүүлсэн хөрөнгөөс санхүүжүүлэхийг Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаяр, Үйлдвэр, хөдөө аж ахуйн сайд Х.Баттулга нарт даалгах.
Гуравдугаарт, Арьс, ширний үйлдвэрүүдийн технологийн шинэчлэл хийх, дэд бүтцийг байгуулахад бүтээгдэхүүн худалдан авагч талын хөрөнгө оруулалтыг оролцуулах, үндэсний үйлдвэрлэгчдэд хөнгөлөлттэй зээлийн болон зохион байгуулалтын дэмжлэг үзүүлэн ажиллахыг мөн сайд нарт даалгасан аж.
Дээрх тогтоол нь “Малчид, үндэсний үйлдвэрлэгчдээ дэмжих зарим арга хэмжээний тухай” УИХ-ын тогтоол, Засгийн газрын 2012-2016 оны үйл ажиллагааны хөтөлбөр хэрэгжүүлэхэд нийцсэн арга хэмжээний чиглэл аж. Уг асуудлыг иргэн Л.Нинжбатын зүгээс С.Одонтуяа гишүүнд хандан хүсэлт тавьсан тул Ерөнхий сайдад албан бичиг илгээжээ. Учир нь, Засгийн газар хийх ажлаа нэгэнт тодорхойлж, тогтоолоо баталж, үүрэг оноочихоод түүнийгээ хэрэгжүүлэхийг шаардахгүй, хөөцөлдөхгүй байгаа нь учир дутагдалтай.
Өнөөдрийг хүртэл Дархан-Уул аймаг руу нэг ч үйлдвэр шилжүүлээгүй байгаа юм. Хожим Эмээлт рүү нүүлгэх судалгаа хийж байна гэсэн ч нүүлгэлээ гэж дуулдаагүй. Юутай ч 140 орчим арьс шир боловсруулах үйлдвэрийн бохирдол цэвэрлэх байгууламжаар дамжиж хагас дутуу сааралтаад голын урсгалд нийлсэн хэвээр байна.
Хэргийн гол эзэн болоод буй арьс, ширний үйлдвэрүүд Монголын арьс ширний үйлдвэрлэлийн холбоонд нэгддэг аж. Арьс, шир боловсруулах 34 үйлдвэр, бүтээгдэхүүн үйлдвэрлэх 80 гаруй завод, ноос угаах зургаан үйлдвэр гишүүнчлэлтэй гэнэ. 1997 онд албан ёсоор байгуулагдсан ч 2013 онд шинэчлэгдсэн зохион байгуулалтад орж хүрээгээ тэлжээ.
Өнөөдрийн байдлаар Монгол Улсад жилд бэлтгэгдэж байгаа 10.3 сая арьс ширэн түүхий эдийн 26 хувь буюу 2.67 сая ширхэг арьс боловсруулж, 105.3 сая дециметр квадрат боловсруулсан савхи, нэхий хром үйлдвэрлэдэг. Түүгээр 379 мянган ширхэг гутал, 81 мянган ширхэг нэхий дээл, 35.5 мянган ширхэг савхин дээл, цамц, 470 мянган ширхэг савхин бээлий, 326.7 мянган ширхэг арьсан цүнх, бэлэг дурсгал, жижиг эдлэл үйлдвэрлэдэг гэнэ.
Нийт 118.7 тэрбум төгрөгийн бүтээгдэхүүн гаргадаг хэмээн мэдээлсэн. Холбооны цаашдын зорилгод Монгол Улсад жил бүр бэлтгэж буй 10 гаруй сая ширхэг арьс, ширийг гүн боловсруулж, түүгээр арьс, нэхий бүтээгдэхүүн үйлдвэрлэж, салбарын хэмжээнд арилжааг нэг их наяд төгрөг хүргэнэ. Жилдээ 460 сая ам.долларын экспорт хийхийн сацуу 24.6 мянган хүний ажлын байр нэмэх зорилго дэвшүүлжээ. Гэвч энд нийгмийн хариуцлагын, байгаль орчноо хамгаалах чиглэл дурдагдсангүй.
Манай улсад 1934 онд Аж үйлдвэрийн комбинат барьж, ашиглалтад орсноор арьс, ширний салбар үүсч хөгжсөн гэж тус холбооныхон үздэг. Тийм ч учраас энэ оны дөрөвдүгээр сард салбарын 80 жилийн ойгоо тэмдэглэв.
Гэхдээ ойн баяраараа бүтээлч ажил хийдэггүй юм гэхэд хүчин чадал нь хальж давсан, хуучирч муудсан цэвэрлэх байгууламжаа тойрон шавааралдаад, Туул голоо бохирдуулахаа больё гэж хэлэх иргэний зоригтон, нийгмийн хариуцлагатан тэдний дундаас гарсангүй.
Энэ янзаараа өчнөөн их наяд төгрөгийн ашиг орлого, төчнөөн тэрбум, сая төгрөгийн татвар гэх их мөнгөний чимээгээр чихэн дүлий, нүдэн балай байлгахыг л хүсч буй бололтой. Юутай ч, УИХ-ын гишүүний зүгээс гүйцэтгэх засаглалд хандаж албан бичиг хүргүүлсэн тул ач тус гарч, арай өөрөөр хандана гэдэгт найдъя.