Д.Энхтуяа: Өндөр хөгжилтэй орны хүмүүс ноолуураар бүтээсэн диваан дээр сууж, ноолууран хөнжилд хэвтэхийг хүсэх болсон
ШУТИС-ийн Нэхмэлийн хүрээлэнгийн захирал Д.Энхтуяа
2015.01.23

Д.Энхтуяа: Өндөр хөгжилтэй орны хүмүүс ноолуураар бүтээсэн диваан дээр сууж, ноолууран хөнжилд хэвтэхийг хүсэх болсон

ШУТИС-ийн Нэхмэлийн хүрээлэнгийн захирал Д.Энхтуяатай ноос ноолуурын үйлдвэрлэлд гарч буй шинэ ололт, амжилт, томоохон төслүүдийн талаар ярилцлаа.

-Та Нэхмэлийн хүрээлэнгийн үйл ажиллагааг танилцуулахгүй юу. Тус хүрээлэн ноос ноолуурын салбарт технологийн ямар хувь нэмрийг оруулж байна вэ?

Хуучнаар улсын Ноос ноолуур эрдэм шинжилгээ туршилтын төвийг 2000 оноос эхлээд тэр үеийн ШУТИС-ийн Нэхмэл судлалын тэнхимтэй нэгтгэж, эрдэм шинжилгээ сургалт судлагааны хоорондын уялдаа холбоог сайжруулах зорилгоор өнөөгийн Нэхмэлийн хүрээлэнг байгуулсан. Үүнээс хойш 15 жил өнгөрчээ. Нэхмэлийн хүрээлэн гурван үндсэн үйл ажиллагаа явуулдаг.

Нэгдүгээрт, сургалт. Нэхмэлийн үйлдвэрлэлд ажиллаж байгаа нэхмэлийн дизайн, нэхмэлийн хими технологи, нэхмэлийн технологич гэсэн үндсэн мэргэжлээр бакалавр, магистрын сургалт, нэхмэлийн технологийн чиглэлээр докторын сургалтыг тус тус явуулдаг. Монголд манайхаас өөр сургалт явуулж байгаа газар байхгүй. Учир нь нэхмэлийн чиглэлийн ажилтан бэлтгэхэд материаллаг бааз, техник технологи их шаарддаг.

Өнгөрсөн 15 жилийн хугацаанд манай хүрээлэн 1000 гаруй төгсөгчдийг бэлтгэж, ноос ноолуурын үйлдвэрлэлийн боловсон хүчнийг бүрдүүлэхэд өөрийн хувь нэмрийг оруулсан. Манай төгсөгчдийн шилдгүүд нь “Говь” ХК, “Гоёо” ХХК, “Эрдэнэт” ХХК зэрэг томоохон үйлдвэрүүдийн гол технологи дээр ажилладаг.

Нэхмэлийн хүрээлэнгийн хоёрдугаар чиглэл нь эрдэм шинжилгээ. Хүрээлэн байгуулагдсанаас хойш улсын захиалгат төслүүд, гадны төслүүд их хэрэгжиж байгаа. Төслийнхөө ажлаар монголын түүхий эдийн ноос ноолууран бүтээгдэхүүний түүхий эдийн шинж чанарыг судалдаг. Эдгээрт тохирсон технологийг судлах, үйлдвэрлэлд нэвтрүүлэх ажлыг хийдэг. Үйлдвэрүүд бидэнд хандаж, технологийг авдаг. Эрдэм шинжилгээний ажлын үр дүнд Германы лабораторитай хамтран монгол ямааны ноолуур дэлхийн түвшинд гарахад бусад улсын ноолуураас ямар ялгаатай байгааг судалсан.

Тав зургаан жилийн өмнө үйлдвэрлэлд сарлагийн хөөвөр ашиглагддаггүй байсан бол манай эрдэм шинжилгээний ажилчдын судалгааны үр дүнгээр сарлагийн хөөврийг боловсруулах технологийг хийж, өнөөдөр дангаар нь боловсруулдаг болсон. Энэ бол эрдэм шинжилгээний ажлууд үйлдвэрлэлд нэвтэрч байгаагийн тод жишээ. Торомны ноос, хялгасыг ялгах технологи гээд олон жишээ бий.  

Хамгийн анх бид хонины ноосны ноолуурыг нь ялгах технологийг судлагааны ажлаар эхэлж, үүнээс хойш хивс, хувцас хийж үйлдвэрүүдэд нэвтрүүлсэн. Даавуу боловсруулах ч гэсэн мөн адил. Өнөөгийн ноос ноолуурын салбарын хөгжил бид нартай холбоотой гэж хэлэхэд нэг их буруудахгүй.

- Танай лабораторид дэлхийн улс орнууд шинжилгээ хийлгэж байгаа гэх мэдээллийг сонссон. Тэгэхээр манай улсын ноос ноолууран бүтээгдэхүүний чанар ч гэсэн тэр хэмжээгээр олон улсад шууд хүлээн зөвшөөрөгдөж байгаа гэсэн үг биз дээ?

Манай хүрээлэн олон улсад магадлан итгэмжлэгдсэн орчин үеийн стандарт лабораторитой. 17025 гэсэн чанарын удирдлагын тогтолцоог нэвтрүүлчихсэн. 60 гаруй багаж тоног төхөөрөмжтэй, 140 гаруй норматив ишлэлийг бүрдүүлдэг. Тэгэхээр монголоос гарч буй ноос ноолууран бүтээгдэхүүн баталгаатай гэсэн үг. Экспортын ноос ноолууран бүтээгдэхүүн олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн байх ёстой. Тиймээс бид лабораторид шинжлэхдээ маш сайн шинжилдэг. Тийм ч учраас Казахстан, Бельги, Тажикистанаас шинжлүүлэх захиалга ирдэг юм. 2004 оноос өнөөдрийг хүртэл 1 тэрбум гаруй төгрөгний сургалтын материаллаг бааз болон лабораторийн тоног төхөөрөмжийн шинэчлэлийг хийсэн. Ингэснээр бүтээгдэхүүний чанар сайжирч, үйлдвэрлэл хөгжих суурь дэд бүтэж хөгжсөн гэсэн үг.

Манай лаборатори хараат бус бие даасан гэдгээрээ үйлдвэрийнхэн ч хүлээн зөвшөөрөгдсөн.

-Монгол ямааны ноолуурын микрон 17-19 буюу нарийн байдаг нь чанартайг илтгэдэг гэсэн. Харин Хятадынх бүдүүн учир манайхаас түүхий эдээр нь аваад холиод бүтээгдэхүүн гаргадаг гэж үйлдвэрлэгчид ярьдаг?

Ер нь ноолуурын голчийг олон улсын стандартад янз янзаар тавьдаг. Монголын ихэнхи ноолуурын микрон нь 16,5-аас бага байдаг. Манай ямааны ноолуур Хятадынхаас урт байгаа нь сайн чанартай гэсэн үг. Нөгөөтэйгүүр Иран, Афганистаны ноолуур гүн хар байхад Хятадын ноолуур цагаан, монголынх байгалиасаа таван өнгийн байдаг өвөрмөц онцлогтой. Энэ гол онцлогт тулгуурлаж будаагүй ноолуураар бүтээгдэхүүн хийж гаргадаг нь их нэр хүндтэй, бренд болдог. Химийн будаг ороогүй байгалийн өнгөөр нь бренд болгож байгаа гэсэн үг.

Сарлагийн хөөвөр гэхэд гурван өнгө, тэмээний ноос мөн 3-4 өнгөөр байна гэдэг нь байгалийн онцлог. Хятад бол ноос ноолуураар дэлхийд нэгдүгээрт ордог. Монгол хоёрт. Энэ бол газар нутаг, байгалийн онцлог. 17-18 дугаар зууны үед Монголоос хонь ямааг Англид, Италид өсгөж үржүүлэх зөндөө тушилтууд хийгдэж байсан ч хоёр дах жилээс нь эхлээд үс нь ургахгүй болдог. Энэ нь тухайн улсын уур амьсгалтай нь холбоотой.

-Ноос ноолуураа гэхдээ ихэнхийг нь түүхий эд хэлбэрээр гаргаж байгаа. Дотооддоо 100 хувь боловсруулахад ямар асуудал дутагдаад байна. Үйлдвэрүүдийн хүчин чадал хүрэх болов уу?

Төр засгаас ноос ноолуурын салбарыг маш их дэмжиж байгаа учраас өсч хөгжиж байна. 1980-иад оны үед ганцхан компани байхад 1000 тонн боловсруулах, 200 тонн тэмээний ноос боловсруулах хүчин чадалтай үйлдвэр бүгдийг нь боловсруулж байсан. Тухайн үеийн ямааны тоо өнөөдөр хэд дахин өссөн. Гэтэл үйлдвэрүүдийн хүчин чадал нь ямааныхаа өсөлтийг дагахгүй байгаа учраас ихэнхи нь гардаг. Нөгөөтэйгүүр эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх зах зээлийг нээх л ёстой.

Одоо Нэхмэлийн хүрээлэн гадны төсөл хөтөлбөртэй хамтарч дотоодын үйлдвэрүүдийг дэмжсэн үйл ажиллагааг мөн явуулдаг. 2014 оноос хүрээлэн санаачлаад Голландын Засгийн газартай хамтарсан хөгжиж байгаа улс орнуудын экспортыг дэмжих төсөлд хамрагдан ноолуурын үйлдвэрт цоо шинэ зүйлийг нэвтрүүлэхээр ажиллаж байна.

Өнөөдөр манай ноос ноолуурын үйлдвэрүүд дандаа хувцас л хийдэг. Гэтэл өндөр хөгжилтэй улс орнууд гэр орны тав тухыг их өндөрт тавьдаг болсон учраас ноолууран гэр ахуйн эдлэлийг маш их сонирхох болсон. Ноолуураар бүтээсэн диваан дээр сууж, ноолууран хөнжилд хэвтэж, ноолууран нөмрөг нөмрөхийг хүсч байна. Учир нь ноолуур тансаг байдлаас гадна янз бүрийн хортой хий, техникээс ялгардаг хортой туяаг шингээж авдгийг эрдэмтэд илрүүлчихсан. Тийм чанарыг ашиглаад тав тухтай, тансаг байхын тулд ноолууран гэр ахуйн эдлэлийг сонирхож байна.

Гэр ахуйн нэхмэлийг хөгжүүлэх гэдэг шинэ төслийг дөрвөн жилийн хугацаатай хэрэгжүүлэх бөгөөд одоогоор найман компанийг хамруулчихсан. Яг одоо Германд болж байгаа Олон улсын гэр ахуйн нэхмэл бүтээгдэхүүний үзэсгэлэнд үйлдвэрлэгчид болон манай эрдэм шинжилгээний ажилтнууд оролцож байгаа. Бид найман жилийн дараа гэхэд жилд гэр ахуйн нэхмэл бүтээгдэхүүнийг 1,4 сая евротой тэнцэхүйд хэмжээнд үйлдвэрлэх зорилт тавьсан.

-Ноос ноолууран бүтээгдэхүүн үйлдвэрлэлд одоо юу хэрэгтэй вэ?

Гадна дотны судлаачид монголын ноолуураар бүгдээр нь эцсийн бүтээгдэхүүн гаргавал энэ олон уурхай хэрэггүйгээр хүрэлцээтэй хөгжинө гэдэг. Яагаад гэвэл Хятадын хүн ам өсч амьдралын түвшин дээшилж байгаа учраас ноолууран бүтээгдэхүүнийг их сонирхож авч байна. Экспортыг сонирхохгүй гэсэн. Хятад гаргахгүй бол бид Япон руу, Франц, Англи Герман руу гаргахад хангалттай их зах зээл байна. Одоо Киргиз, Казахстан, Афганистаныг хөгжүүлэхийн тулд ноолуур, ямааг нь өсгөх хэрэгтэй гэж гарцаа тодорхойлж байна гээд боддоо. Гэтэл тэдний эхэлж байгаа түвшин манай түвшин хол зөрүүтэй. Тиймээс бид энэ зах зээл дээр тоглох ёстой.

Монгол улсын ноолуурын үйлдвэрлэл гурав дах үедээ орох ёстой. Нэгдүгээр үед үйлдвэрийг бари асуудал байсан, хоёрдугаар үед олон үйдвэрүүд бий болсон, одоо гуравдугаарт нарийн даавуу үйлдвэрлэж, костюм хийдэг бол үйлдвэрийн түвшин дээшилнэ гэсэн үг. Одоо бол пальто л хийж байна.

-Ярилцсанд баярлалаа.